Бидний итгэж сонгосон болгон эх орноо тоножээ
2022/04/04
Монгол Улсын Хөгжлийн банкийг манай улстөрчид тоночихсон. Тус банк чанаргүй зээлийн эзэд, компаниудыг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр нийтэд зарласан юм. Тэрнээс хойш энэ сэдэв нийгмийн анхаарлын төвд байсаар энэ мягмар гаригт Төрийн ордонд болсон нээлттэй сонсголын үеэр хэн хэн гэж улстөрч зээл авсныг дэлгэлээ.
Зээл авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг харж байхад Монголын улс төрийн дээгүүр албан тушаалтнууд, намуудын зүтгэлтнүүд, Монголын төлөө зүтгэж яваа гэсэн нэр зүүсэн болгон зээл авах замаар Хөгжлийн банкийг тоноод, хуваагаад идэцгээчихжээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Ч.Ундрам, С.Бямбацогт, гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Ц.Гарамжав, дэд сайд асан Ш.Лхамсүрэн, гишүүн асан Ц.Шаравжамц, ҮАГ-ын дарга асан Д.Хүрэлбаатар, Н.Номтойбаяр, дэд сайд асан С.Пүрэв, гишүүн асан Б.Элдэв-Очир, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, сайд асан Н.Батбаяр, гишүүн Л.Энх-Амгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гээд МАН, АН-гүй Хөгжлийн банкийг тоночихсон байна. Эх орон ярьсан “эх оронч” болгон Хөгжлийн банкийг тоночихсон гэхээр монгол хүн монгол хүндээ итгэх ямар ч арга алга. Товчоор бол, бидний итгэж улс орноо удирдуулсан болгон эх орноо тоносоор иржээ.
Энэ хүмүүст Монголын ард түмэн итгээд “Биднийг удирд, энэ улс эх орныг минь хөгжүүлээд өг” гэж сонгосон байх. Зарим нь ч яахав, өөрсдийгөө хүчээр шахуу сонгуулчихсан. Ямар нэгэн арга заль, мэх хэрэглэж, худал үнэн ярьсаар гараад ирсэн нь ч бий. Гэтэл энэ хүмүүс Монголын ард түмний төлөө огтоосоо зүтгээгүй байна, үүссэн нөхцөл байдлаас харахад. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө, өөрийгөө баяжуулж, хөлжүүлэхийн төлөө л явж иржээ. Бизнесээ улам өргөжүүлж, нэмж зээл авахын тулд, мөнгө хөрөнгөө хамгаалахын тулд л дээш мацаж, ард түмнийг амаар нь шороо үмхүүлээд ч болтугай ямар ч хамаагүй аргаар гараад ирсэн байна. Сонгогчдын итгэлийг дээш гарах, хөлжихдөө ашиглах гишгүүр мэт ханддаг сувдаг хүмүүс дээр байдаг нь харамсалтай.
Ерөнхийд нь дүгнэхэд монголчууд нийгмээрээ шунахай, сувдаг, үндэс угсаа, бусдыгаа ерөөсөө боддоггүй болчихсон юм уу, эсвэл ийм хувиа хичээсэн, бэрд аятай хүмүүс нь улс төрд сонгогдоод байдаг юм уу гэсэн эргэлзээ төрж байна. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг эсхүл ард түмэн өөрсдөө энэ хэдэн бэрдээсээ ялгарахааргүй хүмүүс учраас өөрсөдтэйгөө адилхан улсуудыг төлөөллөө болгоод төрд илгээгээд байдаг болж таарч байна уу.
Сүүлийн 30 жилд Монголын улстөрчид Монголыг жинхэнэ утгаар нь тоножээ, хулгай хийжээ. Бүх л хөдлөх гэсэн, бүтээх гэсэн аливаа ажлыг хоригложээ, зогсоожээ, гацаажээ, замхруулжээ. Тууз хайчилсан, шав тавьсан бүтээн байгуулалт болгоныг ор мөргүй алга болгодог. Хаана мөнгө байна, хаана зээл байна тэр болгон дээр тэд хэрээ адил цуглаж, ард түмний боломжийг үргэлж хулгайлсаар амташжээ. Тэгсэн атлаа сонгуулиар “Эх орныг чинь хөгжүүлээд, бүтээн байгуулалт өрнүүлээд өгье. Эхлээд намайг гаргаадах” гэж гэгээн цайлган дүр гаргаад ичих ч үгүй санал гуйдаг.
Төрийн ордонд болсон Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нээлттэй сонсголыг ажиглахад “Украин, Оросын дайн” гэж хэлж чадахгүй хулчгар хүмүүсийг сонгоод гаргаад ирчихжээ гэж анзаарагдлаа. Ямар юмных нь “Геополитикийн ноцтой байдал”, “Зэвсэгт мөргөлдөөн”, “Үл ойлголцох байдал” вэ. Украин, Оросын хооронд дайн болж байна шүү дээ, тэнд. Тэгтэл энд байгаа манай төрийн түшээ “Дайн” гэж хэлж чадахгүй сууж байна. Ийм л хулчгарууд одоо Монголын төр засгийг барилцаж байна гээд бод. Хэн тэднийг УИХ, төр засгийн дээд шатанд гаргасан юм бэ. Өнөө л сонгогчид нь шүү дээ. Гэтэл олон улсад Украин, Оросын дайныг “Оросын
гэдгийг сануулсаар байна. Элит, дэлхийг эзэгнэгч, захирагч, үлгэр жишээч, аугаа их удирдагч Путинг хар. Танхимын гол дахь томоос том ширээний ард ганцаараа суусхийгээд байгааг нь та бүхэн бичлэг, гэрэл зургуудаас харж байгаа байх. Гэтэл тэр Зеленский гэж ногоон футволктой залуу цэргүүдийнхээ дунд орчихсон, эх орончидтойгоо хамтдаа тулалдаж явж байна. Түүнийг хөнөөлгөхөөр бүхэл бүтэн хөлсний арми хөдөлгөчихсөн байгаа гэж яригдаж буй. Гэсэн ч ард түмэн нь энэ зоригтой удирдагчаа л дагаж байна.
Харин манай улсыг удирдаад, улс төрд дээгүүр алба хашиж байгаа хүмүүсийг хар. Дайн ч гэж хэлж чадахгүй. Айгаад байгаа цаад шалтгаан нь ердөө “Орос улс крантаа тасхийгээд хаачихвал яах юм, тэгвэл ард түмэн дахиж биднийг сонгохгүй шүү дээ” гэсэн муйхарлал. Ярьж буй, байр сууриа илэрхийлж буйг нь базвал “Бензингүй, тоггүй болчихвол манай намыг 2024 онд хүмүүс сонгохгүй болчихно” гэсэн санааг л цухалзуулаад байгаа юм. Явж явж ирэх сонгуульд ялагдахаас л айгаад байна аа даа.
Долларын ханш огцом өсч 3170 төгрөг болчихлоо (гуравдугаар сарын 30-ны байдлаар). Цаашид яаж өсөхийг мэргэжлийн хүмүүс нь ч таамаглаж чадахгүй хүнд нөхцөл байдал үүсээд байна. Байгаа бүх доллараа хуу хамуулаад, монгол төгрөг хог дээр уначихаад байхад л өдөр өнжихгүй Төрийн ордонд, яамд дээр ногоон хөгжил, мод ярьж хуралдаад байгааг нь яаж ойлговол зүгээр юм бэ. Улс орны өмнө тулгамдаж буй, өнөө маргаашгүй шийдэх ёстой асуудал олон байхад манай эрх баригчид яагаад ийм сэтгэлгүй, мэдрэмжгүйгээр улсын ажилд, ард түмний амьжиргааг дээшлүүлэх тал дээр хөдөлдөггүй юм бэ. Бодит нөхцөл ийм л байна. Үүнээс цааш тэвчиж огт болохгүй, ард түмэн одоо сонголтоо өөрсдөө, хийх цаг нь болжээ. Монгол Улс хөгжих ёстой, Монгол Улс байх ёстой юм бол ард түмэн сонголтоо өөрөөр хийх цаг нь болсон шүү. “Өдрийн сонин” удаа дараа сануулж, олон хэлж, бичиж байгаа. Монголчууд хэрсүү болох цаг нь болсоон. Юмны цаад учрыг нь олох ёстой. Ингэхийн тулд ард түмэн минь хашир, ухаалаг сонгогчид болох хэрэгтэй байна аа гэж.
Хэрвээ сонголтдоо хэрсүү, өөрөөр хандахгүй бол төрд нүүрлэсэн их хулгай, тонон дээрэмдэлт үргэлжилсээр л, нөгөө талд нь ард түмний амьдрал уруудсаар л, тэтгэмж халамжаар угжуулсан ямар ч хөгжилгүй, дархлаагүй, тусгаар тогтнолгүй орон болно. Эх орон ярьж, эх орончийн дүр эсгэсэн болгон эх оронч биш гэдгийг та бидэнд Монголын улстөрчид удаа дараагийн хулгай, зэлгийгээрээ дахин дахин нотлоод байна.
dagii · 2022/04/04
Harinch ner turuu barij emchilgeend yvlaa geed bishgui ynz ynziin handiv avch gadaadad zugaalaad yoh sn emchiluullee gej hudlaa yrij baidag zalit gishuud bishgui bdag gesen shuu!
уншигч · 2022/04/04
монголчууд дээр доогүй хулгайч зантай амиа арчаагүй шуналтай хүний мууд дуртай болсон юм бишүү хэнийг ч сонгосон адилхан хог новшнууд л гарч ирнэ дээ
уншигч · 2022/04/04
одоо мэдэж байгаа юмуу. наад хулгайч нарт чинь ямар ч эмчилгээ байхгүй болсон шүү дээ. ингэж байгаад бусдын аманд хийчих вий гэж үнэн голоосоо айдаг боллоо.
Зочин · 2022/04/04
Ард түмэн минь параламентаа 2 тахимтай болгож төрд төсвийн эзний хяналт тавихгүй бол хүний шунал хэцүү эдийн засгаа сэргээхгүй тамын тогооны үлгэр үргэлжилсээр