Р.Дагва: Улаанбаатар хотын дэргэд “эдийн засгийн чөлөөт бүс” байгуулахад тохиромжтой
2020/06/10
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “L.A.B 2” Төрийн Бус Байгууллагын ээлжит зангиагүй, чөлөөт уулзалтад урилгаар оролцлоо. “L.A.B 2” ТББ нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцан, санал солилцож, холбогдох байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд саналаа тусгадаг ажээ. Тэд өмнө нь Улаанбаатар хотын зам тээврийн хөгжил, газрын үнэлгээ, сэргээгдэх эрчим хүч, хотын инноваци зэрэг асуудлын талаар ярилцсан бол энэ удаа хотын эдийн засгийн талаар санал бодлоо солилцсон юм.
Улаанбаатар хотод яагаад жил бүр халуун тасардаг вэ? Энэ нь хотын буруу төлөвлөгөө болон төсөвтэй холбоотой. Мөн хотын төвдөө бүхий л ажлын байр нь байршиж байгаа нь замын түгжрэлийн бас нэг шалтгаан. Дагуул хот буюу чөлөөт бүсийг байгуулах, Улаанбаатар хотыг санхүүгийн болон захиргааны эрх мэдэлтэй болгох шаардлагатайг хот төлөвлөлт, барилгын инженер, архитектур, эдийн засагч зэрэг мэргэжилтэй залуус хэлж байв. Монгол улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдарч байна. Гэхдээ улсын төсвийн 10 хүрэхгүй хувийг хотын төсөв эзэлдэг. Ингээд тооцвол нэг хүнд ноогдох хөрөнгө оруулалт Улаанбаатарчуудад хамгийн бага. Мөн гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын 80 хувийг уул уурхайн компаниуд, 10-20 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг. Гэтэл уул уурхайн компаниуд нийт ажлын байрны 4 хувийг эзэлдэг ажээ. Иймээс дагуул хот буюу чөлөөт бүс байгуулж ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэйг эдийн засагч Б.Дөлгөөн онцолж байсан юм.
Чөлөөт уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэл хот ДНБ-ний 67 хувийг эзэлж, хүн ам болон эдийн засгийн төвлөрлийг бий болгосон. Үүнийг хотын эдийн засгийг өсгөх нэг боломж гэж харах хэрэгтэй. Энийг дагаад Улаанбаатар хотын дэргэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад тохиромжтой, үр дүнд хүрэх боломжтой бодит зүйл. Чөлөөт бүс байгуулснаар ажлын байр нэмэгдэж Улаанбаатар хотын хөгжлийг нэг шатанд ахиулна гэдгийг онцоллоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ