Олон жилийн турш ярьсан ч оновчтой гарц шийдлийг өдгөө хүртэл олоогүй нэг асуудал нь Хавдар судлалын үндэсний төвийн / ХСҮТ/ хэт их ачаалал.

Оношоо тодруулж, хавдартайгаа мэдчихээд мэс засалд орох өдрөө хоёр сар орчмын турш хүлээсэн тухайгаа харуусан ярих алс хязгаарын Завхан аймгаас ирсэн өвчтөн. Гурван хоног хүлээсний эцэст эмчдээ очоод үзүүлэх гэтэл “Таны дугаар баталгаажаагүй байна” гэсэн хариу сонссондоо цөхөрсөн ходоодны хорт хавдартай иргэн. Энэ бол ХСҮТ-д үйлчлүүлж байгаа иргэдэд тулгарч байгаа бодит асуудал гэдгийг “Хавдрын эмнэлгийн дотоод “амьдрал”-ыг сурвалжлахуй” нийтлэлээрээ бид хүргэсэн. Энэ удаа хэт их ачаалал иргэдийн хэлсэнчлэн эмнэлгийн байр болоод эмч нарын тоог нэмэгдүүлснээр шийдэгдэх асуудал мөн эсэхийг тодруулахаар хавдрын голомтод ажилласан эмчтэй ярилцсанаа сурвалжлан хүргэж байна.

 

“ХАВДРААР ОНОШЛОГДСОН МЭДЭЭГ НУЛИМСАА ТЭВЧИЖ ХЭЛДЭГ”

 

“Ар гэр, ахуй амьдралаа умартан өвчтөнөө эрүүл болгох, өвчиндөө шаналж байгаа хүмүүсийг оношилж, гарц гаргалгааг нь нээж өгөхийн төлөө ажилладаг. Хавдраар өвчилсөн хүнд гунигт мэдээг нь үгээ цэгнэж, нулимсаа тэвчиж хэлдэг. Анх уулзсан өвчтөндөө хавдар гэсэн оношийг нь шууд хэлж болохгүй. Хоёроос гурван удаа уулзаад шинжилгээ оношилгоонд үндэслээд хэлдэг. Энэ нь бид бүгдийн ажилд тулгамдсан асуудал болохыг үгүйсгэхгүй” хэмээн ХСҮТ-ийн эмч нар санаа алдан бидэнд ярилаа.

 

Нэг өдрийн турш хавдрын эмч нар өвчтөнүүдтэйгээ хэрхэн харилцаж байгааг ажиглан суулаа. Хэнийг ч ялгаж харилцдаггүй соёл, ойлгож хүндэлж байгаа нь сэтгэл зүйч шиг мэдрэмжийг төрүүлэв. Тус төвөөр үйлчлүүлэгчдийн зүгээс “Эмчийнхээ тоог” нэм хэмээх шаардлагыг үргэлж тавьдаг.

 

Гэвч эмнэлгийнхээ багтаамжид тааруулан бүх хүч нөөцөө  шавхан ажиллаж байгаа тухайгаа ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээ ярилаа. Тэрбээр “Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлага их өндөр байдаг. Гэтэл эмч нарын ажил бас нарийн дүрэм, журамтай. Манай эмнэлгийн байр 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үеийн улсын хүн ам, хавдрын өвчлөлийг одоогийнхтой харьцуулбал тэнгэр газар шиг зөрүүтэй. Эмнэлгийнхээ орон тоо, нөхцөлд тааруулж ажилладаг. Түүнээс өвчтөн их байгаа учир орон тоогоо нэмье гээд шийддэг тийм хялбар зүйл биш” гэсэн юм.

 

НЭГ ЭМЧ ӨДӨРТ 40 ӨВЧТӨН ҮЗДЭГ

 

Эмч нарын ажлын ачаалал ямар байгааг гаргаж ирэхийн тулд бид ХСҮТ-ийн Элэгний тасгийг сонгон энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.  Учир нь манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд нэгдүгээр байрт ордог юм. ХСҮТ-ийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн эмч, элэг судлаач Ч.Мөнхзаяа элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байгаа өвчтөнүүд болон мэс засалд орсон хүмүүст хяналт хийдэг. Мөн мэс засалд орж, биеийн байдал нь хүндрэхээсээ өмнө элэгний B, C вирусын халдвар, элэгний хатууралаас болж хавдар үүссэн хүмүүстэй  ажилладаг. Түүний нэг өдрийн ажлын тал орчим хувь нь өглөө өрнөдөг. Хавдрын бүх эмч нар түүнтэй адил асар их ачаалал дунд 30 минут тайван суугаад хоол идэх завгүй ажилладаг гэдгийг Ч.Мөнхзаяа эмчийн нэг өдөртэй танилцах үеэрээ мэдэрлээ.

 

Энэ тухай эмч  Ч.Мөнхзаяа “Миний хувьд эмч нарын ажлын ачаалал их байна гэж боддог. Өдрийн найман цаг зогсолтгүй ярьж, тайлбарладаг. Зарим үед таван хүнд ижил зүйл ярьж байхад, дараагийн өдөр нь 10 хүнд өөр зүйл ярих жишээтэй. Энэ нь эмчээс их ур чадвар их шаарддаг. Стандартаар өдөрт 28 хүн үзэх ёстойгоос нэмэгдээд яаралтай 10 гаруй хүн үздэг. Улсын нийгэм, эрүүл мэндийн хангамж нь өвчтөний сэтгэл зүйд нөлөөлдөг. Тиймээс эмч хүн өвчтөнөө соргогоор ажиглах хэрэгтэй. Аль талын тусламж үйлчилгээ сул байгааг олж харах, мэдэх хэрэгтэй” гэв.

 

Хүн бүр харилцан адилгүй онош зовиуртай. Нэг  хүнд зөвхөн эмчилгээний талаар зөвлөгөө өгөхөд 25-30 минут зарцуулдаг.  Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бол донороо судлах, мэс заслын талаар тайлбарлах, зөвшөөрөл авах гэсэн олон үе шатыг дамждаг учир нэг хүнд мэс засал хийхэд урт хугацаа шаарддаг юм.

 

Дугаар олголттой холбоотой ачааллын талаар түүнээс тодруулахад “Дугааргүй болчихвол  өвчтөнүүд үзүүлэх эрхгүй болдог. Гэтэл дугаар аваад 3-14 хоног хүлээгээд зөвөлгөө авах гэж буй хүмүүс нь зөвөлгөө авах гэж буй хүмүүсийн өмнө орохоор энэ хүмүүсийн оношлогоо, эмчилгээ хойшилдог” гэв.

 

ХАЛДВАР АВСНААС ХОЙШ 10-15 ЖИЛИЙН ДАРАА ЭЛЭГНИЙ ХАВДАР ҮҮСДЭГ

 

Элэгний хавдар, хатуурал нь халдвар авсанаас 10-15 жилийн дараа үүсдэг. Тухайн иргэн хүүхэд байхдаа халдвар авсан бол 18-20 насандаа цирроз болоод ирдэг. Мөн 25 насандаа халдвар авсан бол 35 насандаа хавдартай болоод ирдэг байна. Тиймээс элэгний хавдраар өвчлөх магадлалтай нас хэмээн нэрлэх боломжгүй юм байна.

 

Энэ талаар эмч Ч.Мөнхзаяа “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөр 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд иргэдийн элэг гэмтээх В, С вирусын талаарх мэдлэг сайжирсан. Гэвч мэдлэгээ дадлага болгох хандлага дутаад байна.

 

Жишээ нь вирустай гэсэн мөртлөө жилд нэг удаа үзүүлнэ. Вирустай гэдгээ мэдэж байгаа бол гурван сар, зургаан сар тутам эмчдээ тогтмол үзүүлэх ёстой гэсэн дадал нь хандлага болоод явах юм. Тогтмол үзүүлээд хавдар, хатуурал болохоос нь өмнө эмчлүүлэх, богино үе шатанд нь барих дадал хандлагад суралцах хэрэгтэйг үйлчлүүлэгчдэд зөвлөдөг” гэлээ.

 

Хавдар судлалын үндэсний төвийн эмч ийн ярилаа. Иргэдийн зүгээс хавдрын эмнэлгийн ачаалал хэт их, үйлчилгээ нь хүнд сурталтай, эмч нарын тоог нэмэх хэрэгтэй хэмээн ярьсан. Харин эмч нарын хувьд тэд хоолоо идэх, заримдаа гэртээ харих ч завгүйгээр мэс засал хийж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Хавдар судлалын үндэсний төв хэмээх эмнэлэг хүчин чадлынхаа дээд хязгаараар ажилладаг. Тиймээс эмч нарын орон тоог нэмэх боломжгүй. Тэгэхээр иргэд болоод эмч нарын аль алинд нь тулгарч байгаа хэт их ачааллыг шийдвэрлэх гарц нь дахин өөр Хавдар судлалын үндэсний төв барих гэсэн саналыг иргэд гаргасныг бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн. Эс бөгөөс нэг талдаа үйлчлүүлэгчид бухимдаж нөгөө талдаа эмч нар нь ажилдаа дарагдсаар хэт их ачааллын улмаас үйлчилгээ авч чадахгүйгээр иргэдээ бид хавдраар алдсаар байх нь.

 

 

 

Б.Должинжав, Б.Нямсүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин