Г.Отгонтамир: Дөрвөн машин мөргөлдөж, нэг нь онхолдсон осол гарсан. Хүний амь нас эрсдээгүй
2022/04/15
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр "Буянт-Ухаа 2" хорооллын автобусны буудлын урд замд машин онхолдсон ноцтой осол өнөөдөр өглөө гарсан байна.
Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамираас тодруулахад "Өнөөдөр өглөө 07:58 цагт "Буянт-Ухаа 2" хорооллын автобусны буудлын урд замд осол гарсан дуудлага Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст ирсэн.
Prius маркийн 3, Land Cruiser маркийн нэг, нийт дөрвөн машин мөргөлдөж, нэг машин онхолдсон осол гарсан. Яг одоо ослын газарт шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хүний амь нас эрсдээгүй, гэмтсэн иргэдийн зэргийг тогтоохоор Яаралтай Түргэн Тусламжийн 103-ынхан ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан, хурд хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой байхыг санууллаа.