Монгол Улс газрын ховор элементээс 10 тэрбум ам.доллар олох боломжтой
2022/03/02
Одоогоос 10-аад жилийн өмнө Монгол Улс газрын ховор элементээ ашиглаж энэ талбарт гол тоглогч болох шаардлагатай, одоо л биш бол оройтлоо гэж шуугиж байв. Гэвч одоо болтол “амилаагүй” байна.
“Эрдэнэс Монгол” компанийн харьяа “Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж” болон “Монгол газрын ховор элемент” компанийн хоёр төсөл энэ талын судалгаа хийж, бүтээгдэхүүн болгон ашиглаж байгаа. Мэдээж шинжлэх ухааны талаас мэргэжлийн судлаачид судалж байгаа ч төрөөс төдийлөн анхаарч хүч хаясан зүйлгүй. Харин саяхнаас “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт хурлыг зохион байгуулж газрын ховор элемент, өндөр технологийн түүхий эд, дэвшил гарцын талаар хэлэлцсэн. Манайд хаягдчихаад байгаа болохоос газрын ховор элемент нь стратегийн чухал ач холбогдолтой, геополитикийн зэвсэг гэж нэрлэгдэх хүртлээ үнэ цэн нь өссөн. Тоон үзүүлэлтээс харвал дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн үйлдвэрлэл 2018 онд 190 мянган тонн байсан бол 2019 онд 210 мянган тонн болж нэмэгдсэн байгаа юм. Цаашид ч ногоон технологи, цахилгаан машины хэрэглээ нэмэгдэх тусам эрэлт, хэрэгцээ нь улам өсөхийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Түүнчлэн газрын ховор элемент бүх юмны “түлхүүр” боллоо. Эдийн засгийн, өндөр технологийн, геополитикийн зэрэг. Тодруулбал, технологийн эрин үед дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь ашигладаг гар утасны дэлгэц, зай, микрофон, чанга яригч, электроникт ГХЭ-ийг ашигладаг чухал эд. Чухал гээд байгаа газрын ховор элемент гэдэг нь Менделеевийн химийн үелэх системийн 57-71 хүртэлх дугаартай лантаноидын бүлгийн 15 элементүүд (La, Се, Pr, Nd, Рm, Sm, Еu, Gd, Тb, Dy, Но, Er, Тm, Yb, Lu) үүнээс гадна 39 дугаартай иттри (Y) болон 21 дугаартай сканди (Sc) 17 элементийг хамааруулдаг.
Монгол Улс газрын ховор элементийн гурван сая тонн нөөцтэй
Газрын ховор элементийн талбарт дэлхийн “томчууд” хүртэл ноёрхлоо тогтоох гэж уралдаж байна. Тодруулбал, газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээний тулгуур, дэлхийн нийт хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг БНХАУ экспортоо багасгах мэдэгдэл гаргаж олон улсыг сандаргаж байсан жишээ бий. Газрын ховор элементийн олборлолт, үйлдвэрлэлээр дэлхийд Хятад, АНУ, Мьянмар, Австрали, Энэтхэг, ОХУ, Мадагаскар, Тайланд, Бразил, Вьетнам тэргүүлдэг. Уг нь манайд газрын ховор элементийн нөөц их, дэлхийд өрсөлдөх боломжтойг мэргэжилтнүүд дурдсан. Манай улсад сүүлийн байдлаар олж тогтоосноор газрын ховор элементтэй дөрвөн орд, 71 илрэл, 260 гаруй эрдэсжсэн цэг бий. Тухайлбал, Ханбогд, Халзанбүрэгтэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Ар гол зэрэг газрын ховор элементийн баялаг агууламж бүхий газруудыг тогтоогоод байгаа аж. Тэр дундаа Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын болон ААН-үүдийн төсвөөр газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгэж, нийт гурван сая тонн ислийн нөөц тогтоожээ. Үүнийг тоймлон тооцоход 10 тэрбум ам.доллар. Хэдийгээр нөөц эхний байдлаар тогтоосон ч ашиглалтын үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн эргэлтэд орсон орд газар нэг ч байхгүй. Газрын ховор элементээ ганц ашиглаж байгаа нь “Монгол газрын ховор элемент” компанийн гаргадаг 16 элементийн нийлбэр исэл юм. Ингэхдээ өөр хэлбэрээр байгальд ээлтэйгээр олборлодог гэдгээ мэдээлсэн.
Газрын ховор элементийг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулбал хүчирхэг эдийн засагтай болохгүй юм гэхэд “сэхээнд орсон” эдийн засгаа сэргээх боломжтой гэж судлаачид тайлбарлаж байна. Учир нь газрын ховор элементээс хүдрийн баяжмал гаргаж авах, элемент тус бүрээр нь салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардлагатай. Тиймээс нэг грамм цэвэр элемент нь 10-20000 ам.долларт хүрдэг гэж байгаа. Манайд нөөц нь бий ч технологи, боловсон хүчин байхгүй учраас салгалгүйгээр нэг тонныг нь 4000 ам.доллараар “Монгол газрын ховор элемент” компани экспортолдог аж. Гэвч газрын ховор элементийг олборлох, ашиглалтад оруулахад бидэнд хэд хэдэн том асуудал бий.
Тухайлбал, газрын ховор элементийн болон стратегийн ач холбогдолтой металлын талаар зохицуулсан эрх зүйн орчин, газрын ховор элементийг ангилан дан исэл гаргаж авах, боловсруулах технологи, тэнд ажиллах боловсон хүчин байхгүй.
Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс ОХУ-тай газрын ховор металлын ордын хайгуулын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна” гэж нэгдүгээр сарын 31-нд Оросын “Россия-24” телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн. Түүнчлэн нөөц нь тогтоогдоод буй орд, газруудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хувь хүмүүс эзэмшдэг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ салбарыг хөгжүүлэхэд хүндрэлтэй гол асуудал болдог аж. Тэгэхээр нүүрсний экспорт шиг улсаар нь тэжээх энэ салбараа хайгуулаас нь эхлээд хөгжүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлсээр байна.
Ц.Ганболд: “Дэлхийн эдийн засаг”-ийн хажууд оршдог нь ГХЭ-ийн талбарт давуу тал болно
/Монгол газрын ховор элемент төслийн захирал/
-Манай төсөл хэрэгжиж эхлээд 15 жил болж байна. ГХЭ-ийн нийлмэл исэл гарган авч оюуны өмчийн патентаа авчихсан. Манай улсын эдийн засгийн байдал хүнд, ядуурал, ажилгүйдэл жилээс жилд нэмэгдэж байгааг статистик судалгаанаас харж болно. Түүнчлэн манай улс уул уурхайгаас хэт хамааралтай. Хариуцлагагүй уул уурхайн улмаас ухаад орхисон хэдэн мянган тонн шороо байна. Тэгэхээр манайх уул уурхайн “хог”-ийг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа юм. Монгол орны хэмжээнд тархсан тунамал хувирмал маагмын чулуулгуудыг ашигт малтмалын ордуудын баяжуулалтын дараах хаягдал болон ядуу агуулгатай хүдрийн овоолгуудаас тогтмол соронзон бүхий полиметалл, газрын ховор элемент ялган авах технологийг боловсруулсан. Газрын ховор элементийн салбарт ноёлогч Хятадын нийлүүлэлт багасч байгаа. Тиймээс боломжийг ашиглаж манайх хөдөлж эхлэх шаардлагатай. Түүнчлэн “дэлхийн эдийн засаг” болсон хөрштэй байгаа нь манайд нэг талаараа давуу тал болно. “Монгол газрын ховор элемент” үйлдвэрлэлийн төсөл хэрэгжсэнээр дэлхийн зах зээл дэх газрын ховор элементийн тодорхой эрэлт нийлүүлэлтийг хангаж ажлын байрыг нэмэгдүүлэх олон төрлийн чухал ач холбогдолтой.
Н.Тунгалаг: ГХЭ-ийн судалгааны ажлыг өргөжүүлж боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай
/ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн магматизм ба металлогенийн салбарын эрхлэгч, ЭШ-ний ахлах ажилтан, доктор/
-Газрын ховор элементийн хэтийн төлөв чиг хандлагын хувьд 17 металлыг өөртөө агуулдаг газрын ховор элементүүд нь харилцан адилгүй хэрэглээтэй, цаашдын хэрэглээг бодитоор таамаглахад хүндрэлтэй ч хэрэглээ байнга өссөөр л байна. Зарим элементийн хэрэглээ багасахад диспрози неодим, европи зэрэг газрын ховор хүнд элементийн хэрэглээ улам ихсэх хандлагатай байгаа. Тухайлбал, ногоон технологийн хөгжилтэй холбоотойгоор салхин сэнс, цахилгаан мотор үйлдвэрлэхэд диспрозийг ашиглаж байна. Харин неодим, празеодим, самари элементээр хийсэн тогтмол соронзонгууд нь хүчтэй, хөнгөн байдаг тул дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээ ихтэй, өргөн хэрэглэгдсээр байх төлөвтэй. Ер нь судалгаагаар Монгол орны газрын ховор элементийн ордууд нь дэлхийн хэмжээнд агуулга, нөөцөөрөө дунд зэрэгт ордог. Манай орны хувьд газрын ховор элементийн судалгааны ажлаа өргөжүүлж, нөөц баялгийг баттай тогтоох, цаашид ашиглалтад оруулж, бүтээгдэхүүн гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Ингэхийн тулд хүдрээс элементүүдийг ялган авах дэвшилтэд технологи болон туршлагатай боловсон хүчнийг бэлдэх шаардлагатай.
Б.Бямбажаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин