Өгөгдлийн сан бүрдүүлэх явцад алдаа гарснаас шалтгаалсан 95 сурагчийн монгол хэл бичгийн шалгалтын оноог залруулжээ
2022/04/17
Их, дээд сургууль, коллежид элсэхээр Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэгчдээс авдаг Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 2-нд зохион байгуулж дүн оноог дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн https://eyesh.eec.mn/ цахим хуудсанд байршуулжээ.
Шалгалтад
33,138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5,000 шалгуулагч байна.
Шалгалтын дүн оноог гаргахад шалгалтын үеэр өөрийн баганан кодыг шалгалтын материал дээр буруу нааснаас шалгалтын дүн гараагүй болон өгөгдлийн сан бүрдүүлэх явцад хувилбарын зөрүүтэй байдал үүссэнээс шалтгаалсан 95 шалгуулагчийн дүнг нэг бүрчлэн гар аргаар тулгаж, дүн оноог үнэн зөв болгон залруулж Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн системд оруулж алдаагүй болгожээ.
Эдгээр шалгуулагч дөрөвдүгээр сарын 17-ны 09:00 цагаас эхлэн https://eyesh.eec.mn/ сайтаас өөрийн дүнг үзэн батламж хуудсаа хэвлэн авах боломжтой бөгөөд алдаатай байдал үүсгэж чирэгдэл учруулсандаа БҮТ эцэг эхчүүдээс хүлцэл өчив.
Бусад шалгуулагч Монгол хэл бичгийн өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой юм. Хүсэлт гаргасан шалгуулагчдын материалыг нь үзүүлэн, дүнг танилцуулахад одоогийн байдлаар дүн оноонд өөрчлөлт орсон тохиолдол гараагүй байна.
Босго оноогоо даваагүй болон өмнөх шалгалтад хүндэтгэх шалтгааны улмаас шалгалтад ороогүй бол 2022.05.07-нд дахин шалгалтад хамрагдаж, дүн оноогоо ахиулах боломжтой. Шалгалтын бүртгэл Боловсролын үнэлгээний төвийн https://eyesh.eec.mn/ цахим хаягаар дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл явагдана.
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв
Иргэн · 2022/04/17
БҮТ маш хариуцлагагүй том алдаа гаргасан бна . Энх-Амгалан сайдаа энд ажиллаж байгаа хариуцлага алдсан хүмүүст хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.Амьдралд хөл тавих гэж байгаа хичнээн хүүхэд хохирч үлдсэн бол уучлал гуйгаад өнгөрөх асуудал биш шүү. Төрийн албыг ингэж хашиж байгаа хүмүүсийг бүү давруулай.