Т.АМАРТҮВШИН


Ардчилсан нам Онц Их хурлаа эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хуралдуулж, шинэ удирдлагаа сонголоо. Бүтэн жил талцаж, хоёр хуваагдан маргасан асуудлаа шийдэхээр О.Цогтгэрэл болон М.Тулгат нар харилцан зөвшилцөж, намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхийн саналаар Их хурлаа хуралдуулсан юм.

Намынхаа Их хуралд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, хороог төлөөлж 1318 гишүүн оролцохоор сонгогдсон. Тэднээс 1258 төлөөлөгч нь ирж, 95 хувийн ирцтэй Их хурал эхэлсэн юм. Их хурлын эхэнд тэргүүлэгчдийг сонголоо. Намын ээлжит бус Их хурлын тэргүүлэгчдийн даргаар Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, тэргүүлэгчээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, А.Адьяасүрэн, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Үндэсний бодлогын хороо­ны гишүүн Д.Наран­бад­рах нар сонгогдов. Хурлыг зохион байгуулагчид Монгол Улсын газрын зургийг хэвлэн авчирсан байв. 

Ардчилсан намын анхан дунд шатны намын дарга, их хурлын төлөөлөгч нар Онц Их хурлыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, оролцоогоо баталгаажуулан сум тус бүрийнхээ газрын зурагт тамгаа дарж, гарын үсгээ зуран баталгаажуулсан юм. Нийт 330 сумын АН-ын дарга нарын 300 орчим нь өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон бол 21 аймгийн АН-ын дарга нар бүгд ирсэн байлаа. Энэ нь Ардчилсан нам бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглан хуралдаж буйн илрэл гэж хурал даргалагч онцлов. Ардчилсан нам орон нутгийн сонгуульд найман аймагт ялалт байгуулсан. Нийт 145 суманд АН ялалт байгуулж, нийслэлийн нэг дүүрэгт эрх барьж буй ажээ. Дотоод сонгуулийн хороо, мандатын комиссын дүгнэлтийг сонсож, Их хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, тооллогын болон редакцын комиссыг батлан, хэлэлцэх асуудлууд руугаа орсон юм.

Онц Их хуралд Ерөнхий­лөгч асан Ц.Элбэгдорж, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ дахь намын бүлгийн 13 гишүүн, УИХ-ын гишүүн болон сайдаар ажиллаж байсан эрхмүүд хүрэлцэн ирсэн байлаа.Монгол Улсын баатар, АН-ын анхны дарга Э.Бат-Үүл Онц Их хурлыг зарлах болсон шалтгаан, түүнтэй холбоотой үйл явдлын талаарх мэдээллийг төлөөлөгчдөд өгөв. Тэрбээр “Өнгөрсөн сонгуулиар би намынхаа залуучуудтай хамтарч ажиллахдаа үнэхээр бахархсан. Тэд бие биеэ нөхөж багц болж ажиллаж чадаж байсан. Хувьсгалын үеийн залуус ийм байдаг. Бид ардчилсан хувьсгал эхлүүлж байхдаа яг тэдэн шиг ажиллаж хувьсгал амжилттай болсон. Одоо та нарт жаахан зориг, уур, бухимдал хэрэгтэй байна. Өнөөдрийн аюултай тогтолцооноос гарахын тулд манай нам нэгдэхээс өөр ямар ч аргагүй байгаа. М.Тулгат тэргүүтэй залуус энд ирээгүй ч битгий тэдэнд уурлаарай. Тэд нэгдэхгүй гээгүй. Нэгдэх гинжин урвал явж байна. АН анх удаа хагараагүй, хагарч нэгдэж сурсан арвин туршлагатай нам. Хагарч үзсэн нэгдэж чаддаг нам шүү дээ. Ардчилсан нам сая яагаад хагарсан гэхээр дарга удирдах гээд байсан. Ардчилсан намыг дарга биш манлайлагч удирдаж авч явдаг шүү” гэлээ.

Түүний дараа УИХ-ын гишүүн асан Ш.Түв­дэн­дорж 2020 оны сонгуу­лиас хойш болсон үйл явд­луудын талаархи, АН-ын ҮБХ-ны гишүүн, Өвөр­хангай аймгийн намын дарга, хуульч О.Ал­тан­­гэрэл Ардчилсан намын улсын бүртгэлтэй холбоо­той үүссэн хууль зүйн асуудлуудын талаарх мэдээл­лийг хүргэлээ. О.Алтан­гэрэл “Энэхүү Их хурал Ардчилсан намын хувьд хууль зүйн хүрээнд асууд­лаа шийдэх сүүлийн гарц, үүнээс өөр гарц байх­гүй. Бидэнд өөр хууль зүйн гарц үлдээгүй, зөвхөн улс төрийн тэмцэл  үлдэнэ. Их хурлаар маргаанаа шийдэх бүрэн боломжтой” гэв.

 

Ц.ЭЛБЭГДОРЖ: АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ХЭН БАЙХЫГ ШҮҮХ ШИЙДЭХГҮЙ

Мөн АН-ыг удирдаж байсан эрхмүүд болон УИХ-ын зарим гишүүн их хурлын төлөөлөгчдөд хандан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их хурлын төлөөлөгчдөд хандан үг хэллээ.Ц.Элбэгдорж “Монгол төрөөс Ардчилсан намынхан явж, ялагдаж болно. Харин Монгол Улсаас ардчилал, эрх чөлөө явахгүй ээ. Сая болсон СХД-ийн сонгууль бол МАН болон МАХН-ы хийсэн гэрээг л биелүүлсэн сонгууль боллоо. МАН сонгуульд ялж сурсан байна. Гэвч тэд ардчилсан арга замаар улсыг удирдаж сураагүй байна. Ардчилсан намын санаачилсан баталсан “Ирээдүйн өв сан” руу Ардын намынхан хуруугаа дүрэх гэж байна. Монгол ард түмний эрх чөлөөг хүсэх хүслийг, мэдрэмжийг хэн ч дарж чадахгүй. Ардчилсан намын дарга хэн байхыг шүүх шийдэхгүй, Ардын нам ч шийдэх ёсгүй. Ардчилсан намын гишүүд, намын олонх та нар шийдэх ёстой” гэв.

АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ардчилсан нам хагараагүй, цулаараа байгаа гэдгийг харуулж ирсэн та бүхэндээ баярлалаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлснээр АН хаана байхыг Ардчилсан намын дарга хэн байхыг улсын бүртгэл, шүүх тэр бүү хэл МАН ч шийдэхгүй гэдгийг давтан хэлье. МАН-ыг ялах нь бидний зорилго биш ээ. Монголыг хөгжүүлэх нь бидний зорилго. Гэхдээ МАН-ынхан Дарханы замыг “будаа болгож” байхад гурван гишүүн сонгогдоод байгааг л би гайхаж байна” гэлээ.УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “АН нэгдэж, эв нэгдлээ хангах асуудлыг дэмжиж байна. Намайг Бүлгийн даргаас чөлөөлнө гэж байгаа. Би Бүлгийн даргын ажлаа өгөхгүй. Би хулгай хийгээгүй, бидон тараасан нь үнэн. Үүнд шүүмжлэх зүйл байхгүй” хэмээв. Түүний хэлсэн үгэнд их хурлын төлөөлөгчдийн зарим нь дургүйцлээ илэрхийлсэн.

Мөн УИХ-ын дэд дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа намын их хурлын төлөөлөгчдөд хандан “Өнөөдөр аргагүй Монгол бахархлын өдөр. Өнцөг булан бүрээс хуран цугласан гишүүдээ харах сайхан байна. Намын бүх арга хэмжээ, ухуулгын ажилд манай эмэгтэйчүүд 30 жилийн турш гутлын улаа эргэтэл явсан. Ялбал баярлаж, ялагдахад эмэгтэйчүүд хамгийн ихээр гунигладаг. Эмэгтэйчүүдийнхээ төлөө намын удирдлагууд минь нэгдээч. Эрчүүдийн дунд өш хонзон байгаа, гэхдээ одоо тайлах цаг болсон. Бид дайснууд биш, Ардчилсан намынхаа туган дор нэгдэх ёстой” гэв.

Их хуралд 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэллээ. Тэд үндсэн хоёр санал гаргав. Нэгдүгээрт, Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж цэг тавих,  хоёрдугаарт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн санал хэлж байв. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ орж ирж, хурлын үйл ажиллагааг эсэргүүцсэн юм. Тэрээр “Онц Их хурал нь хууль бус үйл ажиллагаа” хэмээн шүүмжлэв. Харин төлөөлөгчдийн зүгээс “Их хурлын төлөөлөгчийн мандатгүй хүн орж ирэх боломжгүй” хэмээн түүнийг хурлын танхимаас хөөж гаргаснаар маргаан эцэслэгдэв.

Их хурлын тэргүүлэгчид долоон заалт бүхий тогтоолын төсөл гаргаж, төлөөлөгчдийн саналаар төслийг дэмжив. Тодруулбал, С.Эрдэнэ АН-ын даргын ажлаа өгсөн ч цахим хурал зохион байгуулсан, М.Тулгатыг намын даргаар томилсон зэрэг шийдвэрүүд хүчингүй хэмээн Онц их хурлын төлөөлөгчдийн 99 хувь нь үзэв.

 

О.ЦОГТГЭРЭЛ: АН-Д ЭВЛЭРЛЭЭС ГАДНА ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ

О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон батлах асуудлыг хэлэлцсэн юм. Санал хураалт явуулахад 99 хувийн саналаар түүнийг намын даргаар батламжиллаа. Ардчилсан намын даргаар батламжлагдсан О.Цогтгэрэл “Өнөөдрийн энэ хурал бол баярын хурал биш. Цаасан дээр нэр нь, шүүх дээр бүртгэл нь байгаа ч иргэдийн итгэлээс, гишүүдийн бахархлаас өдрөөс өдөрт үргэн алга болсоор байгаа дотоод асуудлынхаа шалтгааныг олох ёстой хурал. Эвсэж, хамтраад ч болтугай эрх барьдаг байсан удаатай ч дөнгөж бүлэгтэй болсондоо баярладаг, бүр зарим сонгуульд тавхан хувийн дэмжлэг авсан төдийхөн болсон нөхцөл байдалдаа дүгнэлт хийх хурал. Гэхдээ бас өнөөдрийн энэ хурал бол гомдол, гутралын Их хурал биш. 

Ардчилсан нам маань ахин сэргэх болов уу гэх айдсаа, арай ч бүх юм шалдаа буучихаагүй байгаа гэсэн эргэлзээгээ тайлах хурал. Яавал бүтэн ялж, бүрэн засаглаж, гишүүддээ итгэлийг, иргэддээ эрхийг нь, эдийн засгийн баталгааг нь өгөх вэ? гэдэгтээ хариулт өгөх ёстой хурал юм.

Тэмцэл, талцалд ялагч тал гэж үгүй. Ганц ялалт бий нь эвлэрэл. Ардчилсан намын хувьд дан ганц эвлэрэл байгаад ч төр болтол бүтэцжсэн эрх баригчдыг ялж, засгийн эрхийг авах боломжгүй. Эвлэрэл дээр нэмэх нь шинэчлэл хэрэгтэй. Иймээс асуудал үүсгэж буй талуудын алинтай ч амин хувийн эрх ашиг, аль эсвэл үл ойлголцол байхгүй учраас эвлэрэл, нэгдлийн гүүр больё гэж, эргэн сэргэх шинэчлэлийн элч болъё гэж амаргүй энэ асуудлын голоор орж Ардчилсан намын даргын сунгаанд би нэрээ дэвшүүлсэн. Иймдээ ч өнөөг хүртэл эв, эвлэрлийн талд хүлээцтэй явсаар ирснийг маань та бүхэн мэднэ. Ойлголцол, зөвшилцлийн олон удаагийн оролдлогын дүнд есдүгээр сарын 27-ны өдөр Ардчилсан намын анхны дарга нар болох Э.Бат-Үүл, Б.Батбаяр болон М.Тулгат бидний зүгээс энэ их хурлыг арваннэгдүгээр сарын 5-нд гэж товлож, бэлтгэл ажлууд эхэлсэн.

 

Итгэл хамгийн сүүлд бөхдөг гэдэг шиг 40 хоногийн өмнөх ойлголцол, эвлэрэл, ялалтын төлөөх тэмүүллээ хүндэтгээд С.Эрдэнэ, М.Тулгат тэргүүтэй нөхдөө инээгээд энэ танхимд ороод ирнэ гэсэн итгэл одоо ч надад байна. Оройтсон ч гэсэн хамаагүй олон дээрээ, намын журмын нөхөд дээрээ ирж асуудлаа, шийдлээ цугтаа ярилцацгаая. Бүртгэл, шүүхийн нэхэж буй бичиг баримтыг бүрдүүлээд, алдсан орон зай, боломжоо хурдан нөхөцгөөе. Эргэлзээ, айдсаа энэ танхимд тайлж хаяцгааж, итгэл зоригоор зэвсэглэцгээе. Ардчилсан намын үүд хаалга үргэлж нээлттэйг сануулья” гэв.

 

Л.ГАНТӨМӨР: ДАЛААД ОНЫХОН АЧААНЫ ХҮНДИЙГ ҮҮРЬЕ

Намын даргаар бат­ламж­лагд­сан О.Цогтгэрэл Их хурлын тэргүүлэгчдэд хандан намын Үндэсний бодлогын хороог хурал­дуулах санал гарга­лаа. Намын даргын шийдвэ­рээр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдав. Хуралдааны эхэнд АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн асан Лувсаннямын Гантөмөрийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох саналыг хэлэлцүүлэхээр оруулсан юм. Үндэсний бодлогын хорооны гишүүд Л.Гантөмөрийг 100 хувийн саналаар намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ. АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Л.Гантөмөр “Ардчилсан нам одоо дотоод зөрчил, маргаан гэдэг асуудлын тухай ярилцахгүй. Мэргэжил, туршлагатай шилдэг нарийн бичиг нараар баг бүрдүүлж, 10 гаруй хэлтэстэй ажиллана” гэлээ. Тэрээр намын бүтцэд ажиллах багаа танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмүүжин, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир, Ерөнхийлөгчийн зөвлөх асан, хуульч Ч.Өнөрбаяр, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Гантулга нарын мэдлэг чадвартай хүмүүсийг намын нарийн бичгийн даргаар урьж ажиллуулах саналтай байгаагаа илэрхийлэв.

Л.Гантөмөр “Энэ хүмүүст намын нарийн бичгийн даргаар ажиллах санал тавьсан. Зарим нь зөвшөөрсөн. Мөн АН нэг дэд даргатай байж болох юм. Түүнээс олон дэд дарга тавьж, сэтэр зүүж хэрэггүй. Дэд даргаар М.Тулгат ажиллаж болох юм” гэлээ. ЕНБД-ын хэлсэн нарийн бичгийн дарга нарын хувьд дал, наяад оныхон аж. Тэдний олонх нь АН-ын нарийн бичгийн даргаар ажиллах хүсэлтийг хүлээн авчээ. Харин М.Тулгатын хувьд АН-ын дэд даргаар ажиллаж, олонх дээрээ нэгдэж ирэх эсэх нь тодорхойгүй үлдэв. АН-ын Их хурлын төлөөлөгчдийн хувьд хурлаас гарсан шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, “Намд шинэчлэл хийгдлээ” гэцгээж байв.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН