Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлтэй хамааралтай аппликейшны тоо замаа алдсан байна.

Бараг байгууллага бүр дотооддоо болон иргэдэд чиглэсэн ашиглалт багатай аппликейшн хийгээд хөгжүүлэлт хийдэггүй орхидог.

Эдгээр аппликейшны хийх зардлыг төсвийн мөнгөнөөс гаргадаг. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг энэ муухай зангаа болих хэрэгтэй. Тиймээс эргэх холбоо сул, цуглуулсан дата бага, хэрэгцээгүй аппликейшныг цөөлнө.

Эдгээр аппликейшны дата мэдээлэл нь нэг системд төвлөрдөггүй, ямар ч үр дүнгүй салангид системүүд байдаг. Шалгалт оруулж, давхцалыг нь арилгаж, шаардлагагүйг нь системээс гаргана” гэдгийг хэлж байсан юм.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлага, мэдээлэл технологийн асуудал хариуцсан албан хаагчид, хариуцагч байгууллагын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл технологийн салбарын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Уулзалтын эхэнд хиймэл оюун ухаан, түүний хэрэглээний талаар “Чимэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бадрал мэдээлэл өгөв. 2023 онд ChatGPT гарснаас хойш дэлхийн талаас илүү буюу 5 тэрбум хүн ашиглаж байгаа аж.

Дэлхийн дахинд бүх компани AI ашиглаж эхэлсэн бөгөөд энэ салбарт улс орнууд уралдаж эхэлсэн. Мөн төрийн байгууллагуудад хиймэл оюун ухаан ашигласнаар урт хугацаандаа хэмнэлт гарна. Хиймэл оюун ухааныг баримт бичиг боловсруулалт, өргөдөл гомдол, харилцагчийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, төсөв, худалдан авалтад ашиглах ашиглах боломжтойг Чимэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бадрал хэлж байв.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн удирдлагын баг төр, захиргааны байгууллагуудын программ хангамж, мэдээлэл технологийн салбарыг шинэ шатанд гаргахыг зорьж байна. Биднийг ажил аваад нийслэлд ирэхэд давсыг портер дээрээс хүрзээр цацдаг байсан. Хугацаатай, төлөвлөлт гаргаж ажилласны үр дүнд нийтийн тээврийн салбар болон хот нийтийн аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийлээ.

Удахгүй бид халтиргаа гулгаанд давс хэрэглэхээ болихыг зорьж байна. Нисэх онгоцны буудлын нисэж, буух зурвас дээр цацдаг бодисыг хэрэглэж эхэлсэн. Байгаль орчинд төдийгүй бидний гутал, автомашины дугуйнд сөрөг нөлөөгүй, хүйтэнд хайлах чадвар өндөртэй. Тэгвэл цаашид нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ. Ингэхдээ хувийн хэвшилтэй хамтарч ажиллана.

Мөн НЗДТГ-ын 2026 оны төлөвлөгөөнд уг ажлыг тусгаж, шаардлагатай төсвийг төсөвт суулгана. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд мэдээлэл технологийн салбарт бодлогын баримт бичигтэй болж, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж эхэлнэ. Ингэснээр нэг шат ахиж, Улаанбаатар хотын дата мэдээллийг нэг дор нэгтгэх боломжтой болно” гэдгийг хэллээ. 

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ