Ерөнхийлөгчийн сонгууль болоход хагас жил хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдлээ. Намууд хэдийнэ сонгуулийн бэлтгэл ажилдаа орчихжээ. Үүнтэй зэрэгцэн улстөржилт, талцал намчирхал, нэгнийгээ харлуулах гэсэн увайгүй үйлдлүүд олон нийтийн сүлжээгээр хөврөх болов. Энэ удаагийн төрийн Тэргүүнийг сонгох сонгуулийн гол өрсөлдөөн МАН, АН-ын дунд өрнөх нь. 

Өмнөх 2017 оны сонгуулийн үеэр МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар эн тэнцүү байр суурьтай оролцож, өрсөлдөөн ширүүн өрнөсөн. Нэг ёсондоо гурван нэр дэвшигч өрсөлдөж байв. Харин энэ удаагийн сонгуульд улс төрийн дөрвөн нам кандитатаа нэр дэвшүүлэх боломжтой. Тухайлбал, МАН, АН, МАХН, Хөдөлмөрийн үндэсний нам буюу парламентад суудалтай намуудын дунд өрсөлдөөн өрнөнө.

МАХН, Хөдөлмөрийн үндэсний намын хувьд санал хуваах байдлаар оролцох болов уу гэх таамгийг улс төр судлаачид хэдийнэ гаргаад эхэлжээ. Өмнө нь ч санал хуваах зорилгоор эмэгтэй нэр дэвшигч өрсөлдүүлж байсан жишиг МАХН-д бий билээ. Хөдөлмөрийн үндэсний намын хувьд шинэ тутам байгуулагдсан, төдийлэн бэхжиж амжаагүй, парламентад нэг суудалтай, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх кандитат байхгүй гээд “зөөлөн хоол” гэж үзэж болох ч олдсон боломж, үүссэн нөхцөл байдлыг алдахгүйн тулд өөр намын лидерийг тохироогоор нэр дэвшүүлж, өрсөлдүүлэх хувилбар ч бас бий. 

Үр дүнд нь, улс төрийн тавцан дахь байр сууриа бэхжүүлэх, намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэхэд ашиглах хэрэгсэл болгох гээд аваа, өгөө Хөдөлмөрийн үндэсний намынханд бий болж мэдэх юм. Иймд өрсөлдөөн хоёр том намын дунд өрнөхөөр харагдаж байна. МАН-аас нэр дэвших кандитатуудаа ил, далдаар “зарлаж”, олон нийтийн шүүлтүүрт оруулж байна. Үүндээ сошиал хэрэгслийг ашиглаж, нэр дэвших сонирхолтой байгаа нөгөө хэсэг нь нам доторх өрсөлдөгчөө харлуулах ил, далд сонирхол ч нэг бус удаа гарлаа. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа өрсөлдөх боломжтой гэж үзсэн хэд хэдэн хүнийг нэрлэсэн. Тэдэн дундаас нэрийг нь намынхаа Бага хурал, Удирдах зөвлөлөөр оруулан шийдэж, хоёр нэрийг Их хурлаараа шийднэ гэх мэдээлэл ч бий. Ямар боловч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн С.Батболд одоогоор мэдэгдээд байна. Харин АН-ын хувьд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад өрсөлдөх сонирхол мэдээж бий. Хуулийн хайчинд орчихгүй бол тэр шүү дээ. Бас хүү энэ хуулийн гаргалгааг харж, нэр дэвших тохироогоо хэдийнэ хийчихсэн гэх мэдээлэл ч бий. 

Тодруулбал, УИХ өнгөрсөн сард Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан. Мөн өнгөрсөн оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй болсон гэх маргаан ч хуульчдын дунд бий болсон. Гэхдээ нэг удаа өрсөлдөх боломжтой гэдгийг улстөрчид болоод зарим хуульч хэлж, гаргалгааг тайлбарлаж буй. Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөх сонирхолтой байгаагаа шинэ оны босгон дээр мэдэгдсэн. 

Гэхдээ АН-ын шинэ дүрмээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчийг нам дотроо сунгаа явуулж бус, Их хурлаараа санал хурааж шийдэхээр заагаад байгаа билээ. Бараг л боломжгүй хувилбар гэсэн үг. Нөгөөтэйгүүр МАН-д сул өрсөлдөгч өгч, ялуулж байгаагаас өөрцгүй хэрэг болох юм. Намууд гуравдугаар сар гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших кандитатаа тодруулж дуусах аж. Нөхцөл байдал одоогоор ийн өрнөж буй ч сар шинийн дараа хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна. Тиймээс өмнөх сонгуулиар намууд ямар кандитат нэр дэвшүүлж, хэн ялалт байгуулж байсныг эргэн сануулъя.

Үр дүнд нь, улс төрийн тавцан дахь байр сууриа бэхжүүлэх, намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэхэд ашиглах хэрэгсэл болгох гээд аваа, өгөө Хөдөлмөрийн үндэсний намынханд бий болж мэдэх юм.

2017 он 

МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшиж, одоогийн төрийн Тэргүүн Х.Баттулга ялалт байгуулснаар сонгууль өндөрлөж байв. Өрсөлдөөн гурван нэр дэвшигчийн хувьд эн тэнцүү өрнөж, хоёр шатны санал хураалтаар Х.Баттулга олонхийн санал авч байсан билээ. Х.Баттулга төрийн Тэргүүн болсноор 2009 оноос хойших 12 жилд АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан хоёр дахь Ерөнхийлөгч болов. 

 

2013 он 

АН-аас тухайн үеийн төрийн Тэргүүн Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нэр дэвшиж байв.  1993 оноос хойш явуулсан төрийн Тэргүүний сонгуулиас хойш анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нь энэ. Тиймдээ ч эмэгтэйчүүдийн саналыг олноор авна гэж тооцож байсан ч сонгуульд саналаа өгсөн нийт сонгогчдын 6.5 хувийн саналыг авч байсан билээ. 

Гэхдээ Н.Удвалыг МАН-ын саналаас хуваахаар оруулж ирсэн гэдгийг тухайн үед хэвлэлээр бичиж байв. Учир нь, Н.Удвал МАН-ын гишүүн байсан, сүүлд буюу 2011 оны сүүлээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр намаасаа гарч, МАХН гэх шинэ нам байгуулж, хуучин нэрээ авахад Н.Удвал МАН-ын гишүүнчлэлээс гарч, МАХН-д элссэн юм.  Тиймдээ ч МАН-ын саналыг хуваана гэж АН-ынхан тооцоолсон хэрэг. Энэ сонгуулиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин сонгогдож, хоёр дахь удаагаа төрийн Тэргүүнээр ажилласан билээ.

2009 он

Энэ сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж, МАХН-аас /одоогийн МАН / Н.Энхбаяр нар өрсөлдөж, 51.24 хувийн саналаар Ц.Элбэгдорж ялалт байгуулж, 1997 оноос хойш АН-аас нэр дэвшсэн нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ.  Уг ялалтын буухиа гурван сонгууль дараалан дамнаж, өдгөө АН-аас нэр дэвшсэн кандитат төрийн Тэргүүнээр ажиллаж буй.

2005 он

МАХН-аас /одоогийн МАН / Н.Энхбаяр, АН-аас М.Энхсайхан, Бүгд найрамдах намаас Б.Жаргалсайхан, Эх орон эвслээс Б.Эрдэнэбат нар нэр дэвшиж байв. Өөрөөр хэлбэл, 1993 оноос хойших 2017 он хүртэлх 24 жилийн хугацаанд 2005 онд л хамгийн олон буюу дөрвөн нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байв. Энэ сонгуулиар Н.Энхбаяр ялалт байгуулаж, дөрвөн жил төрийн Тэргүүнээр ажилласан. 

2001, 1997 он

МАХН-аас /одоогийн МАН / Н.Баганбанди, АН-аас Р.Гончигдорж, МУНН-аас Л.Дашням нар 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Н.Баганбанди ялалт байгуулав. Харин 1997 онд АН-аас П.Очирбат, МАХН-аас Н.Багабанди, МУНН-аас Ж.Гомбожав нар дэвшиж, мөн л Н.Баганбанди ялалт байгуулж байжээ.1993 онМонголчууд анх удаа төрийн Тэргүүний сонгуулиа явуулж, МАХН-аас Л.Түдэв, АН-аас П.Очирбат нар нэр дэвшиж, П.Очирбат ялалт байгуулж байсан билээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН