Таг чиг суувал мангуу маанагаа хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй
2022/03/23
“Үнэн” сонины 2021 оны арванхоёрдугаар сарын 17, 21-ний өдрийн № 242, № 245 дугаарт тус тус хэвлэгдсэн “Бидний нэр яагаад өвчний нэр болчихов" хэмээх өгүүллийг уншаад өөрт төрсөн бодлоо хуваалцъя.
Инженер, биологич, орчуулагч А.Юмжээ гуайн бичсэн нийтлэлийн санаа нь Даун хэмээгч англи эмч нээж олсон өвчнөө монголизм гэж нэрлэсэн нь балаг тарьж, тэр цагаас хойш 150 гаруй жил монгол үндэстэн бидний нэр европынхны дунд доог тохуу болж яваа тухай юм.
Шинжлэх ухааны аль ч салбарын нэр томьёонд болгоомжтой хандахгүй бол ямар уршиг дагуулдгийг энэ жишээ бидэнд бодитоор харуулж байна. Уг нь Монгол гэдэг нь бидний нэр, монголизм гэдэг нь монголжсон үг хэллэг гэсэн утгатай хэл шинжлэлийн нэр томьёо билээ. Гэтэл Монголизм гэдэг үг өнөөг хүртэл тэнэг, мангар гэсэн утгаар хэрэглэгдээд байгаагийн учир юунд оршино вэ.
Лэндон Даун гэгч эмч хэсэг өвчтөндөө судалгаа хийх явцдаа тэдний оюуны хомстол хромосомын илүүдлээс болж байгааг олж тогтоогоод уг өвчнийг нэрлэх болоход тэр эмч нэгд, нэр томьёоны талаарх мэдлэг маруухан, хоёрт өвчтөнүүд дугуй царайтай, намхан хамартай, жартгар нүдтэй зэрэг нь монгол хүнийхтэй төстэй санагдсанаас монголизм гээд нэрлэчихсэн аж.
Энэ нэршил Оксфорд, Британника тэргүүтэй өдий төдий нэвтэрхий толь, мэргэжлийн тайлбар толь, ном, сурах бичигттэр чигээрээ хэвлэгдэж дэлхийгээр тархсан төдийгүй энэ нэр томьёо аажимдаа европынхон бие биеэ ч мулгуу, дүйнгэ гэсэн утгаар доог тохуу хийхдээ хэрэглэдэг нийтийн хэрэглээний үг болоод хувирчихжээ.
Гэтэл сонирхолтой нь англичуудын дунд энэ нэр томьёоны талаар шүүмжлэл өрнөжээ. Бүр байтлаа өнөөх хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Даун эмчийн хүү Региналд Даун... генийн ийм гажигтай хүмүүс европынхон бидний дотор ч байж л байсан, өнөө ч бидний дунд байж л байна... энэ нэр томьёо бол зөвхөн нүдэн баримжаагаар тогтоосон буруу нэр томьёо тул үүнийг залруулах ёстой гэж 1909 онд албан ёсоор мэдэгдэж байжээ.
Бас нэгэн баярлууштай үйл явдал болсон нь дэлхийн шилдэг генетикч хэсэг эрдэмтэн, тэдний дотор өнөөх Региналд Дауны хүү, өөрөөр хэлбэл Даун эмчийн ач хүү оролцоод монголизм, монголоид хэмээх нэр томьёонууд бол ямар ч үндэслэлгүй тогтоосон, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан харгис үзэл шингэсэн, нэг үндэстэн, ард түмнийг гутаан доромжилсон явдал болсныг дурдаад залруулахыг шаардсан хамтарсан албан бичиг үйлдэж гарын үсгээ зурцгааж ДЭМБ-д илгээжээ. Тэдний санапыг ДЭМБ дэмжиж тэр өвчнийг дауны синдром гэж нэрлэхээр тогтоод /1961/ энэ тухайгаа манай ЭМЯ-нд бичгээр мэдэгдсэн бололтой. Харин манайхан түүнийг хайхраагүй ч юм уу, ямартай ч анагаахын салбарын зарим нэртэй эрдэмтний зохиосон толь бичигт энэ нэр томьёо өнөөг хүртэл бахь байдгаараа явж байгаа тухай А.Юмжээ гуайн хапаглан бичсэнийг олж уншаад “Арай ч дээ” хэмээн эмзэглэсэн минь энэ өгүүллийг тэрлэхэд хүргэв.
Анагаахынхан маань ядаж л монгол эрдэмтдийнхээ бүтээсэн Монголын нэвтэрхий толь /2000, хоёр боть/-ийг сөхөөд харчихгүй яав даа гэж сэтгэл гонсойв.
Уул нэвтэрхий тольд тэр өвчнийг дауны өвчин /morbus Langdon Daun/ удамшлын өвчин. Биеийн 21 хромосом гуравласнаас үүсдэг. Өвчтөн төрөлхийн ухаан хомс, жижиг биетэй, үе мөч богино, хавтгай жижиг хамартай /МНТ 16 320-р тал/ гэж тодорхойлсон байгаа. Харин монголиодыг монгол төрхтөн гэж нэрлээд хүн төрөлхтний гурван том төрхийн нэг, шулуун үстэй, шаравтар арьстай, хамар намхан, хавтгай өргөн шанаатай... /МНТ.2000.1 б 577-р тал/ гэхчилэн бичиж оруулсан билээ. Оросууд ч Советский Энцикпопедический словарь /М.1989.837-р тал/-таа тэдгээрийг Дауна болезнь, Монголоидная раса гэхчилэн бичсэн байна билээ. Эдгээрийг олоод харчихсан ч болоосой.
Англичууд соёлтой ардтүмэн учраас Оксфордын толиосоо тэр булай нэр томьёог халсан гэж байгаа. Гэсэн хэдий ч 150 гаруй жил хэрэглэж ирсэн үг хэллэг, хүний тархи толгойноос тийм ч амар арчигддаггүй бололтой. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2021 оны шувтаргаар Францын реппэр дуучин Орилсэний зохиосон нэгэн дууны дахилтад тэнэг монголчууд гэсэн утгатай нэгэн мөр орсныг мянга мянган хүн түрэн дуулж, уул дуу хит болж, Европоор аялан тоглох тов нь гарсан үед тйнд суугаа элэг нэгтнүүд майнь нүүр номоор эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж тоглолтын хөтөлбөрөөс тэр дууг хасуулах талаар санал асуулга явуулахад түм гаруй хүн гарын үсгээ зурсан харагдаж байсан гэх мэт үйл явдал өрнөж байв. Гаднын эрдэмтэд, тэр, ч байтугай гайтай хөөтэй Даун эмчийн хүү, ач хүү нар хүртэл биднийг өмөөрч өвөө болон эцгийнхээ гаргасан алдааг залруулах гэж тэмцсэн байхад уул нэр томьёоноос болж хохирогсод бид өөрсдөө гомдол гаргахгүй бол хэн энэ асуудлыг тоож авч хэлэлцэх вэ. Таг чиг суувал мангуу маанагаа хүлээн зөвшөөрснөөс юуны өөрц вэ. Хэдэн жилийн өмнө А.Юмжээ гуайн ийм нэгэн нийтлэлийг уншаад би нэр томьёо ч бай, оноосон нэр ч бай, ер орчуулгад ч аливаа юмыг анхнаас нь оновчтой зөв нэрлэж явахгүй бол ихээхэн уршигтайг ойлгож тэр тухайгаа “Гарчгаас үүдсэн бодол” нэртэй өгүүлэл бичиж “Өнөөдөр” сонины 2015 оны наймдугаар сарын 07-ны өдрийн № 179-д нийтлүүлсэн билээ. Шинжлэх ухаан технологийн нэр томьёо тухайн салбартаа цор ганц утгатай, хоёрдмол юм уу саяаа утгагүй, сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлээгүй байх гэхчилэн хэд хэдэн шаардлагыг нэр томьёонд тавьдаг л даа. 1990- ээд оноос хойш хэвлэгдсэн англи толгойтой толь бичгүүдийг сөхөөд харахад зарим оноолт нь ойлгомжгүй, хэл зүйн хувьд хэлбэржээгүй үгс аль ч тольд цөөнгүй байгааг анхаарууштай байна.
Ч.Алтанзагас
/Хэл шинжлэлийн доктор/