Оршуулгын газарт эрхзүйн зохицуулалт хийнэ
2014/05/10
Монгол улсын хэмжээнд жилдээ дунджаар 16.000 гаруй иргэн нас барж байгаагаас 6500-7500 иргэн Улаанбаатар хотод нас барж байгаа аж. Өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт нас баралтын 44 хувь нь чандарлах зан үйлээр, 56 хувь нь далд оршуулах буюу газарт оршуулах хэлбэрээр нутаглуулж байна.
Газарт оршуулах зан үйлээр оршуулгын ажил хийхэд ойролцоогоор 15-20м.кв талбай шаардагддаг. Энэ хэмжээгээр тооцоход жил бүр нийслэлийн газар нутгийн 50-70 га газар оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа гэсэн үг.
Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, хаагдсан нийт 20 орчим оршуулгын газрууд бий. Зөвшөөрөлгүй оршуулгын газрууд, ил задгай тавих оршуулгын үйл ажиллагаанууд хотын ногоон бүсэд ихээр хийгдэж, байгаль орчныг бохирдуулан иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлд нөлөөлж байна. Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой хууль байдаггүй, нийслэлийн нутаг дэвсгэрт ямар субъект оршуулгын газрыг байгуулах, хаах тухай эрх зүйн зохицуулалт, хил хязгаар, нэгдсэн мэдээллийн сан байдаггүй юм.
Оршуулгын газрын хамгаалалтын бүсийг Монгол Улсын “Ариун цэврийн тухай хууль” болон “Хөдөлмөр. Аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага” MNS51052001 стандартад оршуулгын газар нь суурьшлын бүсээс 300 метр зайд байна гэж заасан. Гэтэл суурьшлын бүсэд нэвтэрч ил задгай шарил тавьсан, зөвшөөрөлгүй газар оршуулга хийсэн иргэнд хариуцлага тооцох, түүнчлэн гомдлыг нь шийдвэрлэх боломжгүй байгаа зэрэг асуудлаар эрхзүйн зохицуулалт алга байна.
Иймд оршуулгын үйл ажиллагаатай холбоотой дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр Хотын ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулж, нэгдсэн журмын төсөл, асуудлуудыг шийдвэрлэх төлөвлөгөөний төсөл боловсрулжээ.
Тус ажлын хэсэгт НЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн шүүхийн шинжилгээний алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Буяны зан үйл” холбоо зэрэг байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтнүүд орж ажилласан байна. Дээрх асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх тухай төслийг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.
Х.Даваа