Д.Энхтуяа: Дэлхийн улс орнууд LRT төслөөс татгалзаж байхад манайх хэрэгжүүлнэ гээд ярьж байна
2022/04/28
Ардчилсан намын 4/11 хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалтай холбогдсон нийтийн тээврийн LRT төслийн талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа ярьсан юм.
"LRT буюу тулгуурт хөнгөн галт тэрэг Улаанбаатар хотод хамгийн тохиромжгүй"
LRT буюу тулгуурт хөнгөн галт тэрэг тавих төслийн тухай тэрбээр "Энэ оны төсөвт нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг тусгасан байна. Бидэнд төсөв төлөвлөгөөнд тусгагдсан, урьд нь төлөвлөсөн Техник Эдийн Засгийн Үндэслэл /ТЭЗҮ/, түгжрэлийг бууруулах бодлого байгаа. Ийм байтал өнөөдөр 2.8 тэрбум америк доллароор Яармагаас-Сансар хүртэлх 18.1 километрт LRT хөнгөн галт тэргийг хийнэ гэж ярьж байна.
Тайландын нийслэл Бангкок хотод тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT явдаг. Энэ бол хотын төвөөр явахад маш зохимжгүй тээврийн хэрэгсэл. Тухайн тээврийн доогуур маш их тоос шороо унаж, бужигнадаг. Бангкок хотын уур амьсгал харьцангуй чийглэг учраас ийм тээврийг ашиглаж байна. Гэтэл нийслэлд тохиромжгүй. Одоогоор дэлхийн олон хотууд LRT төслөөс татгалзаж байна. Нэгдүгээрт, хотын өнгө үзэмжид таарахгүй. Хоёрдугаарт, эрчим хүч их зарцуулна.
Эрчим хүчний сайд "Ирэх оны өвөл цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийнэ" гэж хэлсэн. Гэтэл цахилгаанаар явдаг зардал өндөр тээврээр түгжрэлийг шийднэ гэж ярьж байна" хэмээн хэллээ.
"2.8 тэрбум америк доллароор түгжрэлийн асуудлыг шийднэ гэж байна. Үүнийг нухацтай хэлэлцэх ёстой"
Тэрбээр үргэлжлүүлэн "Өнөөдөр 2.8 тэрбум америк доллароор нийслэлийн түгжрэлийг шийднэ гээд зогсож байна. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Энэ бол улс орны аюулгүй байдал, өрийн таазтай яригдах учраас нухацтай авч хэлэлцэх ёстой. Хотоос сонгогдсон гишүүд зүгээр л төсвийн тодотголоор хийдэг ажил биш” гэж хэлсэн байдаг. Үүнтэй АН-ын гишүүд санал нэгтэй байгаа.
Бид Чингис бондын асуудлыг байнга ярьдаг. Энэ бондын 1.5 тэрбум доллароор Монгол Улсын бүх аймгийг засмал замаар холбосон. Тодруулбал, 3,000 километр засмал зам барьсан байдаг. Гэтэл үүнээс хоёр дахин их зардлаар буюу 2.8 тэрбум америк доллароор түгжрэлийн асуудлыг 25 хувь шийдэх төсөл оруулаад ирлээ. Үүнийг яагаад нийслэлийн иргэдээс асуухгүй байгаа юм бэ, олон нийтээс санал авах хэрэгтэй.
Хотын даргын зүгээс ТЭЗҮ хийгдчихсэн гэж байгаа. Гэхдээ 500 сая төгрөгөөр ямар ТЭЗҮ хийгдээд хэдэн жилийн дараа LRT төсөл үр өгөөжөө өгөх юм бэ. Үнэхээр түгжрэлийг 25 хувиар бууруулж чадах юм уу" гэв.
dagii · 2022/04/29
hotsrogdson buhnii sanaachildag n manai erhemuudiin zan aranshin iim ymaar ner tur zereg dev hamgaalj irgeddee tom haragdah uvchind ih idehjij 30 jil ungurch bn.