Сүүлийн  үед бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх байдал ихэссэн.

Хүүхдийн төлөө үндэсний газар хэмээн том нэртэй байгууллагын харъяа байдаг Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг татан буулгахаар болжээ.

Улмаар тус газрын бүтэц, орон тоо үндсэн болон эргэлтийн хөрөнгө, төсвийн хамт Хүүхдийн төлөө үндэсний газрын харъяа Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвд шилжүүлэнэ гэх.

Монголд хүүхдийн гэх тодотголтой байгууллага хэд байдаг болоод өдгөө хамгийн том газрын харъяа газрыг татан буулгаж буйгаа эрх мэдэлтнүүд мэдэж байгаа болов уу гэдэг нь эргэлзээтэй.

Өдөр ирэх тусам хүүхэдтэй холбоотой гэмт хэргүүд шил даран гарч, хэдэн арван хар дэвтэр дүүрэх болоод байгаа өнөө үед ийм шийдвэр гаргах нь хэр тохиромжтой вэ?. Ёстой л нөгөө төр төмөр нүүрээ харуулж байна гэдэг зүйл нь болж байх шиг. Эрх мэдлээрээ "хүүхдийн гэх" болгоныг булааж, тэднээс том гэдгээрээ ялгарч, өөрсдийнхөө дуу хоолойг олон нийтэд хүргэж чадахгүйгээр нь далимдуулж байна.

"Хүүхэд"-гэх энэ эрхэмүүдийг арай л дорд үзээд буй бололтой! Тэдний өмнөөс шийдвэр гаргаж тэднийг хөдөлмөр эрхлүүлж, хүчирхийлэлт өртөж байхад нь төр нөмөр нөлөөг үзүүлж ч чадахгүй суугаа. Тийм байж тэднийг гэх байгууллагуудын тоог цөөлөх учир шалтгаан байна уу.

Эрхэлж инээд хөөр баяраар дүүрэн алхах ёстой бяцхан үрс минь биедээ ахадсан зовлон амссаар...

Баримт нэг: “Хүүхдийн эрхийг хамгаална” гэж том дуугардаг хэрнээ согтуу эцэгтээ хүйтэн мэсээр сийчүүлсэн хүүхдийн эрхэнд халдаж, зургийг нь олон нийтэд дэлгэн, хүүхдийн аюулгүй байдал, нэр нүүрийг нь хамгаалаагүй.

Баримт хоёр:  Баярсайхан гэгч дунд ангийн 20 гаруй охидыг хүчирхийлжээ. Тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд амьдардаг 40 гаруй настай бөгөөд “Зөв амьдрах ухаан” нэртэй лекц, уншиж өгнө хэмээн хуурч, мэхлэн гэртээ авчирдаг байсан хэрэгтэнг илрүүлсэн. Тэрбээр 17 настай төрсөн хүүтэйгээ хамт амьдардаг бөгөөд 20 гаруй хүүхэд түүний хүчирхийлэлд өртсөн.

Баримт гурав: Төрсөн эцэгтээ олон  цагийн турш хазуулж,  тамлуулсан 2 настай охин, 8 настай хүү олон жил аавынхаа зодуур дунд амьдарсан. Сэжигтэн Д  өнгөрсөн хугацаанд эхнэр хүүхдээ байнга дарамталдаг байсан аж.

Ийн  хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн цуваа үргэлжлэнэ үү гэхээс тасрахгүй нь харамсалтай. Хүүхдийг хүчирхийлэгч нар өөрсдөө хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртөж, олон хүмүүс өөрсдийн хүсэл тааллын төлөө тэднийг ашигладаг.  Тэднийг өөрсдийн нөмөр нөлөөгт байлгаж, гэмт хэрэгтнүүдээс хамгаалан байх ёстой газар татан буугдаж буй нь энэ нийгмийн эмгэнэл.

Бүхэл бүтэн хүүхдийн төлөө үндэсний төв гэх газартай байж хүүхдийг хүчирхийлэлээс хамгаалж чадахгүй, тэдний эрхийг хамгаалж, дуу хоолой нь болж чадахгүй байна гэдэг бас л гутамшиг. Бид бүхний ирээдүй, монголын ирээдүйг томчууд бид тэднийг гэх тодотголтой байгууллага хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалахгүй ёстой вэ. Төр төмөр нүүрээ "хүүхдүүдэд" гаргаж болохгүй л баймаарсан.

 

Х.Даваа