ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Өчигдөр нийтдээ 228 хүнд коронавирусний  шинжилгээ хийгдсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 6, бусад лабораториудад 155, Улаанбаатар хотын дүүргүүдээс тандалтаар шинжилгээ авсан  33 хүнээс авсан сорьцноос вирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочоос авсан шинжилгээгээр коронавирус илрээгүй” гэлээ.

Мөн тэрбээр Франкфуртийн нислэгээр өнөөдөр өглөө Улаанбаатарт буусан иргэдийг эрүүл мэндийн байдлаар эрэмбэлэн байрлуулах ажил ид явагдаж буйг онцоллоо. Олон улсаар дамжиж ирсэн иргэд учраас эрсдэл өндөртэй, тиймээс сайтар анхаарал хандуулан ажиллаж байна гэв. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл 

"Коронавируст халдвараар дэлхий даяар 3.5 сая хүн халдвар авч, 2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 924 хүн ажиглалтад байгаа. Өчигдөр 115 хүн гэрийн ажиглалтад шилжсэн.  Өнөө өглөө ирсэн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоц газардсан. Тус онгоцоор ирсэн иргэдийг эмнэлэг, зочид буудал, сувилалуудад хуваарилах ажил үргэлжилж байна. 

119 дугаарт өнгөрсөн хоногт 180 дуудлага ирсэн. Гадаадын гурван улсаас иргэд холбогдож, эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл ямар дэглэм барих талаар зөвлөгөө авлаа. Мөн иргэдийн зүгээс үйлчилгээний газрууд 00:00 цаг хүртэл ажиллан, иргэд амны хаалтгүй үйлчлүүлж байгаа талаар мэдээллүүд өглөө. Иргэддээ тогтмол амны хаалтаа зүүхийг зөвлөж байна" гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд хэллээ