Монголчууд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ой тохиож байна. Гучин жилийн өмнө Монголчууд бид улс үндэстнийхээ төлөө шийдвэрлэх цаг, мөчид, оюун ухаанаа дайчлан нухацтай сэтгэж, газар нутаг, тусгаар тогтнолын тугийн дор эв эеэ хадгалж, нэгдэж чаддагийг тэр үед болсон олон үйл явдал, түүний дотор Ардчилсан Үндсэн хуулийг баталж, мөрдөж эхэлсэн түүх харуулсан.

 

Агуу үйл хэргийн тогоон дотор буцалж, улс төр нийгмийн зүтгэлтнүүдтэй мөр зэрэгцэн төрийн эрдэм ухааны зах зухаас эмтэлж эхэлж байснаа би их хувь тавилан гэж бодож явдаг. Тэр цаг үеийн уур амьсгал, хамтын ажиллагааны түүхийг монголчууд цаг үргэлж санаж явах учиртай.

 

 

 

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн.

Улмаар АИХ-ын 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.

Бид нэг хүсэл, нэг эх орон, нэг ижил үнэт үйлстэйг санаж энэ бүхнээ цаашид хамтран хамгаалж хөгжүүлэхэд 30 жилийн өмнө ардчилсан Үндсэн хуулиа баталсан түүх туйлаас үнэтэй бөгөөд үлгэр дууриалтай сургамж, өв уламжлал байх болно. Улс орноо жинхэнэ утгаар нь тусгаар, бие даасан хөгжлийн замд оруулах нэг үзүүрт сэтгэл, итгэл, үнэмшлийн дор Монголчууд нэгдэж нэг хүчээр нэг зүг зүтгэж энэ эцэг хуулиа өлгийдөж авсан юм.

 

Зорилго, сэтгэл, зүтгэлээ нэгтгэж чадваас улс орон, үндэстэн юуг ч бүтээж чаддагийг харуулсан чухал сургамж. Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр нэг сая орчим иргэнээс санал ирж, нийгмийн бүх давхаргынхан, улстөрчид, нийгэм, эдийн засаг, хуулийнхан төдийгүй спорт, урлаг, соёлынхон гээд бүгд оролцсон. Малчид, тариаланчид, цэргийнхэн ч байсан.

Шийдлийг эрж хайх үйл явц дардан байгаагүй. Гал гарсан маргаан, мэтгэлцээн бишгүй л нэг өрнөж байв. Хөндөж яриагүй асуудал, сэдэв байхгүй. Үр дүнд нь Монгол Улс ардчилсан улс болсныг дэлхий даяар тунхагласан, Монгол Улс гадаад улс орнуудтай эрх тэгш оршин тогтнохоо бид Үндсэн хуулиараа ийнхүү зарласан.

 

 

Үндсэн хууль бол нийгмийн гэрээ ч гэж үздэг. Төр иргэний хооронд байгуулсан гэрээ. Би тэгвэл чи тэгнэ, төр биднийг хамгаална, бид ч эргээд эх орноо хамгаална, татвар төлнө гэх мэтээр байгуулсан гэрээ гэж хэлж болно.

 

 

 

Төр нь парламентын засаглалтай, олон намын тогтолцоотой байх ёстойг улс орондоо тунхагласан хууль. Өнөөдөр ч энэ тунхаглалыг улс орондоо нутагшуулахыг хүссэн, тэмүүлсэн улс орон ард түмнүүд дэлхийд бишгүй л бий. 1992 онд баталсан Ардчилсан Үндсэн хууль бол Монголчуудын шинэ ирээдүйн замыг тодорхойлсон, ардчилсан засаглалыг тогтоон, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох эрхэм зорилгыг илэрхийлсэн эрхзүйн үндсэн эх сурвалж билээ.

Манай Үндсэн хууль ерөнхий зарчим, үзэл баримтлалын хувьд алдаагүй, тун чиг оновчтой хийгдсэн бүтээл гэж би боддог. Монголчууд бид энэ хуулийнхаа хүрээнд 30 жил амьдарлаа. Тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэр, амтыг сайн мэдэрцгээлээ. Хаана нь тодорхойгүй зүйл гарсан, тэр нь ямар асуудалд илэрч буйг гадарлах болсон тул, тодотгоод, тодруулаад аваад явчихбал 100 жилдээ ч Монголчуудаа хөтлөж явах эцэг хууль юм.

 

 

Ардын Их хурлын 49 дүгээр тойргийн депутат Лувсанвандангийн БОЛД