Зургаадугаар ангийн сурагч биеийн тамирын хичээлдээ орохоор явж байх үедээ бэртсэн. Эмчилгээ хийлгэж байгаа
2022/05/23
Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсны улмаас сурагч амиа алджээ гэх мэдээлэл цацагдсан.
Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яам дараах тайлбарыг өгч байна.
БШУЯ-ны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан "Амны хаалттай биеийн тамирын хичээлд орж, дасгал хийсэн хоёр хүүхэд ухаан алдсан, тархинд цус харвасан, амиа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага, боловсролын газруудтай холбогдон мэдээлэл тодруулахад ташаа гэдэг нь тогтоогдсон" гэлээ.
Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох "Амралтын өдрүүдээр бүх сургуультай холбогдож мэдээлэл тодруулсан. Нэг сургууль дээр зургаадугаар ангийн сурагч бэртсэн тохиолдол гарсан. Тодруулбал, биеийн тамирын хичээлдээ орох гэж байх үедээ бэртсэн байсан. Сургуулийн гадаах хяналтын камерыг шалгахад амны хаалтгүй, гадаа нөлөөгүйгээр бэртсэн нь тогтоогдсон. Сурагчийг ар гэрийнхэн нь эмнэлэгт эмчлүүлж байгаа.
Мөн тавдугаар сарын 13-нд аравдугаар ангийн нэг хүүхэд зүрхний шигдээс гэх оноштойгоор гэртээ амь насаа алдсан тохиолдол гарсан байна. Одоогоор биеийн тамирын хичээлд сурагчид амны хаалтгүй оруулж байгаа" гэлээ.