Гэрээгээ биелүүлээгүй аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгов
2014/04/06
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар 2003 оноос хойш иргэн, хуулийн этгээдэд төрийн байгууллагатай хамтруулан олгосон газар эзэмших эрхийн дагуу газрын эрхийн дуудлага худалдааны үнийг төлж гэрээгээ шинэчлэх хугацаа энэ оны өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсонтой холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгжийн газрын асуудлын талаар хэлэлцжээ.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээлснээр 2003 оноос хойш иргэн, хуулийн этгээдэд төрийн байгууллагатай хамтруулан 261 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 2235,7 га газрын эрх олгосон байдаг байна. Эдгээр иргэн, аж ахуйн нэгжид 2013 оны 3-р сарын 15-наас 2014 оны 3-р сарын 31-ний өдрийг хүртэл хамтран эзэмших гэрээ, холбогдох хуулийн дагуу газрын эрхийн дуудлага худалдааны үнийг төлөх хугацаа олгосон бөгөөд энэ хугацаанд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эздэд 2 удаа мэдэгдэл хүргүүлж, өдөр тутмын зарим сонинд гэрээгээ биелүүлэх хугацаа дуусгавар болж байгаа талаар удаа дараа анхааруулсан мэдэгдлийг хийжээ.
Гэвч заасан хугацаанд 70 иргэн, аж ахуйн нэгж байгууллага газрын дуудлага худалдааны төлбөрөө төлөөгүй, 21 аж ахуйн нэгж газар эзэмших, ашиглах эрх олгох тухай шийдвэр гарсан боловч газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ аваагүй, гэрээ байгуулаагүй гэх зөрчил гаргажээ. Тиймээс нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/257, А/258 дугаар захирамж гаргасан байна. Захирамжийн дагуу 91 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Ийн нийслэл өөрийн өмчдөө эргүүлэн авахаар болж байгаа юм.