УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд парламентыг үл хүндэтгэж байна гэв
2022/01/17
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох байв.
Гэвч МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 13 гишүүнээс зургаан гишүүн нь ирж, бусад долоо нь ирээгүй шалтгааныг Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд тодорхой танилцуулаад энэ нь парламентыг үл хүндэтгэсэн хэрэг гэдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ мэдээллийг хойшлуулах болсныг мэдэгдлээ.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.9-д “Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэн тухайн этгээдэд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг дурдаад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Д.Батсүхэд зөвлөлийн гишүүдээ 100 хувь бүрдүүлж хуралд ирүүлэх үүрэг өгч, ирц хангалтгүй шалтгаанаас мэдээлэл сонсох асуудал удаа дараа хойшилж байгаад онцгой анхаарах шаардлагатай гэв.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, М.Оюунчимэг, Н.Энхболд, Ё.Баатарбилэг, Ш.Адьшаа нар байр сууриа илэрхийлж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл өнөөдрийг хүртэл хуралдаж чадахгүй, олон нийтийн радио, телевизийн төсвийг ч баталж чадахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Улсын Их Хурал төсөв баталж чадахгүйд хүрвэл тардаг хуулийн зохицуулалттайг сануулав. Иймд Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын Ажлын хэсэг байгуулж ажиллах, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дүн, нэмэлт, өөрчлөлт оруулж хууль эрх зүйн орчныг сайжруулах талаарх саналыг Байнгын хорооноос Ажлын хэсэгт өгөх удирдамжид тусгах шаардлагатай гэж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Ажлын хэсэг байгуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, М.Оюунчимэг, Г.Ганболд, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан удирдамжийн дагуу ажиллах Ажлын хэсгийн шалгалт, санал дүгнэлттэй, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хамтатган сонсохоор тогтов.