Монголын бурханы шашинтны шинэ төвийн тэргүүн Монголын их хүрээ хийдийн хамба номун хан З.Санждоржтой ярилцлаа.

Та хэд хоногийн өмнө Гандантэгчэнлин хийдтэй холбоотой баримтуудыг дэлгэж, хэвлэлийн хурал хийсэн. Үүнтэй холбоотойгоор асуухад Гандантэгчэнлин хийд өөрсдийгөө Монголын бурханы шашинтны төв гэж ярьдаг. Хууль эрхзүйн хувьд үнэхээр Монголын бурханы шашинтны төв мөн үү? Нийт сүм хийдүүд хуралдаж, үүнийг нь хүлээн зөвшөөрсөн зүйл байдаг уу? 

 

Гандантэгчэнлин хийдийг Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Бүтэн нэр нь Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд гээд албан ёсны бичиг баримт дээр энэ нэрээрээ явж байгаа. Тэгэхээр үүний талаар нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй байна. Манай Монголчууд сүсэг бишрэл ихтэй хүмүүс учраас төв Гандантэгчэнлин хийдийнхээ бичиг баримтыг шалгаад явалтай биш. Бүгд уламжлалт аргаараа өдийг хүртэл итгээд, сүсэглээд ирсэн. Ялангуяа Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Соёлын сайд гэх мэт хүмүүст  энэ талын нарийн ойлголт байхгүй юм байна гэж би ойлгосон. Нуух юу байхав, би ч гэсэн мэдэхгүй, бусдын жишгээр Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд гэж ойлгож байсан.

 

Шашны эрхзүйн асуудал, акт, бичиг баримтыг хуулиараа Захиргааны шүүх авч хэлэлцдэг дүрэм, журамтай юм байна. Би яагаад үүнийг мэдэх болсон юм бэ? захиргааны хэрэг дээр би нэхэмжлэгчээр, Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд маань хариуцагчаар оролцсон. Учир нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын бүрэн эрхэд шинээр сүм, хийд байгуулах асуудал хамаардаг. Холбогдох хуулийн 3.3-р заалтад шинээр сүм, хийд байгуулагдахад заавал Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс албан ёсны тодорхойлолт авна гэсэн байдаг. 4,5 жилийн өмнө Монголын бурхан шашинтны сүм, хийдүүдийн хамба, лам нар нийлээд чуулган, хурал хуралдуулсны үндсэн дээр нэг шинэ шашны байгууллага бүртгүүлэх гээд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралд холбогдох  материалуудаа бүрдүүлж өгсөн. Тэгсэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ажлын албаны дарга нь “-Таны материал бараг бүрэн байна. Одоо ганцхан журмаараа Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс албан ёсны тодорхойлолт аваад ир” гэж хэлсэн байдаг. Гэтэл Гандантэгчэнлин хийд нь  тодорхойлолт өгдөггүй. Ийм байдлаар олон хийдүүд хохирсон байх юм. Энэ шашны тухай буруу заалтаас болоод сүм хийдүүдийг хэлмэгдүүлээд байдаг.  Бид нар энэ журмын асуудлыг шийдүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. 

 

Тэгээд хоёр, гурван жилийн туршид судалсны эцэст энэ журам  хууль бус гэдгийг нь нотолсон. Одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албажаад НИТХ болон Гандантэгчинлэн хийд гуравдагч этгээдээр оролцоод миний хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр 3,3-т заасан шинээр бүртгүүлэх сүм хийдүүд Гандантэгчинлэн хийдээс албан ёсны тодорхойлолт авна гэдэг заалт хууль бус болохыг тогтоогоод, хүчингүй болгосон. Уг хэргийг шийдүүлэх явцад Захиргааны хэргийн шүүх Гандантэгчинлэн хийдийн бүх материалыг татаж авсан байдаг. Үүн дээр маш олон ноцтой асуудлууд гарч ирсэн. 2005 онд Ц.Нямдорж сайдын 60-р тогтоолоор гарсан тушаалын хавсралт дээр Гандантэгчинлэн хийдийн нэр байгаагүй. Ингээд бүртгэгч алдаа гаргасан юм уу? гээд олон удаа шүүлгэсэн. Бүртгэл дээр ямар ч алдаагүй байсан. Шүүхээр албадан гаргуулсан материалууд дотор Гандантэгчинлэн хийдийн гэрчилгээ нь байгаа атлаа хавсралт нь огт байхгүй. Гэхдээ 2 байгууллагаа нэгтгээд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд гээд 1 гэрчилгээ авчихсан. Ийм учраас өнөөдөр Гандантэгчинлэн хийд хууль эрх зүйн хувьд ажиллах чадамжгүй гэсэн үг. Энэ бол маш том асуудал. Гандантэгчинлэн хийдээс гарсан бүх тушаал, шийдвэр, соёлын өвтэй холбоотой асуудал, гадна дотны байгууллагуудтай харьцах, банк санхүүгийн гүйлгээ гээд бүгд эрхзүйн чадамж байхгүй. 

 

Та өөрийгөө номун хан гэж танилцуулсан. Хэдэн сарын өмнө Гандан хийдийн хамба лам Д.Чойжамц номун хан цол хүртсэн гэж шашины ёслол хийж байсан. Энэ ямар учиртай цол юм бэ? Д.Чойжамц хамба та хоёр адилхан номун хан гэсэн үг үү?

 

Хамба номун хан гэж цол юм. Монголын шашны хамгийн эрхэм цол буюу шашнаа удирддаг хүнээ Богд гэгээн гэдэг.Түүний дараагаар Хамба номун хан гэж бий. Энэ бол томилогддог албан тушаал. Тамгатай. Товчхондоо Хамба номун хан гэдэг нь хүрээ хийдүүдийн өдөр тутмын дэглэмийг сахиулах үүрэгтэй, Богдын дараа орох албан тушаал юм.

1921 онд Ардын хувьсгал гарснаар энэ үйл ажиллагаа зогссон байдаг. Богд шашны үйл ажиллагаа чиглүүлэн, удирддаг, Хамба номун хан нь өдөр тутмын бүх үйл хэргийг зохицуулдаг ийм л үүрэгтэй юм. 1990 оноос шашин эргэн сэргэсэн.

Миний хувьд 1990 онд Монголын их хүрээ хийдийг дахин сэргээсэн, хүчин зүтгэсэн гэдэг утгаар тэргүүлэгч 9 хүний гарын үсэг, шийдвэрээр “Их хүрээ хамба номун хан” гэдэг цол хэргэмийг одоогоос 10 жилийн өмнө хүртэж, энэ нь оюуны өмчөөр баталгаажсан байдаг юм.

Гэтэл саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хичээнгүй зүтгэлт хамба номун хан” гэдэг цолыг Д.Чойжамц гуайд олгож батламжилсан. Нэг сонирхолтой зүйл нь энэ бүхнийг Ерөнхийлөгч батламжилсан явдал юм. Цаана нь том бодлого явагдсан юм болов уу? Хуулиараа бол төр нь шашны хэрэгт оролцож болохгүй шүү дээ. Ингэхээр хуулиас давсан шийдвэр гараад байгаа юм байна. Мөн энэ цолыг хоёр Ерөнхийлөгч солигдохын яг урд өдөр нь авсан байгаа юм. Цаанаа ямар учир, агуулгатай гэдгийг та бүхэн судлана биз. Гэхдээ бид 2 хоёулаа “Хамба номун хан” мөн. Би “Их хүрээ хамба номун хан” цолтой, Д.Чойжамц гуай “Хичээнгүй зүтгэлт хамба номун хан” юм. Үүгээрээ л ялгаатай. Ер нь “Хамба номун хан” ямар ач холбогдолтой юм бэ? гээд үзтэл Богдыг тодруулахад их үүрэг хүлээдэг уламжлалтай юм байна. Тэр утгаараа “Хамба номун хан” цолны ач холбогдол их өндөрт гарсан юм болов уу. Намайг энэ цолыг хүртэж байхад буюу 10 жилийн өмнө бол энэ тухай Богдын тухай яригдаж эхлээгүй байсан.

 

Монголын шашины тэргүүн 10-р Богдыг тодруулах тухай яриа шашины төдийгүй нийгмийн хүрээнд ид яригдаж байна. Ер нь 10-р Богдыг тодруулахын ач холбогдол нь юу вэ? Мөн хэн ямар шалгуураар 10-р Богдыг тодруулах ёстой юм бэ?

 

10-р Богд уу? 11-р Богд уу? гэдэг нь эргэлзээтэй асуудал. Гэхдээ Богдыг тодруулах нь маш их ач холбогдолтой. Бурханы шашнаа Монголчууд маань өнөөдрийг хүртэл шүтэж ирсэн. Тийм учраас хуучны ёсоо сэргээж, Монголын уламжлалт шашны тэргүүнээ сонгох нь зүй ёсны хэрэг. Ер нь өөр ямар ч улс гүрнээс хараат бус, хэн нэгэн алдартай хүнээс хамааралгүй, цэвэр биеэ даасан шашны тэргүүнтэй болно гэдэг нь маш их ач холбогдолтой үйл явдал. Гэхдээ шашины тэргүүнээ сонгохдоо бүх сүсэгтэн олонд хүлээн зөвшөөрөгдсөн, хууль ёсны, гадны ямар нэг байгууллага, хувь хүнээс хараат бус хүнийг маш зөв шалгуураар тодруулж, эрдэм мэдлэгтэй Монгол хүнийг Монголын бурхан шашинтаны тэргүүнээр залах нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь Богдуудын асуудал нилээд ээдрээтэй байсан л даа. 8-р Богдыг хүртэл маргаангүй байсан. Одоо бид 10-р Богд гээд яриад байна. Яагаад 10-р Богд юм бэ? 8-р Богд таалал төгсөж 9-р Богдын талаар ярьж эхлэх үед тухайн үеийн МАН хуулиар хутагт хувилгаадыг томилох асуудлыг хориглосон. Гэвч сүсэгтэн олны хүсэл их байсан учраас 1924 онд 9-р Богд тодруулах хөдөлгөөн гарч, Цэнджавын хүү Лувсандорж гэж хүнийг тодруулсан байдаг. Ийм баримт архивт байна.

Түүхээ гуйвуулж болохгүй. Сэлэнгэ аймгийн хүн байсан юм билээ. Хараагийн Дарь эхийн шавь Цэнджавын хүү Лувсандорж гэж хүнийг Монголчууд 9-р Богдоороо тодруулж байжээ. Гэвч сүүлд нь хэлмэгдүүлсэн бодит түүхтэй.

Гэтэл 1990 оноос хойш бодлогоор ч юм уу, гэнэт нэгэн нас өндөр, бие чилээрхүү ламыг Энэтхэг улсаас Монголын 9-р Богд гэж Далай ламын баталснаар залсан. Үндсэн түүхээ орхиод, ээдрээ будлиантай, бусдын хараат маягаар тодруулсан. Энэ нь хүчин төгөлдөр болж чадах уу? үгүй юу? Тийм учраас 10-р Богдын асуудал дээр болгоомжтой хандах ёстой. Сүүлдээ Богдын асуудал улстөртэй холбогдож эхэлсэн. Гэхдээ нэг гавъяатай зүйл нь дараагийн Богд гарах үүд хаалгыг нээж өгсөн нь ач холбогдолтой юм. Түүнээс нэг алдартай хүний батламжаар, эсвэл хөрөнгө чинээтэй баян хүний зээг Богдоор тодруулна гэдэг нь алдаатай, эргэлзээ мадагтай шийдвэр болох болов уу? Саяхан тэргүүн лам нарын зөвлөл 10-р Богдын асуудлыг хэлэлцлээ гэж байсан. Хуучин ёсоор Богдыг Банчин Богд тодруулдаг байсан. Тэгэхээр энэ нь одоо улстөрийн асуудал руу орж байгаа учраас аль алийг нь болиод, хэнээр нь ч батлуулах хэрэггүй. Алдаагаа ухамсарлаж, Монголчууд өөрсдөө маш нямбай, ард иргэдийн сэтгэлд сэвгүй, зөв хүнийг улс дотроосоо сонгож тавиасай. Одоо бидэнд алдах эрх байхгүй. 

 

Богдыг ер нь яг ямар шалгуураар тодруулдаг юм бэ? Гэнэт л нэг өдөр энэ хүн Богд гээд хэн нэгэн том лам зарлачихдаг юм уу? Сүсэгтэн олны өмнө ил тодоор ийм хүмүүсийг Богдод тодруулахаар сорьж байна гээд ил тод зарлаж болдоггүй юм болов уу?

 

Монголчууд бид хутагт хувилгаадаа тодруулж байсан арвин туршлагатай, сайхан уламжлалтай ард түмэн. Яаж шалгаруулж байсан нь маш тодорхой. Албажуулж тамга дарж, хэн нэгэн хүн тодруулдаггүй. Өөрийнхөө авъяасаар ард түмэн дотроос ялгараад гараад ирдэг. Жишээлбэл Ялгасан хутагт гэхэд л гэнэт сүү ус хоёрыг ялгаад өөрөө гараад ирсэн. Тэр нь олонд хүлээн зөвшөөрөгддөг. Мөн Богд нарыг Азийн зарим оронд хэрэглэдэг шиг олон лам нар дундаас шалгаруулалт хийдэг. 250 лам нараас явсаар байгаад сүүлд нь 5 ламаас ч юм уу алтан бумбанд нэрийг нь хийж байгаад олны нүдэнд дээр сугалдаг. Алтан бумба ч бий. Хаш бумба ч бий. Энэ бол их бодитой юм. Одоо ч ингэж шалгаруулдаг. Мөн урьд дүрийнх нь хэрэглэж байсан зүйлсийг таниулах гэх зэрэг олон шалгуур байдаг.

 

Монгол уламжлалаар хан вангуудаас, орон нутгаас тус бүр тодруулаад, эцэст нь 3 хүн үлдээгээд хаш бумбанд нэрийг нь хийж байгаад олны нүдэнд дээр сунтагаар шүүж гаргаад ирдэг байсан. Ардчилсан нийгэмд ч энэ нь шударга. Хэн нэгэн даргын хүүхэд гараад ирчих вий гэсэн будлиангүй. Ийм сонгон шалгаруулалтаар сонгох нь зөв юм. Түүнээс биш эрхзүйн чадамжгүй хэсэг бүлэг хүн шашны тэргүүнийг сонгодог байж болохгүй. Дараа нь маргаан дагуулна. 

 

Монголын бурханы шашин, лам нар, сүм хийдүүдийн явуулж байгаа үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

 

Энэ бол маш чухал асуудал. Дээд удирдлага нь зөв байж зөв явна. Гэтэл өнөөдөр дээд удирдлага гээд байгаа тэргүүн лам нарын зөвлөл нь чадамжгүй. Уг нь бид өөрсдөө нэгдсэн бодлоготой, нэгнээ муу хэлдэггүй, зөв үлгэр дуурайлал үзүүлж байх ёстой юм. Соён гэгээрүүлж, ухуулж, бусдыгаа дагуулж гэгээрүүлэх үүрэгтэй хүмүүс бол лам нар. Гэтэл лам нар өөрсдөө дээлтэйгээ архи дарс хэрэглэчихсэн, тасраад унасан зураг нийгмийн сүлжээгээр цацагдаж байна. Нэг лам нөгөө ламаа зодоод алчихсан хэрэг гарлаа. Удирдлагууд нь хоорондоо эв түнжингүй байна. Энэ бол бид нарын л алдаа.

1990 оноос хойш бүх байгууллагууд шинэчлэгдсэн шүү дээ. Гэтэл огт салхи оруулаагүй байгууллага бол шашны байгууллагууд. Ялангуяа төв Гандан.Буяны, оюун санааныхаа номыг үнэлээд, худалдаа арилжаа шиг болгочихсон төлбөр аваад байдаг нь том алдаа. Тэр их мөнгийг авчихаад хурал номоо уншсан үгүйг нь батлах арга байхгүй. Бид ном уншаад, лхамын тахилга хийгээд “Ковид” өвчин нам болно. Эсвэл хар үрэл зүүгээд хамгаалагдана ч гэдэг юм уу, өвчнөөр далимдуулж мөнгө төгрөг олох гэж буруу сэтгэж байна шүү дээ. Ард түмнээ ядарсан дээр нь өвчнөөр далимдуулж мухар сүсэг рүү аваачиж байна. Гэтэл нөгөө өвчин нь улам ихэсчихсэн. Лам нар нь өөрсдөө хэдэн зуугаараа “Ковид” тусчихаад түүнийгээ нуучихсан. Хүнд ном уншиж, өөрсдөө ковид-19 тараагаад байдаг. Үүнийгээ нуугаад байдаг. Хөөрхий хэдэн лам нараа харж үздэггүй. Удирдлага байдаггүй. Лам нарын ном уншиж олсон мөнгийг нөгөө эрхзүйн чадамжгүй удирдлага нь зарцуулаад, онгоцоор зугаалаад, гадаад дотоод руу явчихдаг. Ийм замбараагүй болчихсон. Тийм учраас шашин тунгалаг биш буртаглагдсан байна. Сахил санваараа сахихгүй байна. Буяны сайхан сэтгэл гарган, хүнд туслаж, дандаа өглөг өгч байх ёстой байтал авлага авдаг байгууллага болчихсон. Тийм ч хоол, ийм ч цав, зэд бариач гэдэг. Доод тал нь 20,000 төгрөг гар дээр нь тавина шүү гэдэг ч юм уу. Бүр зохион байгуулалттай. Буруу замаар яваад байгаа биз? Хамгийн том завхрал нь удирдлага байхгүй, эрхзүйн чадамжгүй, дур дураараа юм ярьж, хуульд захирагддаггүй. Хүмүүсийн итгэл сэтгэлээр тоглодог болчихлоо. Том том машин унаад, бүгд 9911-тэй дугаар барьчихсан. Энэ яаж байна? Таяг тулсан эмээ өвөө нарт мөнгө өгдөггүй юм гэхэд хүлээж авч, зовлонг нь сонсоод, адис өгөөд гаргаж болно доо. Гандангийн том удирдлагууд тэгдэггүй. УИХ-ын гишүүн, сайд дарга нар ирэхээр таваг дүүрэн хоол унд зөөгөөд бялдуучлаад байдаг. Өөрсдийн эрх ашиг, ямар нэгэн зүйлийг шийдүүлэх гээд хөл алдаад байдаг.Уг нь нэг таягтай эмгэн хамба гуай би адис авах гэсэн юм гээд ирэхэд нь ганц адис өгчихөд тэр хүний сэтгэл ханана шүү дээ. Бид уг нь тийм л ажил хийх ёстой юм.

Манай хаалга нээлттэй, би өглөөнөөс орой болтол 30 жил сууж байна. Тийм учраас энэ хүмүүс маш хурдан шинэчлэгдэх ёстой. Төв удирдлага бүрэлдэхүүнээрээ огцорч, сүсэгтэн олноос уучлалт гуйх ёстой. Мөн Монголын бурхан шашны хоёрдугаар чуулганыг даруй хуралдуулж асуудлаа шийдэж, ил тодоор тэргүүнээ сонгож салхи оруулж хөдөлгөөн хийх хэрэгтэй байна.

 

Шинэ залуу лам нар нь шашнаа тунгалаг болгож авч явах хэрэгтэй байна. Хамгийн чухал нь нэн даруй лам нарын дунд сонгон шалгаруулалт явуулж, лам хүн ямар байх ёстой юм гэдгээ шийдэх хэрэгтэй. Дээл өмссөн болгон лам байж болохгүй. Хамба ч бай, жирийн лам ч бай бүгдийнх нь ном уншлагыг шалга. Тэгээд сонгон шалгаруулалт явуулсныхаа дараа энэ бол зурхайч хүн мөн байна, энэ биш байна гээд нийтэд зарлах ёстой. Тэгэхгүй бол өөрөө юу ч мэдэхгүй би зурхайч гээд хүн хуураад яваад байж болохгүй ээ. Маш том сонгон шалгаруулалт хийгдэж байж лам хүн эрхээ хамгаалах ёстой. Сүсэгтнүүдэд үйлчлэх ёстой. Тэгэхгүй бол лам хувцас өмсчихөөд рекет хийж хүн дарамтлах зэргээр хамгийн муу үйлийг хийдэг болоод байна. Үнэхээр шалгараад үлдсэн нь лам байг. Тэднийг нь бүртгээд, энэ хүн бол ийм шалгуурыг давж зөвшөөрөгдсөн, энэ хүн бол лам биш гээд цахим орчинд байршуулж болно шүү дээ. Энэ хүн уншлагаа мэдэхгүй, Төвд хэл мэдэхгүй, зурхай үзээгүй учраас ном уншуулж болохгүй шүү гээд зарлах хэрэгтэй. Ингэж байж л цэвэршинэ.

 

Тэгэхээр нэгдүгээрт, чуулганаа хуралдуулж дээд удирдлагаа сонгож Гандан шинэчлэгдэх хэрэгтэй. Учир зүйгээ олж цэгцрэх хэрэгтэй. Хоёрдугаарт, сонгон шалгаруулалт явуулж лам хүн гэдэг шалгалт авч, бүртгэлжүүлж зарлах хэрэгтэй. Итгэлтэй, баталгаатай ламаар сүсэгтнүүд үйлчүүлэх ёстой. Гуравдугаарт, үйлчилгээн дээрээ анхаарах ёстой. Бүх хурал номыг үнэ төлбөргүй болгох шаардлагатай. Хүний оюун санааны зүйлийг үнэлж болохгүй. Тэр хүнд үйлчилж чадсан бол тухайн хүн өөрийн сэтгэлээрээ төлбөрөө өгдөг байх ёстой. Үүднээсээ, хашаа хорооноосоо эхлээд хамгийн цэвэр байгууллага бол шашны байгууллага байх ёстой. Тийм байлгах шинэчлэлийг хийх ёстой. “Хутагт хувилгаад жинхэнэ мөн бол хэдэн зуу байсан ч багадна. Худал, хуурмаг бол нэг байсан ч илүүднэ” гэсэн Далай ламын хэлсэн үгээр яриагаа төгсгөе. Энэ айлдварыг хэрэгжүүлж, винайн ёсны жаяг дэгийг лам хүн бүр сахих ёстой. Шашин нэн даруй шинэчлэгдэж, нэн даруй ариусч, хир буртгаасаа салж, сүсэгтнүүддээ хүндлэгдэж, уламжлалаа дагаж, бурхны шашин улам өргөжин дэлгэрэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөе. 

 

Ярилцсан М.Чойжал