МУГЖ дуучин Т.Ариунаа тун жавхаалаг, цоглог, хөдөлмөрч, хүчирхэг эмэгтэй. Тэрбээр өдгөө уран бүтээлийнхээ их ажлын хажуугаар "Universe best songs 2014" наадмын шүүгчээр ажиллаж буйг уншигч та мэдэх биз ээ. Гавьяат маань өөдрөг үзэл бодолтой хэмээн олноо хүндэлэгддэг. Тэгвэл өөрийн цахим хуудаснаа "Амьд гэгээн" хэмээн нэгэн түүхийн тухай өгүүлжээ.

Тодруулбал,  Болгар улсад байдаг Гэгээн Александр Невскийн сүмийн хажууд өөрөө оёсон хувцас өмссөн, эртний хийцийн арьсан гуталтай Добри өвөөтэй тааралдаж болно. Өдөр болгон өвөл зун, хүйтэн халуун, нартай бороотойг тэр үл хайхран өглөө эрт босон, төрөлх Баилово тосгоноос нийслэл Софиа хүртэл 43 км замыг туулан ирдэг.

2010 онд Александр Невскийн сүмийн талаар баримтат кино хийх үед , болгарын ТВ-ийн нэг сэтгүүлч сүмийн архивыг ухаж байгаад итгэмээргүй нээлт хийжээ. Сүмд зориулсан хамгийн өгөөмөр хандив болох 52 000 ам. долларыг гуйлга гуйдаг өвөө Добри өгсөн байв. Хотын төвд нэг өрөө байр авах мөнгө шүү дээ гэж олуулаа гайхсан.

98 настай өвөө түүнд өгж байгаа хүмүүсийн өглөгийн нэг ч зоосыг өөртөө зориулдаггүй байна. Тэр өөрийн тэтгэвэр болох 75 евро болон олны өгдөг талх жимс хүнсний зүйлсийг хэрэглэж амьдардаг. Добри өвөө өндөр настай гэдгээ тоохгүй чадлаараа олон хүнд тусалдаг. Жишээ нь тог дулаанаа төлж чадахгүйгээс болж хаагдах гэж байсан Хүүхдийн асрамжийн газрын бүх төлбөрийг хийжээ. Олсон мөнгөө орон байргүй ядарсан хүмүүст дэм болгож цуглуулан өгдөг байна. Хүмүүс настай, өвчтөй түүнийг нэг биш удаа шоолон доромжилж бүүр зодож байв. Тэгсэн ч Добри ард олонд түгээх гэрэл, тус, ивээх нинжин сэтгэлээ зогсоогоогүй.

Түүний хийсэн бүх сайхан үйлсийг хэн ч мэдэхгүй яагаад гэвэл өвөө нэг ч удаа энэ талаар ярьдаггүй.
Хүмүүст зориулдаг түүний хамгийн том бэлэг бол бусдад өгдөг өгөөмөр сайхан сэтгэл зүрх, хүнлэг агуу хайр юм" гэж энэ сайхан түүхийг өгүүлэн цахим найзуудтайгаа хуваацлаа.

Д.Ана