“e-Mongolia” шинэчилсэн хувилбараас бид юу хүлээх вэ?
2021/09/30
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” өнгөрсөн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр олон нийтэд танилцуулагдаж, нэг жилийн хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” систем нь давхардсан тоогоор 4.9сая гаруй үйлчилгээг цахимаар иргэдэд амжилттай үзүүлсэн бөгөөд 1 жилийн хугацаанд төрийн байгууллага руу ирж, буцах зардал, шаардагдах бичих баримт бүрдүүлэх зардал, цаг хугацаанаас үүдэлтэй зардал гээд нийт 46 тэрбум төгрөгийг иргэнээс хэмнэсэн гэсэн тооцоолол гарсан байна.
Тэгвэл тус систем нь нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд 10 дугаар сарын 1-нд нэвтрүүлэх гэж байна.
“e-Mongolia” шинэчлэгдсэн хувилбарт иргэн бүрт Digital ID үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг иргэний бичиг баримт цахим хэлбэрт шилжинэ. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй гэсэн үг.
Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг ажээ.
Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм.
Мөн иргэн та шинэчлэгдэж буй “e-Mongolia” системээс зээлийн мэдээлэл болон үнэт цаас, хувьцааны мэдээллээс харах боломж бүрдэж байгаа ажээ.
“e-Mongolia” нэвтрэхэд хялбар болно
“e-Mongolia” иргэдийн хэрэглээнд нэвтэрч эхэлснээс хойш иргэдээс санал хүсэлтийг авах лавлах утас буюу 11-11 төвийн 1 дугаар болон албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан авч буй. Иргэдээс ирж буй нийт дуудлагын 60 гаруй хувь нь “e-Mongolia” систем рүү нэвтрэх асуудал байдаг ажээ. Иймээс шинэчлэгдэж буй “e-Mongolia” системд иргэдийн танилт, нэвтрэлтийг хялбаршуулж байгаа юм. Тодруулбал, www.e-mongolia.mn сайт дээр QR байрших аж. Тус QR кодыг e-mongolia гар утасны аппликейшнээр уншуулмагц систем рүү хялбар нэвтрэх боломжтой болох юм. Мөн пин кодоор нэвтрэх хөгжүүлэлт хийгдсэн ажээ.
Танд хэрэгтэй үйлчилгээг “e-Mongolia” санал болгоно
Хиймэл оюун ухаанд суурилсан “e-Mongolia” систем нь иргэн танд ажлын байр, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, боловсролын тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт Монгол Улсын иргэн бүрд хэрэгтэй төрийн үйлчилгээ, хөтөлбөрүүдийг санал болгох юм.
Мөн цаашид иргэний гадаад паспорт, жолооны үнэмлэх зэрэг иргэний бичиг баримтын хугацааг дөхөж буйг сануулах хөгжүүлэлтийг хийж байна.
Ажил бүтээхэд тань “e-Mongolia” тусална
Шинэчлэгдсэн “e-Mongolia” системд улсын бүртгэлийн 60 гаруй үйлчилгээнүүд нэмэгдэж орж байна. Тодруулбал, “e-Mongolia” системээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 24 төрлийн лавлагаа, иргэний бүртгэлийн 3 үйлчилгээг иргэд авах боломжтой бол энэ 2021 онд хуулийн этгээдийн 10 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүллээ. Үүнд,
Хуулийн этгээдийн оноосон нэр баталгаажуулах
Хязгаарлагдмал хариуцлагатай компани шинээр үүсгэн байгуулах
Нөхөрлөл шинээр үүсгэн байгуулах
Холбоо шинээр үүсгэн байгуулах
Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өөрчлөх
Хуулийн этгээдийн хаяг өөрчлөх
Хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөх
Хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөх
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим гэрчилгээ зэрэг үйлчилгээг e-Mongolia.mn сайтаас цахимаар авах боломжтой.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 20 гаруй үйлчилгээ шинэчлэгдэж буй “e-Mongolia” системд орно.
Үүний зэрэгцээ тус системээс 100 орчим тусгай зөвшөөрлийг авах, сунгуулах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой ажээ.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан Авилга хүнд суртлын эсрэг 11-11 төвөөр дамжуулан иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэн хүнд сурталтай, шат дамжлага ихтэй үйлчилгээг цахимжуулж байна. Хамгийн их гомдол бүртгэгддэг ачаа тээвэрлэлтийн С зөвшөөрлийг цахимжуулаад байна.