Ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах өргөдөл их иржээ
2014/04/06
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 1-р улирлын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтад иргэдээс 2014 оны 1-р улиралд нийт 28949 өргөдөл, гомдол ирүүлснээс 26503 өргөдөл буюу 91,6 хувийг шийдвэрлэж, хариу өгсөн аж. Эдгээрийг шийдвэрлэсэн байдлаар ангилвал Лавлагаа, мэдээллийн төв-1200 утсаар 1344, ub1200.mn цахим хуудсаар 201, Засгын газрын 11-11 төвөөр 2123, Иргэд хүлээн авах төвөөр 2960, Нутгийн захиргааны байгууллагууд 4024, Smart UB аппликейшнээр 8 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байна.
Нийт өргөдөл, гомдлын дийлэнх нь Ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах тухай, Дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтийн тухай, Барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх тухай зэрэг асуудлаар иргэд ханджээ.
Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг аль болох цөөн шат дамжлагаар шийдвэрлэхийг зорьж байгаа гэнэ.