Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” хөдөлгөөнийг “Тэрбум га цөлжилт болгох” вий...
2022/04/11
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы индэр дээрээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна" хэмээн хэлсэн. Түүний энэхүү мэдэгдлийг Монгол улс төдийгүй Дэлхий нийт талархан хүлээн авч, ажил хэрэг болгохоор төр засаг, хувийн хэвшил идэвхийлэн оролцохоо илэрхийлсээр байна.
Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд банк, санхүүгийн салбар, мэргэжлийн холбоод нэгдэж 88 сая мод тарихаа саяхан баталгаажуулсан. Мөн уул уурхай компаниуд нэгдэж 600 гаруй сая мод тарьж ургуулахаа баталгаажуулаад байна. Тэгвэл нэг тэрбум гэдэг нь мод тарих тухайд "том тоо" мөн үү, энэ тооны модыг тарихад ямар хэмжээний талбай шаардлагатай вэ? Модны төрлөөс хамаараад нэг га талбайд 2,500-3,500 ширхэг мод тарьдаг байна. Тэгэхээр нэг тэрбум мод тарихад 290-400 мянган га буюу 29-40 мянган км² талбай шаардлагатай гэсэн үг. Манай Улсын нийт газар нутгийн хэмжээ 1,5 сая км² юм.
-УУЛЫН МОД СУГАЛДАГ БУРУУ ЖИШГИЙГ ХАЛЖ, МОДЫГ ҮРЭЭР, СУУЛГАЦААР УРГУУЛАХ АРГЫГ ДАДАЛ БОЛГОН ХАЙРЛАН ХАМГААЛАХ НЬ ЧУХАЛ БАЙНА-
Мод тарина гэхээр уулын модыг сугалаад ирдэг буруу жишгийг халж, модыг үрээр, суулгацаар ургуулах аргыг дадал болгох нь чухал байгаа юм. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг мод үржүүлгийн компани, хувь хүмүүс нийлээд нэг жилд ургуулдаг модны суулгацын хэмжээ ердөө 300 мянга гаруйхан. Тэгэхээр “Тэрбум мод” хөдөлгөөнд оролцохоо илэрхийлж, зуу, зуун саяар нь мод тарихаа баталгаажуулсан компаниудын эрэлтийг одоохондоо дотоодын үрэслэгээний компани, хувь хүн яагаад ч хангаж чадахгүй нөхцөл байдал харагдаж байна.
Энэ их эрэлтийг хангахын тулд ашиг хонжоо хайсан хувь хүн байгууллагууд уулын модыг мянга мянгаар нь сугалах вий гэсэн болгоомжлол байна.
Учир нь уулын модыг өөр газар шороонд суулгахад ердөө 10-30 хувь нь л ургах магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд шинээр мод тарихаас илүүтэй ойн нөхөн сэргэх чадварыг дэмжих нь хугацаа хэмнэхээс гадна хүч хөрөнгийн хувьд хэмнэлттэйг хэлж буй. Тодруулбал, түймэр, хортон шавж, мод бэлтгэлээс үүдэлтэйгээр доройтсон ойн 83.6 хувь нь байгалийн аясаараа ургаж байна. Хангай, Хөвсгөлийн бүсэд шинс, Хэнтийн бүсэд хуш буюу тухайн бүс нутгийн экосистемд зохицсон модод нөхөн сэргэх чадвар өндөртэй байгаа юм.
-Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД ЧӨЛӨӨТ БҮСИЙН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ ЯРЬЖ, ТЭРБУМ МОД ХӨДӨЛГӨӨНД ХОЙРГО ХАНДАЖ БАЙНА-
Иймд Б.Бат-Эрдэнэ сайдын удирдаж байгаа Байгаль орчин аялал жуучлалын яамнаас “модыг үрээр, суулгацаар ургуулах аргыг дадал болгох” “шинээр мод тарихаас илүүтэй ойн нөхөн сэргэх чадварыг дэмжих”, “Гал түймэр, хортон шавж, мод бэлтгэл ойн санг хамгаалах” үүнийг дэмжих бүх талын бодлогыг гаргаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, цаашлаад Монгол Улсын дэлхийд зарлачихсан “том амбиц”-ыг хэрэгжүүлэхэд гол үүргийг гүйцэтгэх учиртай. Харамсалтай нь, Байгаль орчин аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс зарласан “Тэрбум мод” хөдөлгөөнд хойрго хандаж, мод суулгах яг энэ цагт дорвитой ажил хийхгүй байна уу гэлтэй. Учир нь Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Гэтэл БОАЖЯ-наас энэ талаар нэг ч дорвитой ажил төлөвлөгдөөгүй байна.
Тухайлбал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ саяхан говийн аймгуудаар ажиллахдаа орон нутгийн удирдлагууд болон салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, БОАЖЯ авилгаас ангид байхыг уулзалтын үеэр сануулаад явж байх жишээтэй. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөтэй ч танилцсан байгаа юм.
Уг нь тэрээр энэ цагт мод үржүүлгийн хэдэн компаниудаараа орж суулгац, үрийн олдоц, хүлэмж, усалгаа зэргийг тодруулж, яамнаас яаж дэмжих, иргэд үр, суулгацаар модыг хэрхэн тарьж, арчлах зэрэг бодлогын хэмжээний асуудалдаа анхаарал хандуулах ёстой байтал, чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөяриад хөдөө орон нутагт явж байна. Сайдыг ийнхүү явах зуур олон зуун саяараа эрэлт нь бий болоод байгаа модны нийлүүлэлтийг хангахын тулд уулын модыг сугалж, дөнгөж цухуйж ургах гэж ядаж буй зулзаган модыг хядах хөдөлгөөнийг яаралтай зогсоож хамгаалах шаардлага байгааг анхаарах нь нэн тэргүүний асуудал байлтай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван сарын өмнөхөн захирамж гаргаж, Байгал орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилсон нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Дэлхийн нийтэд зарласан “Тэрбум мод” хөдөлгөөнийг “Тэрбум га цөлжилт болгох” вий гэсэн болгоомжлол тулгарч байна.