Өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр төрсөн эцэг нь хоёр хүүхдээ хазаж тамлан зовоосон хэрэг гарсан билээ. Тэгвэл хүүхдүүдийн ээж Т "Хүчирхийлэгчийг бус хүүхдээ сонго" нийтлэлийг бичсэн бөгөөд түүний энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Хүчирхийлэгчийг бус хүүхдээ сонго

“Гэр бүлийн хүчирхийлэл” энэ үгийг хашилтанд хийн байж таньд өөрийн бодлоо хүргэж байна. Хүчирхийлэлд та өртөж үзсэн үү? “Хэн нэгэн хүний байнгын дарамтанд байж, өөрөөрөө биш хүчирхийлэгчийн хэлснээр толгойгүй мэт амьдрах”.  Тийм ээ би яг ийм байдлаар амьдарч ирсэн. Олон хүн хашилтанд байх үгийн цаадах амьдралыг мэдэхгүй учраас ойлгохгүй байгаа нь лавтай. Хэрвээ би ийм амьдралыг туулаагүй бол хэн нэгний тухай сонсоод “Хүүе болиоч. Тэнэг юм шиг амьдрах ямар хэрэг байнаа” гэж хэлэх байсан болов уу. Арван хоёр жил ........ Эдгээр жилүүдэд би тэвчиж, уучилж иржээ. Яагаад гэж одоо өөрөөсөө асууж байна. Миний найз надаас ярилцлага авч түүнийгээ буулгаад хар даа гээд өглөө. Би уншаад л өөрийгөө олж харсан. Хүн бүр “Ингэж амьдрахаа болиоч” гэж хэлэхэд нь зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг байснаа эргэн санаж байна. Хүүхдүүдээ бодоод уу, эсвэл өөрийгөө юу, нэг бол хүчирхийлэгчийг үү? 

    Өдөр бүр хардуулж, нүдүүлж, хүүхдүүддээ хандаж буй бүхнийг нь дотроо өмөөрөөд хараад суудаг байсаан би. Тийм,  миний буруу. Гэхдээ хүмүүс ч тэр, би ч ялгаагүй өнөөдрөөрөө амьдарсаар байсан. Худлаа үгэнд нь хууртсаар, хууртсаар, тэнэг уучлал, тэнэг тэвчээр үргэлжилсээр............. 

    Хүчирхийлэлд өртөгч нь тухайн байдалдаа автсан байдаг гэдгийг олон хүний ярианаас ойлгож байна. Бүүр ойр тойндоо ортол. Заримдаа түүнд нь автан худал хардсан асуудал үнэн мэт бодогдож байсан удаатай. Тэгэхээр дарамтнаас гарч, салж чадахгүй, өөрчлөлт хийн тусдаа байх зориг дутдаг байсан болов уу. Энэ бүхнийг тунгааж, өнгөрснөө эргээд бодож байгаа нь өнөөдөр юу болсон бэ гэдэгтэй холбоотой. Өнөөдөр хүүхдүүд минь хэрцгий тамлалыг амссан, биеийн шарх нь эдгэж байгаа ч сэтгэл..... Насан туршдаа яргаллаас үүдсэн айдастай амьдрах болоод байна.

    Би өөрийн амьдралаа нуршихын учир нь яг одоо та хүчирхийлэл дарамтанд байгаа бол амьдралдаа өөрчлөлт хий гэж зөвлөх гэсэн юм. Эмэгтэйчүүд бид хүчирхийллийг даван туулах тэвчээр хатуужилтай байдаг ч хүүхдээ хамгаалах үүрэгтэй гэдгээ сайн санаарай. Дарамтанд орж, түүнээсээ гарах тэнхэлгүй байлаа ч маргааш үүсэх эрсдлээс сэргийлж өнөөдөр зөв алхам хийгээрэй. 

    Үүний тулд маш их зориг бас маргаашдаа итгэх итгэл хэрэгтэй юм байна. Надад ийм зүйл байдаггүй болохоор л хүүхдүүддээ аймшиг гэдгийг мэдрүүлсэн. Таньд бас эргэлзээ төрж байгаа нь лавтай. Хүүхдээ дагуулаад тусдаа байна гэж бодоход амьдралаа яаж авч явах вэ гэдгээс эхлээд асуудлууд ар араасаа гарч ирнэ. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл дарамт яван явсаар амь насанд халдах эрсдэл дагуулж байдаг гэдгийг сүүлийн үед илэрч байгаа олон хэргүүд гэрчилсээр... Гол бидэнд нь амар тайван амьдрал хэрэгтэй юм байна. Ойлгосон хүний хувьд таниас гуйж байгаа минь энэ. Хүүхдээ хамгаалж ирээдүйн сайн Монгол хүн, Монгол иргэнийг бэлтгэх нь бидний үүрэг учраас таньд өөрт тохиолдсон явдлаас сургамж авснаа хүргэж байгаа юм. 

    Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт хэн буруутай вэ? Хөрш айлынхан мэдсэн хэрнээ чихээ таглан суугаа нь уу, хорооны нийгмийн ажилтнууд ажлаа муу хийж байгаа нь уу, төр засгийн бодлого буруу, хууль сул байгаа нь уу? Миний бодлоор би, бид өөрсдөө нуун дарагдуулж байгаа нь хамгийн том буруу. Ихэнх хүчирхийлэгчид өөрийгөө ямагт зөвтгөдөг. Чамаас болж, тэрнээс болж би ингэж амьдарч байна. Тийм учраас би ууж агсам тавьдаг гэхчилэн. Бид ч бас энэ үгэнд нь автан заримдаа өөрсдийгөө буруутгадаг. Надтай адил олон эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцсаны хувьд ийм яриаг их сонссоон. Уучлаарай хүн болгон таныг буруутгаж байхад дээр нь давс нэмэхийг хүсэхгүй л байна. Сайн сайхныг төсөөлөн бодож өнгөрсөндөө биш ирээдүйдээ амьдрах боломжтой гэдгийг саяхан ойлгож, бид ийм алдаа гаргаж байгааг ухаараасай гэсэндээ ийн илүү үглэнэм. 

Бидний талд зогсох хүн, хамгаалах байгууллага хаана байна вэ? Таньд зөвлөхөд Хүчирхийлэлтэй Тэмцэх Үндэсний Төв таны асуудлыг хэрхэн шийдэх талаар зөвөлгөө өгдөг юм байна. Хүүхдийн Төлөө Үндэсний Газарт хандаж хүүхэд хамгаалах асуудлаар ярилцах боломжтой. Хүчирхийлэлд өртөж гэмтэл бэртэл авсан тохиолдолд ГССҮТөвд Нэг цэгийн үйлчилгээ байдаг, тэнд хүүхдүүдтэйгээ байршин эмчлүүлэх боломжтой юм. Одоохондоо миний харилцаж байгаа газрууд гэвэл энэ хэд л байна. Мөн намайг болон миний хүүхдүүдийн төлөө хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа “Лантуун дохио”-гийн залуучууд хамтдаа алхаж байна. Ялангуяа хүнд хэцүү цагт хэн ч анзаарч тоохгүй үед тусалсан Ч.Ганжавхландаа хүүхдүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Бидний төлөө зүрх сэтгэлээрээ дэмжиж тусалсан олон хүмүүст үнэхээр их баярлалаа.

    “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” гэж их ярьдаг болсон ч хийж буй нь өөр юм шиг санагдана. Гэхдээ үүнийг давж харцгааж, өөрийнхөө гарт амьдралаа атгая. Үнэндээ тэд бидний төлөө амьдралд минь орж ирж чадахгүй. Та, би хүүхдийнхээ болон өөрийнхөө төлөө үүнийг эсэргүүцэн таслан зогсоох боломжтой. Биднээс өөр ямар ч хүн амьдралыг минь өөрчилж чадахгүй. Таньд үнэхээр урам өгмөөр байна. Өөрийгөө болон хүүхдээ хамгаалцгаая. Хүчирхийлэгчийг даврааж нуун дарагдуулах нь түүнийг бүүр өөгшүүлж дэмжиж байдаг юм байнаа. Миний ойлгосон ухаарсан зүйл таньд нэгийг бодогдуулаасай. Надад болон миний хүүхдүүдэд тохиолдсон зүйл таньд болон олон мянган хүүхдүүдэд бүү тохиолдоосой. 

    Хүчирхийлэл дороос өндийн гарах сэтгэлийн тэнхээ таньд үнэхээр байгаа. Хүүхдээ хамгаалан өөрийгөө хайхрахгүй яваа та үүнийг хийж чадна. Дахин дахин нуршин ятгаж өөрийн хийсэн “Гэмтэй уучлал”, “Тэнэг тэвчээр”-ийн халдвар таньд бүү дамжаасай гэсэндээ үүнийг бичлээ. 

    Монгол Улс минь амар тайван байхад ээжүүд бидний оролцоо хамгийн чухал. Амар тайван орчинг хүүхдүүддээ өгцгөөе. Амьдралаа өөрчлөе.