Б.ТӨГС

Ирэх оны улсын төсвийн төсөл эдийн засгийн салбарт гол сэдэв болоод байна. Өнгөрсөн долоо хоногт 2022 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан юм.

Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд боловсруулсан төсөв гэдгээрээ энэ удаагийнх нэлээд онцлогтой.Тиймээс Засгийн газраас ч эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боловсруулсан гэдгийг удаа дараа онцлоод байгаа юм. Тэгвэл Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөн барьсан 2022 оны улсын төсвийн төсөлд тусгагдсан онцлох гурван бодлогыг тоймлож байна. 

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ХӨГЖЛИЙН ТӨСӨВ

Уул уурхайгаас гадна Боловсруулах аж үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Эрчим хүч,  Аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, Тээвэр логистик, Бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд энэ жилийн улсын төсөв зориулагджээ. Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ.
Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн биржийн хуулийн төслийг өргөн барьж, уул уурхайн томоохон төслүүдийн хайгуул, олборлолтыг эрчимжүүлж, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайг ашиглалтад оруулахыг эрмэлзэнэ. 
Тавантолгой Гашуунсухайтын замыг 2022 онд багтаж ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно. Зүүнбаян-Ханги мандлын төмөрзамыг төр хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтаан эхлүүлнэ. Чойбалсан-Хөөт бичигт болон Зүүн болон Баруун босоо чиглэлийн төмөрзамын техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана. Эдгээр төсөл нь тээвэр логистикийн болон транзит хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортын шинэ гарцуудыг нээхэд чухал ач холбогдолтой. 
Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн автозамуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөгийг тусгажээ. Хувийн хэвшлээ дэмжих бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж, төрийн зарим үйлчилгээг либералчлах ажлыг үе шаттай эхлүүлэх аж. Төр одоогоор 51.5 мянган орон тоогоор хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг эрхэлж байна. Хэрэв эдгээр чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлбэл аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 218 орчим тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлж, ажлын бүтээмж, цалин хөлс одоо байгаа түвшнээс дээшлэх боломжтой гэж үзжээ. Эдийн засгийг тэлэх зорилгоор суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой.

ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИХ ТӨСӨВ 

Хуримтлалын сангийн тогтолцоонд үе шаттай шилжин орох зорилтын хүрээнд “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгэж, ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлнэ.
Өнөөдөр манай улсын 2.7 сая иргэд ямар нэг хэлбэрээр халамжийн сангаас тэтгэмж авч байна. Энэ нь Монгол Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байна.  Тиймээс халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээс өөр гарцгүй юм.  Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэдэг зарчмын дагуу хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн Халамжаас-хөдөлмөрт шилжих цогц шинэчлэл хийнэ. Цар тахлын үед зүрх судас, амьсгалын тогтолцоо, хавдар, хоол боловсруулах эрхтний суурь өвчлөл, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах тогтолцоонд 2022 оны төсвийн жил шилжинэ. Чанартай боловсролыг хангах зорилгоор Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийг өргөн бариад байгаа бөгөөд цахим боловсрол, үр дүн, гүйцэтгэлд суурилсан шинэчлэлийг мөн 2022 оны улсын төсөвт тусгажээ.

ХОТ ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЗОХИСТ ТЭНЦВЭРИЙГ ХАНГАНА

2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхгүйгээр нийслэл хотын төсөвт үлдээсэн.
 Мөн Богдхаан уулыг тойрсон төмөр замын бүтээн байгуулалт, Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хөшигийн хөндийн эдийн засгийн бүсийн дэд бүтцийн асуудал, нийтийн тээврийн шинэлэг шийдэл болох баганан тулгуурт тээврийн хэрэгслийн бүтээн байгуулалт, Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон хурдны замын ажлууд ирэх жил эхэлнэ гэв.   Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийн асуудал бол хөдөөгийн хөгжлийн түвшин тааруу байгаатай шууд холбоотой. Тиймээс хот хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилгоор шаталсан санхүүгийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн төслүүдтэй уялдуулах, Дарханы арьс ширний цогцолборын ажлыг эхлүүлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр тусгажээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин