МАХН-ын дарга Намбарын Энхбаяр улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртөөд нэг жил, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл шинэчлэлийн Засгийн газарт орж ажиллаад хагас жил илүү хугацаа өнгөрлөө.
 
 
Энэ хугацаанд улстөрийн ямар том үйл явдлууд болж өнгөрөв, Монголын нийгэмд ямар бодитой өөрчлөлт шинэчлэл гарав гэсэн асуултанд иргэд өнөөдөр хариулт нэхэж байна.
 
 
Шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн социалдемократ үзэл баримтлалтай МАХН "Улс орныхоо тусгаар тогтнолыг бататган хамгаалах, үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдлэх, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хүндэтгэн хангах нь МАХН-ын хамгаас эрхэмлэх үнэт зүйл мөн" гэж өөрийн дүрэмдээ тунхаглажээ.
/Монгол Ардын Хувьсгалт намын мөрийн хөтөлбөр, дүрэм. УБ. 2011 он. 20дахь тал/
 
 
Үүнийгээ иш үндэс болгож 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байна. Монголоо аврах 5 хувьсал буюу Монголыг олигархи дэглэмээс салгах, ард түмний хяналтыг тогтоох, эрдэс баялагтаа иргэд өөрсдөө эзэн суух, өрх бүрийг ажилтай бас орон сууцтай болгох, монгол хүнийг дээдэлж өв тэгш залуу үеэ төлөвшүүлэх зорилтыг дэвгүүлжээ.
 
 
"Монгол оронд ардчиллын үнэт зүйлс, зарчим алдагдаж эрх баригч намуудыг барьцаалсан манант олигархи дэглэм тогтсоноор улс орны хөгжлийг гажуудуулж, төрт ёсыг алдагдууллаа. Нийгмийн баялгийг хуваарилах шударга ёс алдагдаж, баян ядуугийн ялгаа нэмэгдэж, ядуурал 40 хувьд хүрлээ.
 
 
Эх орны газар шороо, байгалийн унаган төрх сүйрэлд учирч, ард түмний баялаг болох Оюутолгой, Тавантолгой, бусад стратегийн орд байгалийн баялгийг гадныхантай хуйвалдаж үнэгүйдүүлэн гадагш нь урсгаж өнөө ба ирээдүйн үндэсний эрх ашиг ноцтой хохирч байна"  
 
/"МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл"-ийн УИХ-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр. Монголоо аврах 5 хувьсал. 2012 он. 3 дахь тал/ гэсэн сэрэмжлүүлэг, анхааруулга нь иргэд сонгогчдод итгэл үнэмшил төрүүлж, зайлшгүй хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн 98 томоохон зорилтыг таван хувьсгалын хүрээнд тодотгон томьёолсон нь тэдний дэмжлэгийг авснаар "Шударга ёс" эвсэл 2012 оны сонгуульд амжилт гаргаж, парламентад суудалтай нам болсон билээ.
 
 
Энэ бол монголын ард түмнээс "Шударга ёс" эвсэлд хүлээлгэсэн асар том итгэл найдвар байлаа. Эхнээсээ өнөөдөр биелэлт хэрэгжилтийг нэхэж байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд "МАНАН" хэмээх олигархи бүлэглэл задарч Монголд улстөрийн шинэ нөхцөл байдал үүссэн билээ.
 
 
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл олонхийн суудал авсан АН-тай хамтарч шинэчлэлийн засгийн газрыг байгуулж, үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан батлуулаад хэрэгжүүлж эхэлсэн.
 
 
Улстөрийн нам сонгуульд ялж засгийн эрхийг барилцахын гол учир утга нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэх явдал мөн гэдгийг өнөөдөр бага сургуулийн хүүхэд ч андахгүй мэддэг болжээ.
 
 
Гэтэл МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг боловсруулах ажилд туйлын хариуцлагагүй, ор нэрийн төдий хандсан байна.
 
 
Нэр дурдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийтдээ 343 томоохон зорилт төлөвлөгдсөний дотор "Шударга ёс" эвсэлээс ердөө 18-хан ажил орсон нь үүнийг гэрчилнэ. Хувилж үзвэл нийт дэвшүүлсэн зорилтын 5,2 хувь нь болж байгаа юм.
 
 
Зарим нь АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зорилттой утга агуулга нийлж давхардаж буйг хэлэх нь илүүц бизээ. МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт нийтдээ 98 том зорилт дэвшүүлснийг би түрүүнд дурьдсан.
 
 
Түүнээсээ 18-ханыг Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд оруулж, 80-ыг нь бүрмөсөн орхигдуулжээ. Яах гэж шинэчлэлийн Засгийн газарт эвсэж орсон болж байна. Даган баясах гэж тэр үү? Эсвэл ердөө дөрвөн сайд, гурван дэд сайд, цөөн хэдэн агентлагийн дарган суудал горилох гэж эвссэн болж байна уу?
 
 
Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө 2016 онд дүгнэж, монголын ард түмнээр дүн тавиулна. Тэгэхэд "Шударга ёс" эвсэл иргэд сонгогчиддоо юу хэлэх болж байна.
 
 
Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны зорилт амжилттай биеллээ гэж бодоход 95 хувийг нь АН хэрэгжүүлсэн дүн гарахаар харагдаж байгаа юм. Ингэж болно гэжүү, та минь! Түлш шатахуун, цахилгаан эрчим хүч, мах, сүү, гурил, цагаан будааны үнийг төрөөс зохицуулна.
 
 
Ажилгүйдэл, ядуурлыг арилгаж чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлж иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлнэ. Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан "Төрийн орон сууцны сан" байгуулна. Бас Оюу-толгойн монголын талын эзэмших хэмжээг 51-ээс доошгүй хувь болгоно. Тавантолгойн ордыг бүхэлд нь ард түмэндээ өгнө.
 
 
Ховд-Дорнодыг холбосон "Мянганы төмөр зам"-ын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. "Дарамтгүй бизнесс" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Төрийн хүнд суртал, авилгатай тэмцэж шударга ёсыг тогтооно гэсэн олон олон амлалтаа яах болж байна вэ? Сонгууль өнгөрсөн гээд сайд дарга нар, улстөрчид үүнийг мартаж болно.
 
 
Харин ард түмэн огт мартаагүй байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэд сонгогчдод амалсан зорилтуудынхаа ихэнхийг нь оруулж чадаагүй болохоор яах ч арга алга гэж тэдэнд тайлбарлах уу? Иргэд, сонгогчид эргээд МАХН-д 2016 онд итгэл хүлээлгэж сонгохуу?
 
 
Ингээд бодохоор шинэчлэлийн засгийн газарт орсон "Шударга ёс" эвсэл гүзээнд наалдсан дэлүү шиг өрөвдөлтэй бөгөөд хөөрхийлөлтөй харагдаж байгаа юм. Ердөө л Ардчилсан намын тоглоом, тохуурхал, гар хөл нь болж хувирчээ гэж захын хүн хэлэхээр байна.
 
 
Өнөөдөр баттай хийж болох ноцтой дүгнэлт бол энэ юм. Харамсалтай нь МАХН-ын удирдлага, шинэчлэлийн засгийн газарт орж ажиллаж байгаа тус намын сайд дарга нар үүнийг олж харж чадахгүй, эсвэл хүсэхгүй байна.
 
 
Тэдний бэлгийн хараа суларч нүд нь юм үзэх чих нь юм сонсохоо больж байгаа бололтой. Үүнийг мэдэж мэдэрсэн иргэд сонгогчид 2012 оны орон нутгийн сонгуульд МАХН-д мэдэгдэхүйц анхааруулга сэрэмжлүүлэг өгсөн боловч ноцтой сургамж авч чадсангүй, алдаа дутагдлаа лавшруулсаар байна.
 
 
Боловсон хүчний бодлого, ажлын байрны хуваарилалт байршуулалт, тэрчлэн намын шат шатны байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл дээр энэ нь илүүтэй тод мэдрэгдэж байгааг гишүүд, дэмжигчид шударгаар шүүмжилж байна.
 
 
МАХН-ын удирдлага, тус намаас шинэчлэлийн засгийн газарт орж ажиллаж байгаа сайдуудын нэр хүнд олон түмний, түүний дотор өөрсдийн гишүүд, дэмжигчдийнхээ дунд унаж эхэлж байна.
 
 
Энэ үйл явц цаашид засрахгүй даамжран үргэлжлэх юм бол 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ноцтой үр дагавар дагуулах болно. Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байвч Ерөнхийлөгч байсан намын дарга нь чийгт гянданд сууж, өргөст торны цаана хоригдсоор байна.
 
 
Бүтэн нэг жилийн хугацаа өнгөрлөө. Монголын хамгийн том "Чингис" зочид буудлыг, "Баянгол" болоод "Улаанбаатар" зочид буудлыг хувьчилж авсан эздийг буруутгаагүй атлаа "Өргөө" нэртэй нэг орцод хөрөнгө нийлүүлсэн хүнийг буруутган шоронд хорьж байна.
 
 
Энэ шударга ёс юм уу? Энэ ариун явдал юм уу гэж чанга дуугаар асуумаар байгаа юм. Шүүх засаглалыг өнөөдрийн улстөрийн хараат байдлаас ангижруулж, жинхэнэ утгаар нь бие даалган ажиллуулмаар байгаа юм.
 
 
МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл шинэчлэлийн засгийн газрыг байгуулалцан ажиллаж байгаа мөртлөө өөрийн эвслийнхээ тэргүүнийг АН-ынхантай нийлэн шоронд хорьж байна гэж жирийн олон түмэнд ойлгогдохоор, тэгж харагдахаар байна.
 
 
Ингэхлээр шинэчлэлийн засгийн газрыг байгуулалцаж, тэдэнтэй хамтран зүтгэхийн учир утга, логик холбоо ер нь байна уу, үгүй юү? Гүзээнд наалдсан дэлүү шиг хэмээх оносон зүйрлэл ахиад л сэтгэлд өөрийн эрхгүй орж ирж байна.
 
 
АН-ын тоглоом тохуу, дуулгавартай зарц, гар хөл нь болж хувирсандаа үнэн бодитой үнэлэлт дүгнэлт хийж чадах удирдагчид та нарын дотор байна уу, алга уу гэж асуумаар санагдаж байна. МАХН-ын даргад улстөрийн хүчтэй, найдвартай хамгаалалт алга байна.
 
 
Үгүйлэгдэж байгаа гол юм бол энэ. Нам эвсэл, тэдгээрийн удирдагчид тийм хамгаалалтыг хийж чадахгүй байна. АН эрүүгийн гэмт хэрэгтэн гэж хэлж болох гишүүдээ хүртэл яаж өмгөөлж хамгаалдаг билээ. Тэднээс тус нам суралцаж чадахгүй байна.
 
 
Өрсөлдөгчөө замаасаа зайлуулж ямар ч үнээр хамаагүй дарж авах гэсэн улстөр, бизнессийн тодорхой бүлэглэлийн захиалгаар Намбарын Энхбаярт тулган хүлээлгэсэн хилс шийтгэл нь бодит үндэслэлгүй, нотлох баримтгүй, нэхэмжлэгчгүй, бас хохирогчгүй "хэрэг" юм гэдгийг дээр доргүй бүгд мэдэж байгаа.
 
 
Нэрт хуульч, хууль зүйн ухааны доктор академич С.Нарангэрэл үүнийг баримтаар нотолж ном хүртэл бичиж гаргасан. XXI зууны ардчилсан Монгол оронд ийм эмгэнэлт жүжгийг захиалгаар найруулан тавьж, ичгүүр сонжуургүй гутамшигт үйлдэл хийж байгааг МАХН тухайн цаг үедээ эрс шийдвэртэй эсэргүүцэн буруушааж Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа руу нулимаж, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсэд санаатай, зохион байгуулалттайгаар халдсан ноцтой гэмт хэрэг гэж мэдэгдэж байсан / МАХН-аас 2012 оны 10 дугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарт хүргүүлсэн мэдэгдэл/.
 
 
Ингэж нэг бус удаа мэдэгдэж, Намбарын Энхбаярыг нэн даруй суллахыг шаардаж ирсэн атлаа уг бодлогыг өдөөгч, хэрэгжүүлэгч хүчинтэй эдүгээг хүртэл гар нийлж хамтран ажилласаар байгааг би хувьдаа ойлгохгүй байгаа юм.
 
 
Шинэчлэлийн засгийн газраас гарна гэж нэг удаа МАХН-ын Гүйцэтгэх товчоо сулхан дуугарсан боловч тэр дуу хоолой тэгсхийгээд намжиж мартагдсан. АН ч та нарыг Засгийн газраас гараад явахыг харах юмсан гэж бассан байдалтай тохуурхан харж байсан.
 
 
Энэ бүгдээс үзэхэд АН-ын халуун хөнжлөөс зарим хүн гарах дургүй, зөөлөн сандал ширээндээ улам бүр шигдэж эхэлж байна уу даа гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа юм. Өнөөдөр хийж болох бас нэг ноцтой дүгнэлт бол энэ мөн.
 
 
Энэ байдлаар цааш явах юм бол хилсээр шийтгүүлсэн МАХН-ын дарга, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэлийн тэргүүн Намбарын Энхбаярыг суллуулах тэмцэл зөвхөн ам хэлээр цаасан дээр үргэлжилж, ажил хэрэг хэзээ ч болохгүй замхран алга болох болно.
 
 
Тийм сонирхол ч зарим хүнд байх шиг байна. Өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүнийг нэр дэвшүүлж Ерөнхийлөгч болгосон АН-ын УИХ дахь гишүүд санал санаачилга гаргаж Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний халдашгүй дархан эрх ямба, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн хойно нь Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд зөвлөхийн зиндаанд ажиллуулж хэвшүүлэх зэрэг хууль хүртэл санаачилж байхад намын даргаа, эвсэлийн тэргүүнээ хилсээр шийтгүүлж шоронд суулгачихаад байгаа “Шударга ёс" эвслийн УИХ дахь намын бүлэг намуун дөлгөөхөн томоотой нь аргагүй дүмбийн сууж байх юм.
 
 
Энэ бүхэн ихэд ойлгомжгүй байна. Хамгийн ноцтой нь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл шинэчлэлийн засгийн газарт орж ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд Монгол дахь ажилгүйдэл, ядуурал буурав уу? Хүмүүсийн амьдралын түвшин дээшлэв үү?
 
 
Хөгжлийн шинэ шинэ гарцууд нээгдэв үү?. XXI зууны их бүтээн байгуулалтыг эхлүүлэв үү? гэж асуумаар байгаа юм. Та нар юү гэж хариулахыг би мэдэхгүй, харин надад бол төдийлөн харагдаж өгөхгүй байна. Түлш шатахуун, цахилгаан эрчим хүч, мах, сүү, гурил, цагаан будааны үнэ буурах биш харин нэмэгдлээ.
 
 
Баян, хоосны ялгарал гэрлийн хурдаар өслөө. Чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх гэгээн зорилт мөрөөдөл хэвээрээ цаасан дээр үлдэж байна. Оюутолгойн асуудал огт урагш хөдөлсөнгүй.
 
 
Монголын талын эзэмших хувь хэмжээ 51-ээс дээш гарна гэдэг үлгэр болон замхарч, араас нь түүний мөрөөр Тавантолгойн орд орж байх шиг байна. Хэвлэл мэдээлэлд бичиж байгаагаар бол гадаадын хөрөнгө оруулагчдын түрүүч Монголоос гарч явж байгаа сурагтай.
 
 
Амьдрал ийнхүү эрээнтэй бараантай, бүдэг бүрхэг байгаа учраас архидалт янхандалт, гэмт хэрэг Монголд өдөр хоногоор өсөн нэмэгдэж байна. Автобус, таксийг нэгдүгээр замаар явуулж,
 
 
Лениний хөшөөг буулгаж, нийслэлд бүтээж босгох биш нурааж буулгах барилга байшингийн жагсаалт гаргаж, шударга өрсөлдөөний газрын дарга хархүү үе үе телевизээр мэдэгдэл хийн шоудаж, Ерөнхий сайд нь болохоор Үндсэн хууль зөрчсөн захирамж шийдвэр үе үе гаргаж, тэр нь Үндсэн хуулийн цэцэд очихоор урьд өдөр нь цуцалчихдаг, хүмүүсийг эрхэлсэн ажил албанаас нь намын харъяаллаар хэдэн зуу, мянгаар нь халж сольж байгааг л шинэчлэл гэхгүй юм бол өөр нүдэнд торж, сэтгэлд үлдэх шинэ ажил үнэндээ бараг алга гэж хэлж болохоор байна.
 
 
Ингэж засаглаж яагаад ч боломгүй санагдана. Энэ алдаа дутагдлыг шинэчлэлийн засгийн газрыг хамтран байгуулалцсан  МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл бас хүлээлцэх ёстой.
 
 
Үүсэн буй болсон өнөөдрийн энэхүү эгзэггэй нөхцөл байдалд намын дотоод ардчиллыг тууштай хөгжүүлж алдаа дутагдлаа арилгах алхмыг зоригтой хийх ёстой гэж бодож байна. МАХН-ын өмнө яг өнөөдөр тулгамдсан хоёр чухал асуудал байна.
 
 
Нэгдүгээрт, ойртон айсуй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд аль улстөрийн хүчинтэй эвсэж оролцох вэ гэдэг асуудал юм. Дангаараа бие дааж оролцоод амжилтанд хүрэхгүй. Ардчилсан намтай юу, Ардын намтай юу гэдгийн аль нэгийг сонгох хэрэгтэй болно.Энд уран бэрийн нүүдэл хэрэгтэй.
 
 
Хоёрдугаарт, гарал үүсэл, угшил нэгтэй МАН-тай ам хэлээ ололцож, хүсэл сонирхол нэгдэж нийлсэн нөхцөлд хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Өөр өөр замаар явах нь өнөөдөр хэнд нь ч ашиггүй, харин ч хортой байж мэднэ.
 
 
Монгол Улс, монголын ард түмний амин чухал эрх ашиг дээр нэгдэн нийлж ажиллах ёстой. Энэ бол монголын нийгмийн өнөөгийн захиалга болон тавигдаж байгааг анзаарахгүй, анхаарахгүй байж боломгүй санагдана.
 
 
Тулгамдаад байгаа энэ хоёр асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэснээр МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр үлдэж байгаа хугацаанд бүрэн биелэх эсэх, тус эвслийн тэргүүнийг шоронгоос суллаж чадах эсэх нь шууд хамаарна.
 
 
Энэ нь эцсийн эцэст Монгол Улс хөгжих үү, эс хөгжих үү, Монголын ард түмний аж амьдрал дэгжиж дээшлэх үү, эсвэл уруудан дордох уу гэсэн асуултад хариулт өгнө гэсэн үг юм.
 
 
 
Доктор, профессор Т.Баасансүрэн