Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг угтаж Үндэсний статистикийн хорооноос эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой баримтуудыг мэдээлсэн юм.

Тухайлбал, манай улсын гурван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой байна. Мөн манай улсын эмэгтэй ажиллагсдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг  буюу эрэгтэйчүүдийнхээс 17.8 хувиар бага байгаа юм. Ийн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Энэ жил  тус өдрийг BreakTheBias буюу “хүйсийн хэвшмэл сөрөг хандлагыг эвдье” уриан дор тэмдэглэхээр болжээ.

 

Төрийн албан хаагч эмэгтэйчүүд  чууллаа

 

УИХ-ын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан” ТББ хамтран “Тэгш боломж-хамтын үр дүн” төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. УИХ-аас 2011 онд баталсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн албан дахь эмэгтэйчүүд, түүний дотор удирдах албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийн тоо жил бүр нэмэгдсэн байна. Төрийн албанд ажиллаж байгаа нийт албан хаагчдын 62 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь олон улсын дунджаас өндөр үзүүлэлт юм.  Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендерийн ялгаатай байдлын индексээр 2021 онд Монгол Улс өмнөх оныхоос 10 байр ахиж 69 дүгээрт эрэмбэлэгджээ. Энэ нь төрийн албаны удирдах албан тушаал буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй нэмэгдсэний нотолгоо гэдгийг УИХ-ын дарга  Г.Занданшатар онцлов.

 

Анхдугаар чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Эмэгтэйчүүд ба хөдөлмөр эрхлэлт”, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Тэгш боломж-Төрийн албаны хүний нөөцийн бодлого”, Жендерийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Төрийн захиргаан дахь жендерийн тэгш байдал” сэдвээр  илтгэл тавилаа. Чуулганд УИХ, Засгийн газрын яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын хүндэт зочдоос бүрдсэн 400 орчим төрийн захиргааны албан хаагч оролцов.  Төлөөлөгчид уг чуулганыг анх удаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай талаар санал хэллээ.

 

 

Худалдаа эрхлэгч эмэгтэйчүүд гурав дахь жилдээ жагсав

 

Худалдаа, үйлчилгээний салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл  төв талбайд мягмар гарагт хагас нүцгэн жагсаал зохион байгуулж, үзэл бодлоо илэрхийллээ. Тэд худалдаа эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахыг шаардан жагсаж буй гэдгээ илэрхийлсэн юм. “Бидэнд баярлах шалтгаан алга” жагсаалыг  гурав дахь  жилдээ зохион байгуулж байгаа нь энэ юм.

 

Энэ үеэр Монголын худалдаачдын холбоо ТББ-ын тэргүүн Э.Урантөгс “Өнөөдөр эрх мэдэлтнүүд Хөгжлийн банк, ЖДҮ, 10 их наяд гээд бүгдээс нь бага хүүтэй зээл аваад түүнийгээ банк бусаар дамжуулж мөнгө хүүлж байна. Гэтэл үйлчилгээний салбарынхан жилийн 160-360 хувийн хүүтэй өдрийн зээлд дарлуулж байна. Жагсаж байгаа эмэгтэйчүүд хүнд юм өргөж явж байгаа шигээ нийгэмд ийм хүнд ачаа үүрч амьдарч байгаа. Худалдаа үйлчилгээний салбарынхан өнчин хүүхдүүд шиг амьдарч байна. Төр худалдаачдад эрх зүйн орчныг бүрдүүлж өгөөгүй байж татвар, түрээс, торгууль гээд зөвхөн авахаа л боддог. Худалдаачид баян хүмүүсийн мөнгийг өсгөдөг машин болжээ. Тиймээс худалдаа эрхлэгч ээжүүд бидэнд баярлах шалтгаан алга. Худалдаачид өөрсдөдөө ажлын байр бий болгож байхад төрөөс дэмжиж өгөхийг хүсэж байна. Манай салбарын эмэгтэйчүүд гэр бүлдээ зарцуулах цаггүй хөдөлмөр эрхэлдэг. Мөн худалдаачид үйлдвэрлэгчээс гаргасан барааг эцсийн хэрэглэгчид хүргэдэг байхад Монгол Улс үйлдвэрлэлээ дэмждэг мөртлөө худалдаа үйлчилгээний салбарыг тэр чигт нь хаячихсан” гэв.

 

Мартын 8-нд төв талбайд хэд хэдэн жагсаал болсны нэг нь “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” жагсаал байв. Тэд “Мартаар баярлах биш маргаашаа хамгаалъя” гэсэн үндэслэл дор нэгджээ.  Тэд хүүхэд, эмэгтэйчүүдэд  ээлтэй, хүчирхийлэлгүй  хүмүүнлэг нийгмийг бий болгох хэрэгтэйг уриалсан юм.

 

 

Цар тахлын голомтод ажилласан эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын үед ачааны хүндийг үүрч, онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажилласан салбар салбарын төлөөлөл эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ. Цар тахлын үед 160 гаруй мянган төрийн алба хаагч ажилласны дотор 101 мянга гаруй нь эмэгтэйчүүд байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм.

 

“Ковидын сорил-Эмэгтэйчүүдийн манлайлал” хүндэтгэлийн арга хэмжээнд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, Хэвлэл мэдээллийн салбарын 800 орчим эмэгтэй оролцсон юм.

 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Эх орон ард түмнийхээ төлөө үүрэг хүлээх цагт гэртээ орох сөхөөгүй шахам, амьдрал-үхэл цаг минутаар дэнсэлсэн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн мянга мянган ээжүүд, эхнэрүүдийн төлөөлөл бол та бүхэн юм. Өнгөрсөн хугацаанд дэлхий дахин төдийгүй монголчууд бид ямар хүнд өдрүүдийг ардаа үдснийг хамгийн сайн мэдэж, мэдэрсэн хүмүүс нь та нар маань. Өндөр төрдөө өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн цуцашгүй дайчин бүсгүйчүүддээ Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс шар түвшинд шилжсэн энэ цаг үед хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг билээ” гэсэн юм.

 

Энэ үеэр эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн салбарын төлөөлөлд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр яам, агентлагийн болон бусад газрын шагналаар шагнаж урамшуулсан юм.

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин