Танхайрах, суудлын бүс зүүгээгүй зэрэгт сануулах арга хэмжээ авах бол барилгын гадна талбайг халтирч гулгах материалаар хийсэн тохиолдолд торгоно
2022/04/07
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Уг хуулийн өөрчлөлтөөр нэлээд олон зөрчлийн хэрэгт торгуулийн арга хэмжээ авдаг байсныг сануулах арга авдаг болгон өөрчилж байна. Тухайлбал,
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, танхайрах, Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих, Дайчилгааны тухай хууль зөрчих, хориглосон газар тамхи татах, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй нэвтрэх, газар чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй, 3амын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон, техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгсэлд хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан, жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй, мотоцикл, мопедын жолооч, эсхүл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй, тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн, цэргийн зарлан дуудах мэдэгдлийн дагуу очоогүй тохиолдолд торгодог байсныг сануулах арга хэмжээ авдаг болгохоор хуулийн төсөлд тусгажээ.
Харин дараах зөрчлүүдэд торгох арга хэмжээ авдаг байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн онцлох заалтуудыг танилцуулж байна.
Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгуулийг хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийг төлөхгүй хожимдуулсан хугацаа, төлөх ёстой торгуулийн хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан торгуулийн хэмжээг тавь хүртэл хувиар нэмэгдүүлж болно.
Үйлдвэрлэл, уул уурхайн чиглэлээр ус ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж усны хэрэглээг тоолууржуулаагүй, хэрэглээг тоолуураар төлдөггүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эрүүл мэндийн байгууллагад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм зөрчиж, хүний эрүүл мэндэд, сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй төгрөгөөр торгоно.
Хуулиар хориглосон хугацаанд хууль бусаар ан агнахыг зорилгоор буу зэвсэг агсаж, тор, хавх авч явсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Байгаль орчин, ой, ус, амьтан, ургамлыг хамгаалах талаар хуулиар оногдуулсан албаны үүргээ хэрэгжүүлээгүй төрийн албан тушаалтанд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль оногдуулна.
Ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацаа нөхцөлийг буруу тогтоосон, эмнэлгийн хуудас хуурамчаар бичиж өгөх зэргээр даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал албан тушаалтныг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Явган хүний зорчих зам гаргаагүй, барилгын гадна талбайн зорчих хэсгийг өвлийн нөхцөлд халтирч гулгах материалаар хийсэн бол торгоно.
Явган хүн зорчих тэмдэглэгээтэй газраар зорчигчийг өнгөрүүлэлгүй, хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн бол тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Сануулах, торгох, баривчлах, эрх хасах нь үндсэн шийтгэл бөгөөд хөрөнгө хураах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулна.
Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, 0-3 настай хөхүүл хүүхэдтэй эмэгтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй.
Нийтийн зориулалттай орон сууцанд бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулахаар дуу чимээ гаргаж үдэшлэг, нийллэг, шашны зан үйл үйлдсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, нэр төр, эрүүл мэнд, хувийн нууц, хувийн орон зайд санаатай болон санамсаргүй халдсан эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасна.
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасна.
Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан, арлын дугаараа өөрчилсөн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.