Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн зочноор УИХ-ын дэд дарга Л.Цогийг урилаа.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан газарт буюу Мянганы сорилтын сангийн хажууд Удирдлагын академийн хашаанд түүнд зориулж гэрэлт хөшөө босгох зэргээр МАХН-ынханд хийх ажил их байгаа бололтой.

Энэ мэтчилэн цаг үеийн асуудлаар УИХ-ын дэд дарга Л.Цогтой ярилцсан юм.

-Танай намын даргыг баривчилаад нэг жил болох гэж байна. Энэ өдөр маргааш тохионо. Үүнтэй холбогдуулаад танай намынхан маш олон арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна билээ. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Би хөдөө байж байгаад өнгөрсөн шөнө ирсэн учир энэ талаар надад мэдэх зүйл маруухан байна. Гэхдээ би намаас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаануудыг зөв, дэмжих ёстой гэж бодож байгаа. Ер нь Н.Энхбаяр даргыг тэр олон цагдаа хүчээр авч явах үед дотор нь байсан хүний хувьд би хэлмэгдүүлэлт болсон гэж бодож явдаг юм. Дээрх хэлмэгдүүлэлт болоод нэг жил болох гэж байхад байдал засрах нь бүү хэл дордож байна шүү дээ. Харин өнөөдөр энэ бүхнийг улс төрийн хэлмэгдүүлэлтийн сонгодог жишээ болгож ярьж байна. Цаашлаад МАХН гэдэг улс төрийн хүчнийг үзэн ядуулах уур амьсгалыг бий болгохоор ажиллаж эхэллээ.

-Н.Энхбаяр даргад зориулж гэрэлт хөшөө босгох гэж байгаа талаар?
-Хөшөө босгох талаар огт дуулаагүй юм байна. Хэрэв үнэхээр хөшөө барих гэж гэж байгаа бол энэ талаар ярилцах байх гэж бодож байна. Үнэхээр хөшөө босгох тухай асуудал байгаа бол би дэмжиж байна. Зүгээр жагсаал зохион байгуулах, хэлэх үнэхээр багадаж байна шүү дээ. Бидний хойч үедээ үлдээх эх орныг маань худалдаад байгаа хүмүүсийг шалгахгүй, шоронд хийхгүй атлаа хөрөнгө оруулж, “амбаар” нэмсэн тухай асуудлаар холбогдолгүй зүйл ярьж болохгүй шүү дээ. Цаашлаад даргыг шоронд байхад нь гэдсээр нь хооллох тухай асуудлыг хүртэл хөндсөн байна билээ. Үүнийг би хувьдаа яргалал гэж бодож байгаа. Олон улсад хүн алах арга гэж үзэж байгаа. Ийм байхад бид юу гэж зүгээр суух юм бэ.

-УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгчийг үг хэлж байхад та нэлээд дургүйцэж хуралдааныг хаяж гарсан. Ямар учраас тэр вэ?
-Би хувь хүнийхээ хувьд л үзэл бодлоо илэрхийлж чуулганы танхимыг орхиж гарсан юм. Бодоод үз л дээ. Ерөнхийлөгчийн ярьж, хэлж байсан зүйл дотор бодит амьдралтай нийцэхгүй маш олон зүйл байсан. “Ард түмний нуруу тэнийлээ” гэж байсан. Гэтэл өнөөдөр ард түмэн өрөнд ороод элгээрээ мөлхчихсөн байгаа шүү дээ. Гэмт хэргийн гаралт өсөж, ард түмнийхээ нүдэн дээр харгислал явуулснаас болоод айдаст автчихсан байхад ард түмний нуруу тэнийчихсэн байна гэж хэлэх нь зөв үү. Тиймээс би тухайн үед Ерөнхийлөгчид хандаж “Худлаа ярьж байна” гэж хэлсэн. Нөгөөтэйгүүр “Шударга ёс тогтож эхэллээ” гэсэн нь худлаа байсан шүү дээ. Тодруулбал хуулийн бүх эрх мэдлийг нэг хүн гартаа аваад өөрийн сүлжээ болгочихоод байгаа энэ үед тэгж хэлж болох уу. Баян, хоосны ялгаа тэнгэрт тулчихаад байхад “Ард түмэн жаргаж байгаа” гэж ярьж болж байгаа юм уу даа.

-МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсийн тоонд таны нэр орсон байна билээ. Хаврын чуулганы нээлтийн үеэр гаргасан үйлдлийг тань “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангаж эхэллээ” гэх зэргээр тайлбарлах хүн цөөнгүй байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Хэрэв би худлаа ярьсан бол хүмүүс тэгж ойлгож болно. Гэхдээ миний ярьсан үнэн гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Би тэр үед байдгаараа л байж хэлэх ёстой зүйлээ л хэлсэн. Харин ч зөөлөн хэлсэн гэж бодож байгаа шүү. Монгол Улсын Төрийн тэргүүн аль нэг намыг илт хамгаалсан үзэл баримтлалтай байж болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч ард түмнийхээ амьдралыг өөрийнхөө нүдээр биш ард түмний нүдээр харсан бол тийм зүйл ярихаас ичих байсан гэж бодсондоо би чуулганы танхимд Ерөнхийлөгчид үг хэлсэн юм. Энэ бүхнийг минь юу гэж ойлгох нь хувь хүний л асуудал гэж хэлэх байна.

-Танай намынхан чуулганы танхимыг орхиж гарч байхад танай намаас сонгогдсон сайд нар Ерөнхийлөгчийн үгийг үргэлжлүүлж сонсоод үлдсэн?
-Нэг л хүн үлдсэн. Сангийн сайд Ч.Улаан.

-Шадар сайд Д.Тэрбишдагва ч гэсэн хамт үлдсэн шүү дээ?
-Үгүй, үгүй. Шадар сайд Д.Тэрбишдагва гарсан шүү дээ.

-Намынхныгаа дагаж чуулганы танхимаас гараагүй хүмүүст хариуцлага тооцох тухай яриа гарах болсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу. Тэгэхээр ганцхан Сангийн сайд Ч.Улаанд хариуцлага тооцно гэсэн үг үү?
-Би тэр талаар ямар нэгэн мэдээлэл сонсоогүй юм байна. Гэхдээ тийм яриа гарч болно. Яагаад гэвэл намынхаа даргыг шоронд байгаа цагт бид “Сайн сайхан цаг ирж, шударга байна” гэж ярих нь зүйд нийцэхгүй шүү дээ. Одоо өрнөж байгаа асуудал бол зөвхөн Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлж байгаа юм биш. Эцсийн утгаараа МАХН гэдэг намыг устгаж, улс төрийн тавцангаас арчих гэсэн санаархал. Үүнийг бид яагаад хэлж, ярьж болдоггүй юм бэ. Ингэж хэлж, ярьсныхаа хүчинд л  бид ард түмний дэмжлэгийг хүлээсэн шүү дээ. Ард түмний дэмжлэгийг хүлээсэн намыг устгахыг хүссэн хүмүүс маш олон арга хэрэглэж байгааг бид мэдэхгүй явна гэдэг нь маш болхи асуудал болно гэдгийг хэлэх ёстой. Хэрэв тэгэх юм бол ёстой жинхэнэ боловсроогүй. Тэнэг гэдэг чинь л болох байх даа.

-Сангийн сайд Ч.Улаан хэн нэгний санаанд тааруулж ажилладаг хүн биш. Өөрийнхөөрөө ажиллана гэдгээ хэлсэн байна билээ. Тэгэхээр танай намын дотоодод хагарал үүссэн гэж ойлгож болох уу?
-Би яг тэгж хэлснийг нь сонсоогүй байна. Хэрэв манай намаас дэвшсэн сайд тэгж хэлсэн бол өөрийнхөөрөө ажлаа хийнэ гэсэн ойлголт байхгүй. МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн төлөө ажиллах үүрэгтэй. Тэгээд ч намын нэрийн жагсаалтаар УИХ-д орж ирсэн хүн намын бодлогын дагуу л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тэр бодлого нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцсэн байх ёстой гэдэг нь тодорхой. Шударга байх ёстой. Харин суудалдаа хорогдож намын үйл ажиллагааны эсрэг ярих юм бол хариуцлага тооцох механизм байх ёстой гэдгийг хэлэх байна.

-Таныг чуулганы танхимыг орхиод гарахад намын тань зарим гишүүн болон УИХ дахь Ардын намын бүлгийнхэн дагалдаж гарсан. Энэ бүхэн анхнаасаа зохион байгуулалттай байсан уу?
-УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр миний хийсэн үйлдэлтэй холбоотойгоор УИХ дахь Ардын намын бүлгийнхний хийсэн алхмыг би хувьдаа хүндэтгэж байгаа. Ерөнхийлөгчийн хэлсэн үг бодит байдалтай нийцэхгүй, шударга бус байсан учир тэд надтай ижилхэн байр суурьтай байсан юм болов уу. Ерөнхийлөгч тэр үед өөрийгөө магтан дуулуулах гэсэн уур амьсгалыг бүрдүүлэхийг хүссэн байх. Харамсалтай нь бүх зүйл үнэнд нийцэхгүй байсан учир л ийм асуудал бий болсон байх. Түүнээс биш бид зохион байгуулалттайгаар ийм асуудлыг үүсгэсэн юм огтхон ч байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй.

-УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ дахь Ардын намынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг өргөн барих гэж байсан ч төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн. Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг танай намынхантай урьдчилаад яриад тохирчихсон байсан гэх юм билээ?
-Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг тухайн намын бүлэг л мэдэх ёстой асуудал шүү дээ. Манай намынхантай энэ талаар урьдчилан ярилцсан байсан гэдэг асуудлыг би л хувьдаа мэдэхгүй юм байна. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн МАХН гэдэг намыг би дангаараа бүрдүүлдэггүй шүү дээ. Тиймээс манай намын хэнтэй, хаана юу ч ярьсан юм билээ. Би л хувьдаа тэр талаар огт мэдээгүй.

-Танай намынхан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай санал боловсруулж эхэлсэн гэсэн. Энэхүү саналынхаа үндэслэлийг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяанаар боловсруулуулсан гэж байгаа. Гэтэл Э.Эрдэнэжамъяан сайд тийм зүйл огт байхгүй гэж байсан. Энэ бүхнээс харахад танай намынхныг хэн нэгний эрхшээл дор үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь нотлогдоод байх шиг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Би энэ талаар огт дуулаагүй юм байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах ажлын хэсэг гараад түүнийг нь Э.Эрдэнэжамъяан дэд сайд ахалж байгаа асуудал байхгүй байх гэж бодож байна. Энэ асуудал бол УИХ-ын хүрээний асуудал. Тиймээс ийм асуудал байлаа гэхэд УИХ-ын гишүүдийн хариуцах ажил байх ёстой. Гэхдээ бид болохгүй асуудал болгоныг шүүмжилж байгаа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах бодит үндэслэл байгаа учир л тийм яриа гарч байгаа байх гэж бодож байна. Манай нам бол Монголын ард түмний итгэлийг хүлээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн хүчин болсон. Тиймээс “Нэг хүний эрхшээлд үйл ажиллагаа явуулдаг. Нэг хүний нам” гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Н.Энхбаяр даргын ярьж, тэмцэж, зорьж байгаа зүйлийг бид анхнаасаа дэмжиж, түшиж аваад нам байгуулаад явсан. Бид 90 жилийн түүхтэй намаа буйран дээрээ хадгалж үлдэж байна гэж бодсондоо л ингэж явж байгаа. Хэрэв бид буруу зүйл ярьж байсан бол Монголын ард түмэн дэмжихгүй л байх байсан. Гэтэл бид өнөөдөр УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авчихсан байна.  Гаднаас хараад хүмүүс юу гэж дүгнэх нь тэдний өөрсдийнх нь эрхийн асуудал.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.Сарангоо