Өнөөдөр Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцэх хурал болно

“Гал үндэстэн” холбооны  Ц.Мөнхбаяр нарт шүүхээс 22 жилийн хорих ял оноосон. Зандалчилсан, тэсэрч, дэлбэрэх бодис хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн, авлига авахаар дарамталсан хэрэгт шүүх түүнийг буруутгасан юм.

Нэгэнт л гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол хуулийн өмнө хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Хийсэн хэргийнхээ төлөө хэн ч бай хариуцлага хүлээж, хуулийн дагуу гэмээ үүрэх ёстой. Гэхдээ шүүхийн шийдвэр уян хатан баймаар. Ийн хэлэхийн учир нь Ц.Мөнхбаяр урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан нарт шүүхээс 21.6 жилийн хорих ял ногдуулсан явдал нь олон хүний дургүйцэл, эгдүүцлийг төрүүлээд байгаа юм.

Түүнийг дэмжигчид "Хүн алж, хүрээ талаагүй байж 21 жилийн ял авсан нөхрийнхөө төлөө" хэмээн өчигдөр төв талбай дээр тайван жагссан.  Харин өнөөдөр  эл хэргийг Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцэнэ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 22 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгаад байгаа юм. Энэхүү ялыг шүүгчдэгчид болон тэдгээрийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид эсэргүүцэн ийнхүү давж заалдах шатны шүүхэд хандсан юм. “Гал үндэстэн холбоо” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ар гэрийнхэн өнөөдөр Нийслэлийн шүүхийн үүдэнд суулт зарлаж, шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэж мэдэгджээ.

                                                                 Ц.Мөнхбаяр гэж хэн бэ?

"Онги" голын хөдөлгөөнийг анх санаачилж олон жилийн тэмцсэн нэгэн. …1990-ээд оны дундуур Дундговь аймгийн “Ардчилсан холбоо” эвслийн штабт ажиллаж байсан. Тэрбээр ардчиллын үнэт зүйлийг хамгаалах, түүний төлөө тэмцэх үзэл бодолтой. Орон нутгийн сонгууль болоход сумынхаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон хоёр бүрэн эрхийн хугацаанд сонгогдон ажиллаж байсан аж. Аймгийн ИТХ-д хэд хэд сонгогдсон гэдэг. Ийнхүү ажиллаж байхдаа гадна дотны төсөл хөтөлбөр олныг олж сум орноо хөгжүүлэхэд зориулж , иргэдийнхээ төлөө дуугардаг, тэдний эрх ашгийн төлөө хэнээс ч айхгүй үгээ хэлдэг, тэмцдэгээ ч харуулж чадсан хэмээн түүнийг ард иргэд нь үнэлдэг.

Тэрбээр 2007 онд Дэлхийн байгаль хамгаалагчдын "Goldman Environmental Prize" нэр хүндтэй шагнал авч 150 мянган доллар хүртсэн. Мөн National Geographic сэтгүүл түүнийг ундны усыг хамгаалагч шилдэг дэлхийн хүнээр 2007 онд шалгаруулж байсан юм.

Ц.Мөнхбаярын ээж нь Онги голыг бохирдуулсан алтны уурхайн хаягдалтай усыг ууснаас болж хордож нас барсан гэдэг. Мөн түүний хүү хордож өвчилсөн аж. Энэ бүхэнд бухимдаж аргаа барсан малчин эр "Онги" голыг хамгаалах хөдөлгөөн байгуулж тэмцсээр Онги голын эх ундарга дээр алт ухсан олон компанийг хаалгаж ширгэсэн голоо дахин урсгаж чадсан билээ.

Тиймээс түүнд дээрх шагналуудыг хүртсэн байна. Гэтэл өнөөдөр үүнийг нь мартаж, унаган байгалиа онгон тагшинаар нь авч үлдэж чадахгүй  юм аа гэхэд одоо байгаагаар нь үлдээхийг хүссэн түүний тэмцлийн төлөө 21,6 жилийн ял оноож буй нь тун харамсалтай. Уул нь нэг ч гэсэн тэмцэгч байх л хэрэгтэй юмсан. Үүнээс хойш амь насаараа дэнжин тавьж гол горхи, нуур шандаа хамгаалах тэмцэгч байх болов уу, төрөх болов уу гэдэг нь эргэлзээтэй.

Х.Даваа