Хүүхдийн мөнгөний хүсэлтээ сар бүрийн 15-ны өдөр нэг удаа гаргана
2022/01/19
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмыг баталжээ.
Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ирээдүйн өв сангийн 2020 оны орлогоос Монгол Улсын 18 хүртэлх насны иргэн бүрд мөнгөн хуримтлал үүсгэх хууль ёсны боломжийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд холбогдох журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Энэхүү журмаар иргэд хүүхдийн мөнгөө бэлнээр буюу одоо харилцаж байгаа дансаа авах эсхүл төрийн санд үлдээх хүсэлтийг жилд нэг удаа ebarimt, ehalamj хаягаар болон биеэр гаргах боломжтой" гэлээ.
Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмын 2.7-д иргэд хүсэлтээ сар бүрийн 15-ны өдөр нэг удаа гаргах бөгөөд тухайн сард хүсэлт гаргахдаа дараагийн саруудын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилж гаргаж болно гэж зааж өгчээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Энэ жил Засгийн газраас хүүхдийн мөнгөө төрийн санд хадгалах эсвэл өөрсдөө аваад зарцуулах сонголтыг олгож байгаа.
Төрийн сан нь 100% Засгийн газрын баталгаатай Төв банканд байршдаг хадгаламжийн хэлбэр байдаг. Мөн иргэд мөнгөө бэлнээр аваад арилжааны банканд хадгалуулсан ч ямар ч эрсдэлгүй. 20 сая хүртэлх хүүхдийн мөнгөн хадгаламж аль ч банканд байсан эрсдэлд орохгүй.
Хүүхдийн мөнгийг 1,210,000 хүүхэд авдаг бөгөөд өчигдрийн байдлаар 1.1 сая хүүхэд нь сонголтоо хийсэн гэх статистик ирсэн байна.
Хүүхдийн мөнгө 20 мянгыг өгдөг байхад 20% нь хадгаламж хэлбэрээр банканд үлддэг байсан. Эцэг эхчүүд хүүхдэдээ хуримтлалыг бий болгох санхүүгийн хүмүүжилд суралцах хэрэгтэй” гэв.