Хүүхдийн ₮100,000-аас хагацлаа, баяртай...
2022/01/14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний байгуулсан засгийн газар он гарангуут “ТАРААСНАА ТАТАХ” бодлого явуулаад эхлэв. Өнгөрсөн хугацаанд Цар тахлын тухай хуулиар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тогтоол шийдвэрүүдийн нэг нь хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг 100 мянга болгоод байсан.
Уг шийдвэрийг үргэлжлүүлэн хүүхдийн мөнгийг 100 мянагаар хэвээр үлдээв. Гэхдээ үлдээхдээ нөхцөлтэй. Талыг нь бидэнд үлдээгээд талыг нь ав гэдэг нөхцөл гаргаад ирэв. Нэг л танил тактик. Төлсөөр ирсэн, төлж ч байгаа өнөөх л олон шимтгэл, албан татвар, суутгалууд. Бичилт хийлгээд л байдаг болохоос гар дээрээ тавиад, амандаа хүлхээд, биендээ наасан юмгүй л яваа улсдаа бид. Одоо ойлгож байгаа биз. Яг энэ зарчмаараа таны хүүхдэд ирээдүйн хуримтлал үүсгэлээ гэж хошгоруулаад цаасан дээр бичсэн хэдэн тоо л харуулахаар зэхэж байна. 18 нас хүртэл нь гар хүрч болохгүй гэдэг нь бидний төлдөг НДШ-ийг таныг өндөр настай болохоор өгнө өө гээд л бичээд байдагтай агаар нэг сонсогдож байгаа биз.
БОДИТ АМЬДРАЛ
2016-2021 оны хооронд 5 жилийн дотор дундаж цалин 122 мянган төгрөгөөр нэмэгдсэн болов ч дагаад бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн. Жишээ нь: Хонины цул мах 2016 онд ₮5100 байсан бол 2021 онд ₮11000 болтлоо өссөн. Шатахууны үнэ бүтэн нугаларчихсан. Дагаад бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан. Сая төгрөгийн орлоготой гэр бүл ийм цаг үед хангалуун амьдарч чадаж байгаа гэж үү?
Өнөө маргаашдаа юу идэхээ мэдэхгүй хөнжил дотроо чичрээд хэвтэж байгаа хэдэн мянган хүүхэд байдгийг тэд мэддэг юм болов уу? Яг үнэндээ хүүхдийн мөнгө рүү дайрах нь хамгийн ядсан арга.
Хүүхэд бол улсын хамгийн үнэтэй капитал. Гэтэл тэдэнд өгнө гэснийгээ хуримтлал нэрийдлээр өөрсдөдөө татах гэж байдаг. Нэг тоо хэлэхэд Монгол улсад бүтэн өнчин 2994 хүүхэд байдаг. Тэд өөрсдөө хүүхдийн мөнгөе авдаг. Харин хагас өнчин 35016 хүүхэд бий. Тэдэнд хүүхдийн мөнгө нь илүүдээгүй.
ХУРИМТЛУУЛДАГ БУС “ХУСДАГ” ТӨР
Энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр олгоно, гэхдээ ЗӨВХӨН ХҮСЭЛТ ӨГСӨН ТОХИОЛДОЛД ШҮҮ. ХҮСЭЛТ ӨГӨӨГҮЙ БОЛ АВТОМАТААР ШУУД УЛС ХУРИМТЛАЛ НЭРТЭЙГЭЭР Төрийн санд өнөөдрөөс бичилт хийж эхэлнэ. Хянах, үзэх, харах боломжгүй. Өсөх үгүйг нь ч мэдэхгүй. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хүссэн хүсээгүй бүгд автоматаар хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ. Энэ бол талыг нь маньдаа өгчих өө. Талыг нь чи авчих аа л гэсэн үг.
Түүнчлэн, цар тахлын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог 180 мянган төгрөгийг нэмж 280 мянга болгоод байсан. Гэвч 2022 оны 1 сарын 1-ээс эхлэн нэмэлт 100 мянган төгрөгийг олгохоо зогсоосон. Нийгмийн нэн шаардлагатай эмзэг бүлэг болох хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмждээ төр гараа дүрээд эхэллээ. Дараагийн самрах сан нь аль сан байх бол доо.
bat · 2022/01/14
Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхыг УОК-оос шийдэж яагаад болохгүй байна аа та нарыг ийм шийдвэр гаргавал ард түмэн баярлана бидний амьдрал ямар байгааг мэдэж л байгаа баймаараа
Зочин · 2022/01/14