Ш.Хишигсүрэн: Манай улс эмэгтэйчүүдийнхээ турьхан нуруун дээр тогтож байна
2022/03/04
Соён гэгээрүүлэгч телевизийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ш.Хишигсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-нд “Гэгээрлийн манлайд эмэгтэйчүүд” сэдэвт уламжлалт лекцээ “Хүүхэлдэйн театр”-т зохион байгуулах юм.
-Олон газраар явж, нийгмийн янз бүрийн бүлгийнхэнтэй ярилцаж, тэр хэрээр судалгаа шинжилгээ хийж ирсэн хүний хувьд Монголын нийгэмд эзэлж байгаа эмэгтэйчүүдийн байр суурийг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
-Монголын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд дангаараа бүрдүүлдэг. Дээр нь 1.3 сая хүүхдийг өсгөж, хүмүүжүүлж байна. Зөвхөн боловсролын салбарт ажилладаг багш нарын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Улс төрийн сонгуулийн үеэр ухуулга сурталчилгаа хийдэг ухуулагч нарын 80 гаруй хувь, үйлчилгээний салбарын 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Үүнээс үзэхэд улс орон маань эмэгтэйчүүдийнхээ турьхан эмзэг нуруун дээр тогтож байна. Эх орноо сүрлэг сайхан уул гэвэл Монголын ард түмний тэр оргилд байгаа элитүүдийн дунд цөөхөн эмэгтэй байдаг. Соён гэгээрүүлэгч эмэгтэйчүүдийг олж ярилцъя гээд “Бага хуралдай” эрдмийн чуулган нэвтрүүлгийг санаачилж хөтлөөд 13 жил болоход оролцогчдын 95 хувь нь эрэгтэй байх жишээтэй. Монгол эмэгтэйчүүд оюуны чадваргүй юм уу, тархи толгой нь эрчүүдээс дутуу ажилладаг уу. Тэд сэтгэж чаддаггүй юу гээд үзэхэд даян дэлхийн хамгийн хүсэмжит бүсгүйчүүдэд монгол эмэгтэйчүүд ордог. Европын болон олон орны залуус “Монгол эмэгтэйчүүд гайхамшигтай, тэдэнтэй гэрлэх сэн, тэгвэл жаргалтай амьдарна” гэдэг. Ийм яриа аль хэдийнэ дэлгэрчихсэн. Гэтэл Монголын нийгмийн оргилд яагаад цөөхөн эмэгтэй байдаг вэ. Дээр нь улс төрд гарсан эмэгтэйчүүдээс эрчүүд нь хэд дахин илүү алдаа хийж байхад хамгийн эхэлж эмэгтэйчүүд дээр фокуслан гоочилж, шоолж, шоглож байдаг юм бэ. Дээр нь дандаа сул дорой мэтээр харагдуулахыг хичээнэ. Тэр байтугай жендерийн асуудал гэж ярьдаг ч Элчин сайдаар эмэгтэйчүүдийг томилохдоо Монголтой холбоо харилцаа тааруу, эдийн засгийн хувьд дорой, бараг бидний мэдэхгүй улс орон руу илгээдэг. Дэлхийн том гүрнүүд рүү болохоор эрчүүд очоод суучихдаг. Улс төрийн нам дотор бүх хорыг эрчүүд нь найруулна. Ард түмэнд холбож өгөх үүргийг хүүхнүүдийнхээ нуруун дээр хаядаг. Энэ дүр зургийг хараад “Та нар болиоч. Феодалын үеийн сэтгэхүйгээсээ салаач. Та нар эмэгтэйчүүддээ баярлаж талархахгүй юм уу? Тэдний аж амьдрал, хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэлд нь баяр гуниг юу байдгийг асууж, нийгэмд эзлэх байр суурийг нь тодотгохгүй юм уу гэсэн асуулт дэвшүүлж, сүүлийн таван жилийн турш янз бүрийн лекц зохион байгуулж ирлээ.
-Монголын нийгмийн, тэр дотор эмэгтэйчүүдийн соён гэгээрүүлэх манлайлал хэр байна?
-Лекцээ бэлтгэж, судалгаа хийж байхад Украин, Оросын хямрал дэгдсэн. Нөхцөл байдлаас анзаарахад бүх албан тушаалд хоорондоо тэмцэлдэж, мухардалд орж байгаа тэр хүмүүсийн бараг 100 хувь нь эрчүүд байна. Хэрэв Украин болон ОХУ-ын Ерөнхийлөгч нь эмэгтэй байсан бол бие бие рүүгээ танк, танк сөнөөгч явуулж байлдах уу гэдэг асуултыг яагаад тавихгүй байна вэ. Гар барьж эсвэл тэврэлдэж уулзаад эмэгтэй хүний нарийн ширийн яриа, цаашлаад хоёр орны төрийн тэргүүний хувьд улсынхаа хүүхэд, залуусын талаар ярилцаж, харилцааг энгийн боловч чадварлаг шийддэг чанар эмэгтэй хүнд заяамал байдаг. Эмэгтэйчүүдийн оролцоо бага, тэднийг том бодлогодоо оруулдаггүй газарт ямагт хүчирхийлэл, арга мухардсан байдал, эвдрэлцэл, дайн, самуун гардаг. Монголчууд олон үеийн турш хүн төрөлхтөнд оюун санааны гарц гаргалгаанууд нээж өгч ирсэн яндашгүй түүхтэй. Германы агуу их философич Г.В.Гегель 1800 оны сүүлээс 1900 оны эхэн хүртэл амьдарч, Берлиний их сургуулийн захирлаар ажиллахдаа хүн төрөлхтний түүхийн сэдвээр 20-оод лекц уншсан байдаг. Түүх багатай шинэ залуу, “хүүхэд ард түмэн”-ээр бид замаа заалгана гэдэг утгагүй гэсэн тодотгол хэлээд, харин Монголын түүхийг нэлээд түлхүү оруулсан байдаг. Мөн түүнийг “Хүн төрөлхтөнд монголчууд оюун ухаан бэлэглэсэн” гэж хэлснийг эрдэмтэн, судлаачид ярьдаг. Энэ бол асар их тодорхойлолт. Г.В.Гегелийн лекцүүдийг уншихад мань хүн Төв Азийн өндөрлөгт ер бусын амьдралын хэв маягийг зохиож, маш өвөрмөцөөр даян дэлхийд асар хүчтэй гарч ирсэн монголчууд гэж шууд тодотгосон байдаг. Энэ бүгдийг авч үзвэл бид оюун санаа, соёл гэгээрэл, өв уламжлалын их туршлагатай ард түмэн. Гэтэл өнөөдөр тэр бүхнээсээ хөндийрч, Г.В.Гегелийн хэлснээр нялх балчир улс орнуудаар "Багш аа, бид төсвөө яах вэ, эдийн засгаа яах вэ, уул уурхайгаа яах вэ" гээд заалгаж байгаа нь гурван настай хүүхдээс 30 настай настай эр хүн амьдралаа асууж, замаа заалгаж суугаатай адил. Ийм мухардалд орсон даян дэлхийд эмэгтэй хүний манлайлал, тэр дундаа Монголоос хүн төрөлхтөнд гарц гаргалгаа нээж өгөх манлайлал гарч ирээсэй гэсэн их хүслэнгээр лекц бэлдлээ. Ер нь анзаарахад монгол эмэгтэйчүүд маш даруу, амбиц багатай, шуналгүй байдаг. Хамгийн том шунал юу вэ гэхээр эр нөхрөө, ханиа хайрлах хайр, амбиц нь үр хүүхдээ сайн сайхан явуулах хүсэл. Тиймээс өнөөдөр улс орон ямар байдалтай байна вэ, ард түмэн ямар дүн тавьж байна, Монголын засаг, төр ямар байна гэхээр бүгд эрчүүдтэй холбоотой. Тэдний хийсэн ажил байгаа юм. Ганц хоёр эмэгтэй ар гэрт нь байгаа эрчүүд ухаан муутай, эд мөнгөний шуналтайгаас ч юм уу нийгэмд тодорхой хэмжээгээр адлагдаж байгааг эс тооцвол хүн амын тоонд нь харьцуулбал ямар даруухан, шуналгүй, гэгээрсэн бүсгүйчүүд энэ оронд аж төрдөг юм бэ гэмээр. Монгол эмэгтэйчүүд тийм ер бусын амьдралын үзэл бодол, онцгой үнэт зүйл, уламжлал, соёлтой.
-Эмэгтэйчүүдийн гол дутагдал нь юу байна вэ?
-Монгол эмэгтэйчүүд манжийн болон феодалын үеийн дарлал, түүний дараах үеүдийн хямрал, түүний дараа ч гэсэн их төлөв бүгдийн ард байж, ухуулан сэнхрүүлж, эр хүний хоёр гурван хатны нэг байж, нөгөө л эмэгтэйчүүдээ тулганы зүүн талд байлгаж, түүнээс дээш гаргадаггүй гэх худал, үнэн нь мэдэгдэхгүй ёс заншилд хүлэгдэж, тэр нь залуучууд, эрчүүдийн тархинд сууснаас болдог уу, энэ байдлаараа яваад байдаг. Гэтэл нийгэм асар хурдтай хөгжиж байна. Тэр бүү хэл маш бүдүүлэг юм ярьдаг байлаа, саяхныг хүртэл “Сайн эмэгтэйг сардаа нэг гөвж бай” ч гэлүү. Нэг тийм харанхуй хүндэтгэлгүй байдал явж ирсэн. Үүнийг бид зоригтой халж урагшлах хэрэгтэй. Дэлхийн олон оронд хүчтэй эмэгтэйчүүд гарч ирж байна. “Харри Поттер” цувралыг зохиосон эмэгтэй гэхэд л ном нь 400 сая борлогдож, орлогоороо дэлхийн тэрбумтнуудын 170-д, Английн тэрбумтнуудын гучин хэдэд орж байна. Манай эмэгтэйчүүдэд ийм боломж бүрэн бий. Жишээ нь хүн төрөлхтөнд жинхэнэ гүнж хэмээн суу алдар нь түгсэн Диана гүнж шиг биеэ сайхан авч явдаг, хүмүүнлэг, эрхэмсэг бүсгүйчүүд Монголд олон бий. Их Британийн ерөнхий сайд, тухайн үеийн ЗХУ-ын сэтгүүлчдийн нэрлэснээр “Төмөр хатагтай” гэж нэрлэгдсэн Маргарет Тетчер үнэхээр эр зоригтой эмэгтэй. Түүн шиг гараад ирэх боломж манай бүсгүйчүүдэд бий.
-Энэ байдлаас гарах гарц юу вэ?
-Миний хувьд ядаж л хүүхнүүддээ урам зориг, ичиж айх түр зуурын стрессийг даван туулах итгэл өгөх зорилгоор цуврал лекц хийж ирлээ. Үр дүн гарч байгаа. Тухайлбал, эмэгтэйчүүдийн “Соён гэгээрүүлэх Нар” клуб байгуулсан. Дэлхийн тэрбумтан сэтгүүлч Офра Уинфри олон хүнээс ярилцлага авч мөн тэдний хошин сахилгагүй асуултуудад хариулж байтал нэгэн ярилцагч түүнээс “Чи юуг хамгийн сайн хийж чадах вэ” гэж асууж. Яагаад ч юм тэр үед хариулж чадахгүй санагдаад “Нээрээ би ер нь юуг хамгийн сайн хийж чаддаг юм бэ” гэж өөрөөсөө асууж ном бичсэн. Түүндээ эмэгтэй хүний орон зай, өөрийгөө олох гэсэн он жилүүд доторх хөгжил дэвшлийн философийг дэвшүүлсэн байдаг. Ер нь бол “Чи юу хийж чаддаг вэ” гэдэг асуулт хэнд ч тулгарна. Бардам хийж чадаж байгаа тэр зүйлээ төсөл болгоё. Түүнийгээ клубын гишүүд, эмэгтэйчүүд цаг болзож уулзаж, ярьж, нийлүүлээд “Үүнийг би үнэхээр хийж чадахгүй юм байна. Харин манай Ариунаа л хийж чадна” гэх юм уу, “Энэ зүйлийг манай Долгор, Дулмаа хоёрыг давж хийх хүн байхгүй. Энэ нь түүний хийж чадах цор ганц брэнд болох юм байна” гэж ярилцаж тогтоод, санаа оноогоо нийлүүлэн монгол эмэгтэйчүүдийн хийж чадах оюун санааны сан хөмрөгийг бүрдүүлье.
Улсынхаа хүн амын 51 хувийг бүрдүүлж байгаа, 1.3 сая хүүхдийг өсгөж, хүмүүжүүлж авч яваа, бүх салбар, тэр бүү хэл ухуулагч нар нь хаяад явбал 20-хон хувьтай үлдэх улс төрийн салбарыг ч авч яваа эмэгтэйчүүдийн брэнд болох үйл ажиллагаа, чадварыг зүлгэж, тордоё. Үүнийг хөгжүүлэхэд бидэнд тодорхой дэмжлэг, санхүү хэрэгтэй.
Ингэж хөгжүүлснээрээ улс орныхоо хөгжил дэвшил, цаашдын гэрэл гэгээ, мухардлаас гарахад тодорхой хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Энэ үүднээс эмэгтэйчүүдийн оюун санааны чадварын сан хөмрөгийг бүрдүүлнэ. Бид нэг өдөр, жишээ нь мартын 8-нд уулзаад өнгөрөх бус насан туршийн нандин холбоог тогтоож, зорилгоо бодит ажил болгож, улс орондоо хувь нэмрээ оруулна.
-Нийгэм харанхуй байна, зэрлэгшил газар авч, гаж үзэгдлүүд гарах боллоо гэлцэх юм. Энэ талаар юу хэлэх вэ?
-Монголын нийгмийн бүх үзүүлэлт муу, сул байна. Улс нь хөгжилгүй дорой, монголчуудын аз жаргалын индекс муу, амиа хорлолт их байна. Сэтгэл зүйн асуудал тулгамдсан гэхчлэн бусад улс орны дарамтад манай улс орчихоод байгаа юм. Монголчууд хамгийн том баялгаараа маш муу тоглолт хийж байна. Энэ бол монгол хүний төрмөл өгөгдөл. Монголд хатуу өвөл болоход бусад улс орны иргэдийн тухайд амьдрах бус амьд үлдэх тухай ярьдаг. Монгол эмэгтэйчүүд дөрвөн улирлын хувцсыг эвхэж хийгээд жижигхэн шүүгээнд багтаачихдаг. Цаг агаарын ааш аягт түүртэхгүй хувцас хэрэглэл, хоол хүнсээ зохицуулаад ирсэн. Энэ бүхэнд хүртэл хүнээс чадвар шаарддаг. Харамсалтай нь өнөөдөр бид оюуны өндөр чадвар, төрмөл өгөгдлөө дэндүү бага ашигладаг. Өнөөдөр бид тэр улсын зохиолч эрэгтэй Нобелийн шагнал авах гэж байна, энэ улсын энхтайваны зүтгэлтэн авах гэж байна гэж бичээд л байдаг. Гэтэл зохиол бүтээлээрээ юм уу, энхтайван хийгээд энэрэн нигүүлсэхүйн үйлсээрээ Нобелийн шагнал авах монгол эмэгтэй бидний дунд олон бий. Гагцхүү аргаа л олохгүй байна. Гол нь төрмөл чанараа гол үзүүлэлт болгож чадвал бид уул уурхайг ухах биш ухаантай толгойгоо ухах, Оюутолгойг бус оюунтай толгойгоо ухах, Тавантолгойг бус тархи оюунаа ухах болно гэж бид таван жилийн өмнөөс хүчтэй дуугарсан. Гол нь монгол хүн бүхэн төрмөл чанартаа эзэн болж, эвлэн нэгдэж, бие биеэ дэмжиж, гар гараасаа барилцан урагшаа зүтгэх л хэрэгтэй байна даа.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
TsolmonTsolmon · 2022/03/05
Зөөз Монголд байх хэцүү болох нь захын хүүхэн нийтээр нь шэж ирээл за яах вэээ яэхав би л хувьдаа эмэгтэйчүүдээ ингэж ялгварлаж чадахгүйн байна сайн муу хүмүүс зэрэгцээл амьдардаг л хорвоошд
Tsolmon · 2022/03/05
Энэ утгаггүй үзэл бодлоосоо хэзээ салнаа эр эм монгол хүмүүс сайнтай муутай бусад улсын хүмүүстэй адилхан л байдаг эрчүүдийнэ үзэн ядуулах суртал маш хүчтэй болж байна Монгол эрчүүд хүнэлэг схйхан сэтгэлтэй даруу эрчүүд мэдээж альч улсад муу эр эм хүмүүс байж л байдагшд хэт нэг талына харж бүгдээрээ ихэнх нь эдр гэдэгээ болио миний л аав өвөө ах найз гээд залуучууд сайн залуус бүр маш сайн. Гадны орноор зөндөө л явлаа сайн муу бүгд л зэрэгцэн байдаг орчилон дэлхий шүү дээ
Зочин · 2022/03/04
Mongol eh hyn baihgyi bol Mongolchyyd baihgyi!!!harin eelen ehees eneegiin Mongolchyyd yrgeljileb dee???????????????bi gadaadiin hynii bichsen nomnoos zyragtai chingis yazgyyriin yrgeljilsen er hyn gej bichseniig ynsaad yg zyragiig haraad Mongol hyn gedeg ene l baina s dee!!gej ikhe baharhaj baij bilee!!!enee chagiin erchyyd ehchyydiig harin yalgaj salgaj oilgoh balchigt hyrcheh byy yah be?.....