Дэлхийн улс орнуудад хүүхдүүдийг хэрхэн вакцинжуулж байна вэ?
2021/09/14
Их Британид эрүүл мэндийн салбарын ахмад зөвлөхүүдийн зөвлөсний дагуу 12-15 насны хүүхдүүдийг “COVID-19”-ийн вакцинд ойрын хугацаанд хамруулж эхлэхээр болоод байна.
Их Британийн Засгийн газрын эрүүл мэндийн зөвлөхүүдийн хувьд өсвөр насны хүүхдүүдэд “Pfizer”-ийн вакцины нэг тунг санал болгох хэрэгтэй хэмээн үзжээ.
Дэлхийн бусад улс орнуудад өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг хэдийнээ эхлүүлсэн ч өөр өөр арга барилыг баримталж байна.
Европт вакцинжуулалтыг хэрхэн явуулж байна вэ?
Европын эмийн агентлаг /EMA/ “Pfizer”-ийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг тавдугаар сард зөвшөөрсөн. Түүнээс хойш Европын Холбооны /ЕХ/ орнуудад вакцинжуулалт өөр өөр хурдтайгаар явагдаж байна. Тухайлбал, Дани /12-15 нас/, Испанийн /12-19 нас/ хувьд хүүхдүүдийнхээ дийлэнх хувийг дор хаяж нэг тун вакцинаар дархлаажуулаад байна.
Францад ч мөн 12-17 насны хүүхдүүдийн 66 хувь нь нэг тунд, 52 хувь нь бүрэн тунд хамрагджээ. Тийнхүү 10 дугаар сар гэхэд эрүүл мэндийн паспортыг 18-аас доош насныхан дунд нэвтрүүлнэ. Ингэснээр өсвөр насны бүх хүүхэд кинотеатр, музей, зоогийн газар, худалдааны төвүүд рүү орохдоо вакцин хийлгэсэн юм уу шинжилгээний хариугаа сөрөг гарсныг нотлох баталгаагаа үзүүлэх шаардлагатай байна.
Зургаадугаар сард Германы эрүүл мэндийн салбарын зөвлөхүүд “COVID-19”-ийн вакциныг зөвхөн эрүүл мэндийн шалтгаан бүхий 12-15 насны хүүхдүүдэд санал болгохыг зөвлөсөн. Гэвч наймдугаар сараас “Дельта” хувилбар өргөн хүрээг хамран тархаж эхэлсэнтэй холбоотойгоор 12-оос дээш насны бүх хүн вакцинд хамрагдах боломжтой болжээ.
Харин Шведэд уушгины өвчтэй, багтраатай зэрэг өндөр эрсдэлтэй бүлгийн 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байна. ЕХ-ны гишүүн бус Норвегийн хувьд 12-15 насны хүүхдүүдэд вакцин тарих шийдвэрийг саяхан гаргасан боловч зөвхөн нэг тунг хийх бөгөөд хоёр дахь тунтай холбоотой шийдвэрийг хожим гаргах ажээ.
АНУ ба вакцинд заавал хамрагдах шийдвэр
Тавдугаар сард АНУ, Канадын холбогдох байгууллагууд “Pfizer”-ийн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг дэлхийн улс орнуудаас анхлан олгосон. Тийнхүү АНУ-д өсвөр наснынхныг вакцины хоёр тунд гурван долоо хоногийн зайтай хамруулж эхэлсэн юм.
Долоодугаар сарын эцэс гэхэд 12-17 насны хүүхдүүдийн 42 хувь нь эхний тунд, 32 хувь нь “Pfizer” юм уу “Moderna”-гийн вакцины хоёр тунд хамрагдсан байв. АНУ-д хүүхдүүдийг вакцинжуулах ажил “Дельта” хувилбарын тархалтаас үүдэн халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэж эхэлсэн үетэй давхацсан юм.
Америкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ сүүлийн тайланд мэдээлснээр, хүүхдүүд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол вакцинжуулалтын үзүүлэлт сул байгаа муж улсуудад өндөр муж улсуудынхаас 3.4-3.7 дахин өндөр байна.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын олон сургуулийн зөвлөл зарим эцэг эхийн эсэргүүцлийг үл харгалзан 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд заавал хамруулах талаар санал хураажээ. Тийнхүү Лос-Анжелес хотод саяхнаас вакцинд заавал хамрагдах шийдвэрт 600 мянган сурагчийг хамруулан өргөжүүлсэн бол Нью-Йоркт сурагчид бус сургуулийн ажилтнуудыг вакцинд заавал хамруулах шийдвэр гаргаад байна.
Мөн “Pfizer” компани “COVID-19”-ийн вакциндаа бага насны хүүхдүүдийг хамруулах туршилтыг хэдийнээ эхлүүлээд байгаа юм. Ийнхүү 5-11 насны хүүхдүүдийг хамруулсан туршилтын эхний үр дүн есдүгээр сард, зургаан сартайгаас дөрвөн настай хүүхдүүдийнх энэ оны эцсээр гарах төлөвтэй байна.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Жо Байден эрүүл мэндийн байгууллагууд эмнэлзүйн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дараа бага насны хүүхдүүдийг вакцинд “удахгүй” хамруулж эхэлж магадгүй гэдгийг мэдэгдээд байгаа юм.
БНХАУ-д гурваас дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байна
Зургаадугаар сараас БНХАУ-д 3-17 насны хүүхдүүдэд “Sinovac” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрч эхэлснээр ийм бага насны хүүхдүүдэд вакцин хийхийг зөвшөөрсөн анхны улс болсон юм.
Тус улс нь энэ оны эцэс гэхэд 1.4 сая хүн амынхаа 80 хувийг вакцинжуулах зорилт тавиад байгаа бөгөөд 18-аас доош насныхныг вакцинжуулахгүйгээр энэхүү зорилтод хүрэх боломжгүй байна.
Хэдийгээр БНХАУ-д “COVID-19”-ийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа боловч зарим орон нутгийн засгийн газар гэр бүлийнхэн нь вакцины хоёр тунд хамрагдаагүй сурагчдыг сургуульд явахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
“Sinovac”-ийн вакциныг мөн Ази, Африк, Өмнөд Америкийн олон оронд түгээмэл хэрэглэж буй юм.
Тухайлбал, “Sinovac” зургаан сартайгаас 17 настай хүүхдүүдийг вакциндаа хамруулах эмнэлзүйн туршилтыг Өмнөд Америкт саяхнаас эхлүүлээд байгаа ч Чилид энэхүү вакциныг зургаагаас дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг хэдийнээ зөвшөөрсөн байна.
Энэтхэгт эхлээд насанд хүрэгчдийг вакцинжуулна
Энэтхэгийг өсвөр насны хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг гэж үздэг бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангийн /UNICEF/ тооцоогоор тус улсад ийм насны 253 сая орчим хүүхэд амьдардаг. Үндэсний ийлдэс судлалын газрын /NSS/ хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, цар тахал дэгдэж эхэлснээс хойш хүүхдүүдийн 60 орчим хувь нь коронавирусээр халдварлажээ. Иймээс тэдэнд дархлаа тогтсон байх магадлалтай байна.
Наймдугаар сард Энэтхэгийн эмийн бүтээгдэхүүний чанарын хяналтын газар дотоодын “Zydus Cadila” эмийн компанид гарган авсан шинэ вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн нь өсвөр насны хүүхдүүдийг хамарсан анхны зөвшөөрөл болжээ.
Энэхүү вакцины хувьд уламжлалт тариур бус зүүгүй тариур ашиглан гурван тусдаа тунг хийлгэх шаардлагатай байна. Мөн “Zydus Cadila” хоёр болон түүнээс дээш насны хүүхдүүдийг хамруулсан туршилтаа удахгүй эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Засгийн газрын шинжлэх ухааны зөвлөхүүдийн мэдээлснээр, эрүүл мэндийн шалтгаан бүхий 12-17 насны хүүхдүүдийг 10 дугаар сараас вакцинжуулж эхэлж магадгүй байгаа ч өргөн хүрээг хамарсан вакцинжуулалтын хувьд насанд хүрэгчдийн хөтөлбөрийг дууссаны дараагаас буюу оны эцсээс л эхлэх төлөвтэй байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг