Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс  үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас “Хариуцлагын гэрээ”-ний талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Хоол үйлдвэрлэлийнхэн нийслэлийн  удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж байгаа. Энэхүү гэрээний биелэлт ямар түвшинд байна вэ?

 

-Нийслэлийн Засаг даргаас санаачлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар болон  Нийслэлийн Цагдаагийн удирдах газрынхан хоол үйлдвэрлэгчидтэй уулзаж, эхний ээлжид ресторан, зоогийн газрын  удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажилласан. Бусад байгууллага ч үе шаттайгаар гэрээ байгуулан, үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2548  аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

 

-“Хариуцлагын гэрээ”-ний үр дүн ямар байна вэ?

 

-“Хариуцлагын гэрээ”  нь төр болон аж ахуйн нэгж, иргэн гэсэн гурван тал хариуцлагатай байж, цар тахлыг давж гарна гэдэг үндсэн ойлголтын суурь болж өгснөөрөө онцлог. Аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд сэтгэл өндөр байгаа. Гурван байгууллагын баталсан удирдамжийн дагуу хяналт, шалгалтыг үе шаттай явуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Түр журмын биелэлт хангаагүй, гар ариутгагч байршуулаагүй зэрэг зөрчлийг тухайн үед нь хэлж, арилгуулж байгаа.

 

-Сүүлийн үед хурим, найр хийсэн зэрэг ноцтой гэмээр зөрчил мэр сэр дуулдаж байна?

 

-“Хариуцлагын гэрээ”-нд энэ тухай маш сайн тусгасан. Гэрээг байгуулахын өмнө ресторан, зоогийн газар, диско баар, караоке, лоунжны үйл ажиллагаа эрхлэгчидтэй нэг бүрчлэн уулзаж, хориглох үйлчилгээ, зүйл заалтыг нарийн танилцуулсан байгаа. “Хариуцлагын гэрээ”-нд олныг хамарсан хурим, найр, хүлээн авалт хийхийг хориглоно гэж тодорхой заасан. Нэмэлт тоног төхөөрөмж ашиглахыг ч хориглосон юм. Хориглосон үйл ажиллагаа явуулсан эхний хоёр тохиолдолд сануулга өгч  байна. Харин гурваас дээш удаа олныг хамарсан үйл ажиллагаа явуулбал “Хариуцлагын гэрээ”-г цуцалж байгаа. Гэрээг цуцалсан тохиолдолд тухайн аж  ахуйн нэгж 22:00 цаг хүртэл зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Заалаар үйлчлэхгүй.

 

-Шөнийн клубүүд оройн цагаар маш олон хүнд согтууруулах ундаагаар үйлчилж байна гэж иргэд гомдоллож байгаа?

 

-Шөнийн клуб ч ялгаагүй “Хариуцлагын гэрээ” байгуулсан. Гэрээнд зөвхөн хоол болон уух зүйлсээр үйлчилнэ гэж заасан. Нэмэлт тоног төхөөрөмж ашиглах буюу караоке ажиллуулж, хөгжим тавих зэргээр үйлчлэхийг хориглосон. Хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 11, 12-нд хийсэн хяналт шалгалтаар ноцтой зөрчил гаргасан 13 аж ахуйн нэгжийн  “Хариуцлагын гэрээ”-г цуцлаад байна.  Эдгээр газар 22:00 цаг хүртэл хоол хүргэлтийн үйлчилгээ эрхэлнэ.

 

-Аж ахуйн нэгжүүд хүчин чадлынхаа 50 хувьд хүрэхээргүй хэмжээнд задгай талбайд хурим найр хийхэд татгалзах шалтгаан юу вэ?

 

-Нийслэлийн удирдлагуудын зүгээс аж ахуйн нэгж, иргэдийнхээ үйл ажиллагааг дэмжих, нэг ч гэсэн газрын бизнесийг үргэлжлүүлэх, ажлын байрыг тогтвортой байлгах бодлого баримтлан ажиллаж байгаа. Гэвч эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар  согтууруулах ундаа хэрэглэсэн болон дуу чимээ ихтэй орчинд хүний дуу хоолой өндөрсөж, тэр хэрээр шүлс цацрах нь ердийн үеэс хэд дахин илүү байдгийг тогтоосон. Тиймээс олныг хамарсан арга хэмжээ битгий хийгээч гэж байгаа.