Замын цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагаандаа мөрдөх чин эрмэлзэлд “Бид замын хөдөлгөөнд оролцогчдын найдвартай туслагч, итгэлтэй түнш байх болно.” хэмээн тунхагласан байдаг билээ.

 
…Бороо цас холилдон орж хотын зам тэр аяараа битүүрсэн саяхны нэг өглөө  ажил руугаа яарч адгаж яваад уулзварын ойролцоо өмнөх машины араас нь мөргөж орхив. Өнөөгийн хууль журманд заасан ёсоор замын цагдаа, даатгал хоёр руу утас цохиж дуудлага өгөн ослын дохиогоо татчихаад зоссон нь энэ замын түгжрэлийг мэдээж бүүр гацааж орхих нь тэр.
 
Хажуугаар өнгөрөгсдийн хараал ерөөлийг тэвчин сонсож цаг гаруй суусны эцэст ашгүй даатгалын алба ирж ослыг баримтжуулж аваад явлаа. Дахиад бүтэн цагийн дараа цагдаагийн алаг тэрэг дохиогоо хангинуулсаар ирж арай ядан үргэлжилж байгаа замын хөдөлгөөнийг хааж байгаад баахан хэмжилт хийж гар зураг үйлдээд мөргөсөн мөргүүлсэн буюу хуулийн хэллэгээр хохирогч хариуцагч бид хоёрыг дараагийн уулзвар дээр очоод байж бай гэснээ давхиж одов.
 
 Дахиад мөнөөх газар цаг гаруй хүлээлгэсний эцэст тэд эргэж ирснээ -Дүүргийн ЗЦТасагт явж оч гэчихээд яваад өгдөг юм байна. Бөглөрч түгжирсээр   яваад очвоос нэг умгар өрөөний үүдэн дээр 20 шахам хүн шавчихсан зогсож буй нь мөнөөх байцаагчийг хүлээж байгаа нь илэрхий байв.
 
Үдээс хойш 2 цаг өнгөрсний эцэст байцаагч ирэв. Хэрэлдэж оочерлож зоссоор ажлын цаг дуусахын өмнөхөн яваад ортол баахан материал бүрдүүлж ирэхийг үүрэгдээд маргааш ир гэв. Ядаж энэ жагсаалтаа бичээд гаднаа өлгөчихөж болдоггүй юм байх даа.Энэ нь юу юу байсныг дурдъя:
 
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Жолооны үнэмлэхний хуулбар
3. Хорооны засаг даргын тодорхойлолт
4. Автомашины гэрчилгээний хуулбар
5. Даатгалын байгууллагатай хийсэн гэрээний хуулбар
6. Даатгалын гэрчилгээний хуулбар
7. Авто үнэлгээний газраас хохирол тогтоосон баримтын хуулбар
 
  Маргааш өглөө нь ирж бас баахан очерлосны эцэст орвол дээрх бичиг баримтууд дээр нэмээд хоёр жолоочийг тус тусдаа тайлбар бичиж өгөхийг шаардчихаад ажилтай гээд гараад явчихав. Үүнээс хойш тэр байцаагч ажилдаа ирэлгүй гурав хоног алга болчихсон учир хураалгасан үнэмлэх бичиг баримтаа авч чадалгүй энэ байгууллагаар өдөр бүр эргэлдэн  тав хоног явж байж сая нэг бичиг баримтаа салгаж авсан юм.
 
Эрхэм дарга нар аа? Надтай адилхан танай байгууллагын хүнд суртлын хөлд чирэгдэж яваа олон хүнийг төлөөлөн иргэн хүний хувьд та бүхэнд тавих санал хүсэлт байна.
 
1. Цахим бүртгэлийн систем эрчимтэй хөгжиж буй өнөө үед дээр дурьдсан олон тооны бичиг цаасыг цуглуулах нь танай байгууллагад үнэхээр хэрэгтэй гэж үү. Тэр тусмаа танай ажилтнуудын шаардаад байгаа хорооны засаг даргын тодорхойлолт гээч цаасыг цахим үнэмлэх гарсан 2011 оноос хойш  хаана ч хэрэглэхээ больсон шүү дээ.
 
2. Ослын газар үзлэг хийдэг өнөөгийн арга барил чинь бүр хоцрогдчихжээ. Ямар ч обьектын хоорондын зайг мм-ийн нарийвчлалтайгаар хэмждэг электрон багаж гараад хорь гаруй жил болж байна. Ийм их түгжрэлтэй үед замын хөдөлгөөн  хаан хулдаасан метр чирэн ийш  тийшээ гүйлдэж, гараараа байршил  зураад зогсож байгаа нь өнөөгийн шаардлагад хэр нийцэж байна вэ?
 
3. Гааль, татвар, иргэний бүртгэл гэх мэт үйлчилгээний байгууллагууд нэг цонхны хэлбэрт аль хэдий нь шилжин албан хаагчдынхаа үйлчилгээний талаар иргэдээс үнэлгээ авдаг үүгээрээ ажилтныхаа ажлыг үнэлдэг журамтай болчихсон байгаа.
 
Цагдаагийн байгууллага нь мөн иргэдэд шуурхай үйлчлэх үүрэгтэйнхээ хувьд  дээрх туршлагыг ажилдаа нэвтрүүлбэл танай ажилтнуудын чинь одоогийн арга барил, зан харьцаанд нилээдгүй өөрчлөлт гарна гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.
 
4. Замын хөдөлгөөнд оролцогсод жолоочийн хариуцлагын даатгалд бүрэн хамрагдаж, хохирлын маргааныг цагдаагийн байгууллагын оролцоогүйгээр шийдэж болж байгаа энэ үед хүний эрүүл мэнд эд хөрөнгөнд ноцтой хохирол учраагүй, шүүхээр шийдвэрлэх хэмжээний хэрэг гараагүй үед жижиг осол бүр дээр дуудлагаар очиж ослын акт үйлдэх гэж бөөн чирэгдэл хүнд суртал гаргахын шаардлага байна уу?
 
Мөргөлдөх шүргэлцэх төдийхөн жижиг ослын үед ослын ойролцоо ажиллаж байгаа танай ямар ч албан хаагч тухайн ослын тухай тодорхойлолтыг холбогдох даатгалд нь гаргаад өгчихөд л болоо юм биш үү. Тэгвэл осол гарах бүрт зам бөглөн танайхаас хүн ирэхийг хүлээж зогсох өнөөгийн энэ байдал үгүй болно доо.
 
5. Хариуцсан байцаагч нь байхгүй тохиолдолд хүмүүсээс хураасан үнэмлэх бичиг баримтуудыг нь нөгөөдүүлдээ үлдээн холбогдох арга хэмжээг авч шуурхайлж болдоггүй юм уу? 300 гаруй мянга гаруй автомашин хөлхөж өдөрт хэдэн зуун ийм жижиг осол гардаг энэ хотод замын цагдаа нар маань ийм маягаар ажиллах нь иргэдэд ямар хүндрэлтэй байгааг та миний энэ жишээнээс ойлгосон байх гэж найдья.
 
  Дээрх санал хүсэлтийн хариуг “Зууны мэдээ” сонин, www.sonin.mn сайт болон цагдаагийн байгууллагынхаа facebook-ээр дамжуулан олон нийтэд хүргэх аваас иргэд бид танай байгууллагын дээрх урианд заасанчлан “Замын цагдаагийнхан бид бүхний найдвартай итгэлтэй түнш” гэдэгт бүрэн итгэх болно.
 
                                      СХД-ийн иргэн Ш.Пүрэвсүрэн