Өнөөдөр өглөө эрт Донбасст цэргийн тусгай ажиллагаа эхлүүлж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зарласан билээ.

Тэрбээр уг ажиллагааг Украин улсыг эзлэх зорилгогүй, харин Киевийн эрх баригчдын дарамт, гадуурхалтын дор сүүлийн найман жил зовсон хүмүүсийг хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байв.

Саяхан ОХУ-ын батлан хамгаалах яамнаас тусгай ажиллагааныхаа талаар мэдээлэл өгсөн байна.

“Украины хилийн цэргүүд Оросын зэвсэгт хүчинд ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй. Украины агаарын хүчнийг аюулгүй болгосон. Украины агаарын баазуудын дэд бүтцэд цохилт өгч, устгасан” гэж уг мэдээлэлд өгүүлжээ.

Мөн Оросын зэвсэгт хүчин Украины хотуудад цохилт өгөөгүй, зөвхөн цэргийн байгууламжуудад нь нарийн тусгалтай зэвсгээр цохилт өгч байгаа тул энгийн иргэдийн амь насанд аюул учруулаагүй хэмээн тайлбарласан байна.

Украины эх сурвалжуудын мэдээлснээр тус улсын зүүн бүсийн Харьков зэрэг хотуудын гадна Оросын танкууд үзэгдэж эхэлжээ. Оросын агаарын цохилт, довтолгоонууд Беларусийн нутгаас, Донбассын бүс нутгаас, Крымийн хойгоос зэрэг явагдаж байгааг мөн мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС, BBC