Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой товч ярилцлаа.

 

АН-ын Улс Төрийн зөвлөлөөс өнгөрсөн Баасан гарагт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизид шаардлага хүргүүлсэн. Энэ тухайгаа тодруулахгүй юу?

 

Өнөөдөр Монголд шударга зүйл гэж үгүй боллоо. МҮОНРТ дээр ч ийм байдал бий болсон байна. Ер нь яагаад МҮОНРТ гэж байгаа юм бэ? Энэ бол төрөөс төсвийн санхүүжилт авдаг, жилдээ 6.5 тэрбум төгрөгийг Монгол Улсын иргэдийг соён гэгээрүүлэх мэдээ бэлтгэж, мэдээллийг иргэдэд тэнцвэртэй бодит хүргэх зорилготой байгууллага. Харамсалтай нь сүүлийн 2 жилийн хугацаанд МАН-аас томилогдсон дарга нь хэт нэг талыг баримталсан мэдээллийг иргэдэд түгээх боллоо. Өнөөдөр Монголд 920000 өрх МҮОНРТ-д сар болгон 1100 төгрөгний татвар төлж,  энэ татварыг шууд цахилгаан дээрээс нь суутгаж авдаг. Ингээд сар нийт тэрбум орчим төгрөгийг МҮОНРТ татвар хэлбэрээр иргэдээс авч байгаа. Уг байгууллага Монгол Улсын иргэдийг соён гэгээрүүлэх, бодит мэдээллийг тэнцвэртэй хүргэж чадаж байна уу, төлбөртөө таарсан хэмжээний мэдээллийг түгээж чадаж байна уу гэдэгт эргэлзэж байна, хэт нэг намыг баримталсан, хэт ашгийн, мөнгөний төлөө, хэт зар сурталчилгааны үйл ажиллагаа явуулж байгаа тул бид энэхүү шаардлагыг хүргүүлсэн.

 

 

Жилдээ 6.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, мөн сар бүр 9200000 өрхөөс 1100 төгрөг авч байгаа. Бид нарын  мэдэж байгаагаар жилдээ 18.5 тэрбум төгрөгийг МҮОНРТ авч байна. Дээрээс нь зар сурталчилгаа гэх мэтээр хэт мөнгөний, хэт намын эрх ашгийн байгууллага болсон байна. Хувийн хэвшлийн телевизүүд та бүхэн харж байгаа байх. Бодит нөхцөл байдал ийм байна.

 

 

 

Ийм учраас бид МҮОНРТ-д шударга, бодитой мэдээллийг нийгэмд хүргээч ээ, иргэдийг зөв мэдээллээр хангаж соён гэгээрүүлэх бодитой мэдээллийг нийтэд түгээгээч, битгий МАН-ын улс төрчдийг хамгаалсан үйлдлийг гаргаач ээ гэсэн шаардлагыг хүргүүлсэн юм.

 

АН-ын ээлжит бус Их хурал болсон, үүнд МҮОНРТ ирээгүй.  Та бүхний зүгээс шаардлага тавьсан уу? 

 

Үндэсний хэмжээний 2200000 гишүүд, дэмжигчидтэй нам. 21 аймаг, 9 дүүргийг хамарч үндэсний хэмжээнд намын дүрмийн хүрээнд Их хурлаа хийсэн. Бүх телевизүүдэд мэдээллийг хүргүүлж, урилга явуулсан. Бүх телевиз мэдээллийг тэнцвэртэйгээр хүргэсэн. Харамсалтай нь МҮОНРТ АН-ын 220000 гишүүүнээс, нийт иргэдээс татвар авсан атал огт мэдээлэл хүргээгүй. Эсэргээрээ муулах, үгүйсгэх, гутаан доржлох мэдээллүүдийг удаа дараа гаргаж байгаа. Энэ өөрөө тэнцвэртэй мэдээллийг хангахгүй байгаа юм. 

 

Цаашид ямар тэмцэл хийх вэ? 

 

МАН-аас томилогдсон нөхдүүд удирдлага нь байгаа. Өөрөөр хэлбэл эд бол хулгайч нар. Иргэдээс ирсэн татварийн мөнгийг авч байгаа хулгайчид. Үүнийг  хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

 

МҮОНРТ хангалттай хэмжээний контентуудыг хүргэж байна уу, бодитой мэдээллийг түгээж байна уу, 1100 төгрөгийг шууд яагаад суутгаж авч байгаа юм, ингэж чадахгүй бол хувийн хэвшилтэй адил зах зээлийнх нь зарчмаар өрсөлдөх хэрэгтэй. 

 

 

 

Яагаад татвар төлөгчдийн мөнгийг авчихаад ийм байдалтай байгаа юм. Иргэдийн татвараас жил бүр 6.5 тэрбум төгрөг авч байна. Тэгэхээр удирдлагын багт нь өөрчлөлт хийх хэрэгтэй. Өнөөдөр 21 аймаг дээр ТВ-9, Монгол HD телевизүүдийг л үзэж байна. Тэдний контентууд иргэдэд таалагдаж байна. МҮОНРТ тэгэхэд ямар тийм контент гаргаж байна, хүнд хүрэхээр ямар зүйлийг хийж байна. Тэгэхээр бид үүн дээр дүгнэлтүүдийг хийх хэрэгтэй. 

 

Иргэдэд хандаж юу хэлмээр байна? 

 

Төрөөс МҮОНРТ-д өгч байгаа татварт хяналт тавья аа, биднээс сар бүр авч байгаа мөнгийг төлөхгүй байя аа, дарга нар нь хэдэн төгрөгийг юунд зарцуулаад байгаа талаар хяналт, шалгалт хийх хэрэгтэй. 

 

 

 

М.Чой