Анги нь нэмэгдэх тусам үнэ нь хямдардаг солонгос савангийн дууриудад эзлэгдсэн монголын телевизүүдийн “эмгэнэл”
2014/04/04
Би монгол улсад ардчилал ялахтай зэрэгцэн төрсөн хүн. Өдгөө 24 нас хүрч буй ардчилалтай нас чацуу нэгэн. Намайг бага жаахан байхад айл бүрт түнтгэр шилэн нүүртэй бор дөрвөлжин авдар шиг телевиз байдаг байсан санагдана.
Тэр үед одоо суваг болгоноор гардаг шиг солонгос сериалууд гардаггүй харин цэнхэр нүдтэй, өндөр хамартай, шар царайтай хүмүүсийн тоглосон кинонууд үе үе гардаг байлаа. Тэр үеийг бодоход одоо манай телевизүүдээр Холливуудад нээлтээ хийсэн халуухан, европ, америкийн кинонууд гарахаа больж чухам солонгос, хятад сериалууд зарим телевизүүдээр орос, америкийн олон ангит кинонууд давамгай гарах болжээ. 21 дүгээр зууны эхээр төрсөн хүүхдүүд хэрвээ интернэт гэгч байгаагүй бол солонгосын колончлох бодлого болсон “солонгос сериал”-уудад бүрэн автах байсан биз ээ. Ингэж өөрчлөгдсөн нь сүүлийн жилүүдэд зохиогчын эрх хурцаар тавигдах болсонтой холбоотой бөгөөд хуучин цагт дэлхийд шинээр нээлтээ хийсэн кинонуудыг тодорхой гэрээ хийн мөнгөөр худалдан авалгүйгээр шууд цацдаг байсан бол өдгөө хамгийн хямдхан нь солонгос, хятад, тайвань улсын кинонууд харин европ, америкийн кинонууд манай телевизүүд авч дийлэхээргүй өндөр үнэтэй байдаг болжээ. Зарим үед солонгос сериалууд соёлын солилцоо гэх нэрийдлээр олон ангит сериалуудаа үнэгүй өгдөг байна. Энэ талаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй зарим телевизүүдийн продюсер, кино албаны мэргэжилтэн, маркетингийн мэргэжилтнүүдтэй санал солилцон хүүрнэлдсэнээс дүгнэн буулгалаа. Энэ асуудалд нэн түрүүн оюуны өмчийн асуудал яригдах тул олон талаас харах шаардлагатай.
Дээхэн үед бүхий л улс орны кинонууд гардаг байсан нь яалтачгүй оюуны өмчийн эрхгүйгээр гаргаж байсантай холбоотой. Монгол гэлтгүй оюуны өмчийн тал дээр хайнга ханддаг улс орон олон байдаг. Манай улсад эхэндээ хэдхэн телевиз сувгууд байх үед хүссэн хүсээгүй хэдхэн сувгаа эргүүлэн үздэг байсан. Тухайн үед тэр бүр хулгайлаад байдаггүй байсан ба тэгэх шаардлагагүй буюу манай телевизүүдэд идэвхи байдаггүй байсан. Учир нь хүссэн хүсээгүй хүмүүс телевиз үзэхээс өөр арга байхгүй. Интернэт гэгч байгаагүй бөгөөд хэдхэн телевиз байсан нь тэднийг сул идэвхигүй байдгаж байжээ. Харин телевиз сувгийн тоо нэмэгдсэнээр тэдний хооронд өрсөлдөөн бий болсоноор киноогоор бөмбөгдөж эхэлсэн. Энэ үед нэгэн сайхан савангын дуурийг нэг телевиз нь гаргаж хүмүүс хушуурч эхлэх үед өөр нэг телевиз нэг дор бүх ангийг нь гаргах жишээтэйгээр холион бантан болж байлаа. Магадгүй шудрага бус өрсөлдөөн гээч нь энэ гэлтэй. адилхан хулгайлсан уу? аль нэг нь хулгайлсан уу? нэг зэрэг эрхийг нь худалдаж авсан уу? энэ үеэс л албан ёсны эрхтэйгээр гэхчлэн кинонууд гарч эхэлсэн. Эхэн үедээ худалдаж авах бус соёлын солилцоо, тухайн улс орны соёлыг сурталчилан танин мэдүүлэх гэдэг нэрийдлээр ер нь л үнэгүй шахуу авч байсан. Харин одоо үнэ хаялцан гадны соёлыг сурталчилж байна. Үүнд дийлэнхи нь солонгос, хятад, япон гэхчлэн манай улс оронтой ойр байдаг улс орнууд багтана. Харин америк английн кино тэр болгон байхгүй.
Учир нь тэдгээр улс орнуудтай манай телевизүүд тэр болгон холбоо тогтоож уулзаж, тохиролцох гарцаа олоогүй дээрээс нь өндөр зардалтай төдийгүй монголчууд маань солонгос савангийн дууриудыг үзсээр байгаад бусад орны сериалыг тэр бүр ойлгож хүлээж авахгүй болсон гэлтэй. Гэтэл энэ дунд манай орны уран бүтээлчдийн хийж буй кино аль хавьд нь явна вэ? Үнэндээ заримдаа эвгүй байдаг. Ямар нэг киноны монгол хувилбар жоохон болхи хийсэн ч юмуу, ийм сэтгэгдэл ихэнхдээ төрдөг. монголд гэлтгүй дэлхий дахинд солонгос сериал хүчтэй өрсөлдөж байна. Тийм болохоор бид үзэх нь буруу биш. Үзүүлэх нь ч буруу биш. Үзэгчид хуучин цаг шиг телевизээр гарч л байгаа зүйлийг үзэх биш хүссэн зүйлээ сонголт хийн үздэг болсон болохоор телевизээр биш юмаа гэхэд интернетээс татаад л үзчихнэ.
Харин бидний тэр бүр мэдэхгүй олон орны кино уран бүтээлүүд байгаа. Тэр болгоныг олж үзүүлж сонирхолыг нь татаж чадвал зөвхөн нэг орны соёл сурталчилагдахгүй байх өндөр давуу талтай. Монголын кино урлагт нөлөө бүхий нэг хүн хэлж байлаа "Монголчууд кино хийх хэрэг байхгүй шдээ. тэртээ тэргүй үзэх киноог нь солонгосчууд хийгээд өгч байхад" гэж хэлэхэд нь ууралж ундууцах сэтгэл төрж байсан ч үнэн үг шиг санагдсан. Бидний тархийг хөгжүүлэх биш нэгэн бяцхан тойрогт оруулчихдаг хэмээн муулаад байгаа солонгос сериал нь яалтачгүй хамгийн олон үзэгчид үзэж сонирхож байгаа, түүнийгээ дагаад телевизүүд аль болох олон үзэгч татахын тулд ашигладаг харьцангуй хямд үнэтэй “ҮЗВЭР” болсон тул ардчилсан нийгэмд хориглож дийлэхгүй гэлтэй. Харин бид өөр сонирхолтой зүйл хийж, эсвэл сэдэж олж байж энэ асуудлыг тэнцвэржүүлж чадна. Мэдээж аль ч телевизүүд ашгийн төлөөл байдаг. Тиймээс хамгийн рейтинг өндөртэй, сонирхолтой үзэгчдыг зурагтных нь өмнө уяж чадах киног авч хүргэхийг зорьдог.
Харин холливудын шинэхэн гарсан бокс оффисыг тэргүүлж буй киног интернет, кино театр, видео порокат, гар дээрээс л олж харах болсон. Нэг бодлын зохиогчын эрх ашгийг хамгаалдаг орны хэлбэрт шилжсэн. Кино театр бол яалтачгүй албан ёсны эрхтэйгээр дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэдэг төдийгүй, манай улс шиг залуучууд нь цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс оронд кино театруудад телевизүүдээр нь хүсээд ч гаргаж чадахгүй байгаа кинонуудыг гаргаж маш их ашиг олох болсон. Энэ нь залуусын цагийг зугаатай өнгөрөөх үр дүнтэй бөгөөд нилээдгүй ашигтай бизнес болж байгаа юм. Үүнд зохиогчын эрх нилээдгүй давуу тал болж өгч байгаа юм. Хэрвээ бид өмнөх шигээ дэлхийд нээлтэй хийгээд удаагүй байгаа кинонуудыг телевизийн хөтөлбөрөөсөө шилэж сонгож байгаад л үздэг байсан бол кино театрууд арай өөр шинэлэг зүйл сэдэх байсан эсвэд огт байхгүй байх байсан биз ээ. Харин телевизүүдын хувьд кино театруудаар гарч дууссаны дараа гаргаж эхэлдэг. Зэрэгцээд гаргачихвал кино театр ашиггүй болно. Дээрээс нь дөнгөж нээлтээ хийсэн даруйдаа өндөр үнэтэй байдаг нь телевизүүдийн киногоо авах гэж зарцуулсан мөнгөө нэг удаа телевизээр цацаад эргүүлэн олж чадахгүйтэй холбоотой ба телевизүүпийн гол ашиг болох реклам цацуулагчид ч рекламаа давтаж гарсан кинон дээр цацуулахгүйтэй холбоотой.
АНУ-аас кино авахад 3000 ам.доллар орчим байдаг. Харин солонгос киног 180-500 ам.долларын хооронд авдаг байна. Ингээд бодохоор телевиз шинэхэн холливудын халуухан киноог гаргах нь ашиггүй. Харин хямд үнэтэй болох үед нь авч гаргадаг. Энэ бол зохиогчийн эрхийн дагуу шудрага өрсөлдөж буй хэрэг. Иргэд бид ч бас оюуны өмчийг дээдлэх нь зүйтэй. Цаашлаад манай улс орны уран бүтээлчидийн ч эрх ашиг яригдах учир бид оюуны өмчийг дээдэлж хууль дүрмээ биелүүлэх ёстой.
А.Алтанзул