А. Мөнхжин

ТАХЛЫН ҮЕИЙН ХИЧЭЭЛ 

Ковид-19 хэмээх цар тахал өмнөд хөршөөс дэгдэж дэлхийн талыг шахуу бүрхэж эхэлснээс хойш удалгүй монголчууд бид хүүхдүүдээ гэртээ нуусан. Түүнээс хойш тэр чигтээ мартаад хоёр жил болж байна. Угийн бүдүүн баараг монголчуудад хүүхдийн сурах эрх гэдэг санаа зовоох асуудал биш аж. Өглөө гарахад унтаад үлддэг, орой ирэхэд мөн л унтчихсан байдаг тэр жаахнуудыг “Байж л байна” гэдэг ганцхан хэмжигдэхүүнээр л хэмжчихдэг улс даа. 

Ер нь хүүхдийг монголчууд нэлээн дээр үеэсээ “мөр бүтэн, гэдэс цатгалан” л байвал болчихдог гэрийн бяцхан зарц мэтээр харж ирсэн л дээ. Одоо ч энэ байдал олон гэр бүлд өөрчлөгдөөгүй. Үүнийг баталж ядаад ч байх юмгүй. Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргүүдийн эзэн холбогдогчийн тайлбараас харахад “үгэнд орохгүй байсан”, “гэрийн ажил хийхгүй байсан”, “их идээд байсан” гэх мэтээр хэргээ хаацайлсан байдаг.

Хэдхэн жилийн өмнө зургаахан настай хүүгийн чихийг хуу татсан гэмт хэрэгтэн “хонины толгой чанасан чинь шилж идээд байсан” гэж хэнэг үгүй хэлж байсан нь бий. Хүүхдийн эрхийн тухай ойлголт биднийхээр “мөр бүтэн гэдэс цатгалан” байлгах. Энэ бүхнийг нуршсаны учир нь хүүхдээ тэжээвэр амьтан мэтээр авч үздэг өнөөгийн монголчууд цар тахлын энэ үед тэдний боловсролыг Боловсролын яаманд даатгаад хаясанд гайхах зүйлгүй. Боловсролын яамны юм уу, аль нэг сургуулийн хүүхдийг гэртээ байлгаж байгаа мэт аашилдаг эцэг, эхчүүд олон. 

Хүүхдээ даатгаад хаядаг ангийн багш гэх хүнд ер нь таны хүүхэд хичээл таслалт, чанарын хоцрогдол буюу ангийн голч үнэлгээнээс доош татахгүй байх нь л чухал болохоос юу сурах, хэн болох нь ямар ч хамаагүй нь гашуун үнэн. Тиймээс л өнөөдөр хотын төвийн хэдхэн хүүхдээс бусдынх нь хичээл сурлагын байдлыг ор тас мартчихаад таг чимээгүй сууцгааж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд сайд Г.Ганбаяр гэх нөхөр сурагчдын сурлагын чанар эрс сайжирсан нь онлайн хичээл ямар чанартай орж байгааг илтгэнэ хэмээн ичих нүүргүйгээр телевизээр ярина. 

 Хүүхдийн хүчирхийлэл ковидын үеэр хэчнээн хувиар нэмэгдэв. Мөн сурах эрх нь хязгаарлагдлаа. Энэ бол хэн нэгэн муу эцэг эхийн хүүхэд боловсролгүй болоод үлдэж байгаа хэрэг огтхон ч биш. Монгол Улс ирээдүйгээсээ 20 жил ухарч байгаа том ухралт. Их хоцрогдол. 

Багш нар хичээлээ онлайнаар заахад хүндрэлтэй, хүүхдүүдийн фэйсбүүкээр харуулсан дэвтрийн зурганд нь “онц” тавиад гэртээ налайж суугаа юм чинь яамныхны статистикт ингэж тусах нь мэдээж хэрэг шүү дээ. Бүхэл бүтэн улсын ирээдүйг онлайн хичээл гэх хязгаарлагдмал, нэр төдий зүйлээр нүд хуурч ирлээ. Ковидын хөл хорио анх тогтооход БШУЯ ямар байдалтай байлаа даа. Эрсдэлийн үеийн стратеги байтугай онлайн хичээлийн тухай ойлголт ч тун багатай сууж байсан. Ганц чаддаг юм нь хэдэн телевизээр хичээл заалгах. Яахав энэ хэртэй байгаа нь их юм. 

Онлайн хичээлийн агуулга болоод хүүхдэд наалдах хэлбэр нь харин дээшилсэн үү? Үүндээ судалгаа шинжилгээ энэ хугацаанд хийж үзэв үү? Дэд сайдын яриагаар бол сургуулиудаас дүнгийн голч авсан юм шиг байна. Онлайн хичээлийг хүлээж авах, хийх орчингүй хүүхдүүд яах вэ? Зурагтгүй, зурагттай байлаа ч гэртээ хичээл хийх нөхцөлгүй хүүхдэд юу болж байгаа бол? Шуудхан хэлэхэд хүүхдийнхээ хичээлийг хийлгэдэггүй эцэг эх, эгч ах, гэр орныхонтой хүүхдүүд яах вэ? Хоёр жил өнгөрөхөд тэдний тухай яагаад хэн ч, юу ч ярихгүй байна вэ? Хүүхдээ “гэрийн ажил хийх ёстой бяцхан үйлчлэгч” мэтээр боддог томчууд боловсролын тухай, хүүхдийнхээ сурах эрхийн тухай үг хэзээ ч үг дуугарахгүй нь ойлгомжтой. Тэдэнд тийм ухаан ч байхгүй. 

Хүүхдийнхээ боловсролыг чухалчилдаггүй эцэг эхчүүдийн үр хүүхэд болж төрсөн тэдний хохь уу? Энэ олон асуултын хариуг салбарын болон бусад яамнаас нэхмээр байна! Хүүхэд насанд нэг том эрх бий. Тэр нь тоглох. Бас нэг том үүрэг бий. Энэ нь суралцах. Хүүхдийн энэ эрх, үүргийг томчууд булаах эрхгүй. Энэхүү эрх, үүргийг харин томчууд хангаж өгөх үүрэгтэй. Хувцаслах, хооллох, хамгаалах үүргүүд бол хүн гэх амьтны эцэг эхэд оногддог жам ёсны үүрэг. Жам ёсны, хүн ёсны, хууль ёсны үүргээ ч биелүүлдэггүй эцэг, эхийн үр удам энэхүү цар тахлын нөхцөлд бүх эрхээ зөрчүүлсээр байна. Хүүхдийн хүчирхийлэл ковидын үеэр хэчнээн хувиар нэмэгдэв. Мөн сурах эрх нь хязгаарлагдлаа. Энэ бол хэн нэгэн муу эцэг эхийн хүүхэд боловсролгүй болоод үлдэж байгаа хэрэг огтхон ч биш. Монгол Улс ирээдүйгээсээ 20 жил ухарч байгаа том ухралт. Их хоцрогдол. 

БАРЬЦАМТГАЙ МОНГОЛ 

2019 оны төгсгөлөөс “ковид-19” сураг сонсогдох төдийд л эхний ээлжинд хичээл сургуулийг хаасан. Энэ нь ч мэдээж тусыг олсон. Араас нь онлайн хичээлийг явуулсан. Мөн хүүхэд бүрт 100 мянган төгрөг өгч байгаа. Манай улс хүүхдийнхээ төлөө хийсэн гурван алхам нь ердөө л энэ. Ямар их юм хүсдэг юм бэ гэж үү? “Хүүхдийн төлөө бүхнийг” гэдэг лоозонгийн будаг нь халцраад үсэгнүүд нь дундаасаа уначихсан шиг байж болохгүй. Дэлхий нийтийн хөгжил мэдлэг дээр үндэслэж, дэлхийн улс орнууд боловсролын чанараараа өрсөлдөж байна. Ковид нэг л өдөр дарагдана. 

Тэр үед бидэнд энэ ухралтаа хэрхэн нөхөх талаар бэлдсэн төлөвлөсөн юм байгаа юу? Жилийн өмнө халдвар тархаагүй аймгуудаас (одоо ч тархаагүй байгаа) бид хичээл сургуулиа үргэлжлүүлж байж болохгүй юм уу гэхэд “Манай хүүхэд хичээл хийхгүй байхад, танай хүүхэд хийх ёсгүй” гэсэн агуулгатай сэдвээр сэвсээр барьцсаар тэр сэдвийг хаачихсан. Оронд нь “Эрүүл л байвал бусад нь яах вэ” гэдэг агуу лоозонг олж тогтоогоод дуугүй болцгоосон. Эрүүл л байвал бусад нь яах вэ гэчихээд хүнсний дэлгүүрүүдийн архи дарсыг хуу хамсан улс түмэн шүү дээ. Ковид эхлэхэд манай улсын шийдвэр гаргалтын түвшнийхэн барьц алдан сандарсан. 

Хамгийн эмгэнэлтэй нь хоёр жилийнхээ ойн дээр ч эрсдлийн үеийн менежмент, онц байдлын нөхцлийн стратеги гэдэг зүйлээ үсэглэж ч амжаагүйл байна. Түүнийг дагаад Боловсролын гэх яам нь онлайн сургалтдаа “ОНЦ” дүн тавиад тайвширчихсан. Монгол Улсад Улаанбатарын төвөөс гадна 21 аймаг 300 гаруй сумдад хүүхдүүд амьдардаг гэдгийг ор тас мартсан бид бүгдээрээ. Хөдөө орон нутгийн хүүхдүүд фэйсбүүкээр байтугай телевизээр ч онлайн хичээлийг авч чадахгүй байгаа. Монголчууд барьцамтгай. Хотын хүүхдүүд хичээлдээ явахгүй байгаа юм чинь хөдөөний та нарын хүүхдүүд ч явж болохгүй гэцгээсэн. Харин одоо бүгд “Зөвхөн бид биш дэлхий даяараа л боловсролоос хоцрогдож байгаа шүү дээ” гэнэ. 

Эсвэл “Эрүүл л байвал бусад нь яах вэ”. Бусад гэдэгт эрүүл буюу амьд байхаас бусад нь багтана. Тэр дотор хүүхдийн сурах эрх багтаж байна. Өнөөдөр эрүүл байж амьд үлдэх нь чухал байж мэднэ. Цаг хугацаа шиг үнэтэй бас аймшигтай зүйл үгүй. Сурахад нас оройтдоггүй ч суурь боловсролын хоцрогдлын хор холбогдол насан туршид дагана. Өнөөдрийн бидний харж байгаагаар бие эрүүл хүүхэд гэр, малын ажилд л дэмтэй байх. Энэ бол хүүхдүүдийн өмнөөс томчуудын гаргаж буй “шийдвэр” болохоос тэдний хүсэл зорилго биш. Бид дэлхийтэй барьцах дайны боловсролтой нийгэм биш. Дэлхийн боловсролтой улсуудын боловсролын тогтолцоо болоод техник технологийн хөгжлийг бид мэднэ. 

Манай монголчууд шиг сая шахуу хүүхдийн ихэнх нь гэрт амьдарч, зарим нь өдийд эцэг эхээ дагаад ишиг хурганы араас харайлгаж яваагүй л байх. Бид дэвшилтэт ертөнцийн харанхуй хэрэглэгчид. Дахин тийм хэрэглэгчдийг бэлтгэгч орон нь болж явна. Боловсролын яам дэлхийн боловсролоос хоцрохгүйн тулд эрсдлийн үеийн сургалтын менежмент, онцгой нөхцөл байдлын үеийн сургалтын стратегийг судалж, технологийн хөгжүүлэлт хиймээр. Цар тахлын улмаас сургуулийн үйл ажиллагаа зогссон нь дэлхий даяар 1.5 тэрбум суралцагчдад нөлөөлсөн. Энэ нь нийт суралцагчдын 91 хувийг эзэлж байгаа тухай Юнеско энэ жил мэдээлсэн. 

Мөн энэ хямралын үед боловсролын тасралтгүй байдлыг хангахын тулд зайн, онлайн болон холимог аргыг ашиглаж байгаа бөгөөд нөөц боломж, чадавхаас хамаарч сургалтын загварууд харилцан адилгүй байгхх. Зайн болон онлайн сургалтын хувьд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг гэрээр суралцахад нь туслах үндсэн чиг үүргийг гүйцэтгэж, урьд өмнөхөөсөө илүүтэйгээр сургалтын орчинг бүрдүүлэх нь чухал болохыг дурьдаад ковидын нөхцөлд хүүхдийг сургах зааварчилгаа, зөвлөмжийг гаргасан тухай дурьджээ. Дэлхий нийтээр сургалтыг танхимаас виртуал хэлбэрт шилжүүлэхэд чадвартай болон чадваргүй хүмүүс хоорондын зөрүү улам холдох нь мэдээж. 

Цар тахлын улмаас боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагаа анги, танхимд явагдах боломжгүй онлайн болон бусад ямар нэгэн хэлбэрээр сургалтаа үргэлжлүүлж, зарим улсад хязгаарлагдмал боломжоос хамаарч сургалт зогсоход хүрсэн ч тэд тус тусдаа шуурхай арга хэмжээ авсан тухай бичсэн байна. Тухайлбал сурагчид маск зүүх, цаг тутам гараа угаах, биеийн халууныг тогтмол хэмжих, сурагчдын ширээг 1.8 метрийн зайтай байрлуулж, сургуулийн байранд эцэг, эхчүүд орохгүй байх. 

Мөн сурагчид сургуулийн хоолны газарт хуваарьт ширээнд сууж үдийн цайгаа уух, нэг ангийн сурагчдын тоог цөөлөх, үе шаттайгаар хичээлд нь оруулах, суурь өвчтэй болон 65-аас дээш насны багш, ажилтнуудыг гэртээ байхыг зөвлөх гэх мэтээр танхимын сургалтыг явуулсан байна. Энэ нь Монгол Улс дотооддоо цар тахлаа алдаад байгаа энэ үед сургуулиа нээ гэсэн үг биш. Дэлхийтэй хоцрогдлоороо барьцах биш тэдний дэвшилтэт аргаас хурдан шингээж авч боловсролын хоцрогдлоо нөхөхгүй бол хойч үе маань хойно хоцрох аюул нүүрлээд байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН