Хүмүүжигчдийн хүүхдүүдийг баярлууллаа
2014/05/25
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж санаачлан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хамтран ажилладаг ажил олгогч байгууллага, бүртгэлтэй байгаа ажил хайгчдын хүүхдүүд, “Манай гэр” асрамжийн газарт өсөн, хүмүүжиж байгаа бяцхан үрс болон хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудын хүүхдүүдийг “Хөх хулганы орон” тоглоомын төвд үнэгүй тоглуулж бэлэг барьлаа.
Тус үйл ажиллагааг “Их монгол жуулчин” ХХК, “Хөх хулганы орон” тоглоомын төв дэмжин хамтран ажилласан байна. Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6-р сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан юм.
Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6-р сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Хүүхдийн баяр нь жилээс жилд, үеийн үед хүүхэд багачуудын маань хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр билээ.