Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард БНСУ-ын иргэдийг манай улсад 90 хоног визгүй зорчих шийдвэрийг гаргасан. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Ингэснээр манай улс аялал жуулчлалын чиглэлээр орлого олох нөхцөл тодорхой хэмжээнд бүрдэж байгаа юм.

Тиймээс бид жуулчдыг Монголд татахын тулд бидэнд хөгжүүлж, бэхжүүлэх ёстой давуу тал юу байна, эсрэгээрээ засаж сайжруулах, арилгах ёстой сул юу байгааг харуулах үүднээс iSee.mn сайт “Эргээд ирээрэй” цуврал контентыг эхлүүлээд байгаа. Тус хүрээнд саяхан манай улсад ирж, аялж нойлын асуудлын талаар асуудал хөндсөн бичлэг нь Монголчуудын дунд түгсэн блогер Кун Ёнжүтай ярилцлаа.

ВИДЕО:

-Сайн байна уу? Та Монголын үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу ISee.mn сайтын үзэгчид ээ. Би Монголд 21 хоног аялаад ирсэн Солонгос youtuber Кун Ёнжү байна.

-Хэзээнээс youtube сувагтаа бичлэг оруулж эхэлсэн бэ?

-Би дөрвөн жилийн өмнө youtube сувгаа эхэлж байсан. Миний сувгийг харвал ихэнхдээ хоол идэж байгаа бичлэг их харагдах хэдий ч жин хасах зорилготой суваг юм.

- Таны хувьд хэзээ Монголд ирсэн бэ. Анх удаа ирсэн үү.

-Тийм ээ. Анх удаа очсон. Сая зургадугаар сард Монголд очсон. Гол зорилго маань үзэсгэлэнтэй од харах байсан юм. Хэдэн жилийн өмнө манай аав ээж хоёр Монгол руу аялаад ирсэн болохоор би ч гэсэн хэзээ нэгэн цагт очно доо гээд боддог байсан юм.

-Монголд найзуудаараа ирсэн байсан. Хэдүүлээ аялсан бэ?

-Тийм ээ. Монгол руу ганцаараа явахаас илүүтэй олуулаа бөөнөөрөө явбал сонирхолтой гэсэн үүднээс youtuber найзуудтайгаа нийлж хамт явсан.

-Визгүй журмаар Солонгосчууд Монголыг их зорих болсон шүү дээ. Аялахад хэр хялбар санагдав?

-Санасныг бодвол тайван сайхан явсан.

-Ирээд таныг хамгийн гайхшируулсан зүйл юу байв?

-Монголд Солонгос хэл мэддэг хүмүүс маш их байсан болохоор цочирдож их гайхсан. Дан ганц Улаанбаатарт ч гэлтгүй хөдөөгүүр ч гэсэн манай улсын хэлийг мэддэг хүмүүстэй их таарсан. Блогоо хийх гээд камераа бариад захын дэлгүүр рүү ороод өөртэйгөө ганцаараа “хиам байхгүй байна” гээд ярьж байсан чинь дэлгүүрийн эзэн эгч “Хиам байгаа шүү дээ” гэж Солонгосоор хэлэхээр нь гайхаад “Та Солонгос хэлээр сайн ярьдаг юм байна” гээд мэндэлсэн. Миний хувьд олон орноор аялж үзээгүй ч очиж үзсэн орнуудаас Монгол бол яах аргагүй хамгийн сайн Солонгос хэл мэддэг хүмүүс ихтэй орон гэж бодож байна.

-Таны болоод найзуудынх нь бичлэгээс харвал Монголын нойлын асуудал их хүнд туссан харагдсан. Тэр талаараа хуваалцаач?

-Монгол руу аяллаар явахаас өмнө нойлын асуудлын талаар надад хүмүүс маш их ярьж өгсөн. Миний хувьд Солонгостоо хаа сайгүй нойл орчихдог байсан учраас тэр тал дээр асуудалгүй гэж бодсон ч Монголын нойл нэг шатаар ахиу өөр мэдрэмж өгсөн шүү. /инээв/

Дараа нь сонсохнээ Монголчууд өөрсдөө ч ороход хүндрэлтэй тийм газар байсан юм билээ. Тэгээд мөн нойлын гишгүүр банз нь хугараад унадаг гэсэн яриа сонсоод цочирдсон. Азаар бидний орсон нойл яагаачгүй.

-Монголын аль аймгуудаар аялав?

-Аялах хугацаандаа жуулчид очдог гэх ихэнх газарт очиж үзсэн. Хөвсгөл надад маш их таалагдсан. Биднийг Хөвсгөл рүү авч явсан хөтөч маань нуурыг далай гэж хошигнож байсан ч бодитоор харахад үнэхээр л далай шиг уудам том харагдаж байна билээ.

-Монголын уламжлалт хоол идэж үзсэн үү. Хэр таалагдав?

-Хоолны хувьд Монголчууд хонины мах их иддэг гэж сонссон. Би ч гэсэн Солонгост хонины мах сайн иддэг л дээ. Гэхдээ Монголд идсэн хонины махны амт болоод үнэрийн хувьд арай өөр байсан. Идэхэд дасаагүй учраас амаргүй гэх юм уу. Хамт явсан нэг найзад маань таалагдаад сайн идсэн бол өөр хоёр нь идэж чадаагүй бас жин хассан. /инээв/

-Монголд байх хугацаанд хэр их зардал гаргасан байна вэ?

-Зардлын хувьд хямд туссан. Нийт зардлын хувьд 2,5-3 сая вон болсон.

-Монгол Солонгос хүмүүс хоорондоо их төстэй гэж ярьдаг шүү дээ. Яг орчинд нь ирээд харахад ямар санагдав?

-Үнэндээ хэл нь л өөр болохоос Солонгос, Монгол хүмүүс адилхан юм байна гэсэн бодол төрсөн. Монголд аялж байх хугацаанд Монголчууд их найрсаг уриалгахан байсан учраас үнэхээр таалагдсан. Улаанбаатарт очиход гадаад хүмүүс болохоор тэр юм уу их гайхаж харцгааж байсан ч бүдүүлэг зан огт гаргаагүй.

-Дараа дахиж Монголд ирэх бодол байгаа юу?

-Бид нарт Солонгост буугаад онгоцны буудал дээр хоолны газарт хоол идэж байхад Монгол дах аяллаа бодоод нулимс гарсан. Хэцүү ч гэсэн үнэхээр гоё байсан учраас тэр шүү дээ. Ойрын хугацаанд очиж чадахгүй ч 5,10 жилийн дараа бөөндөө дахиад Монгол руу аялъя гэж ярилцсан.

-Дараа ирэхэд нь юу хамгийн их өөрчлөгдсөн байгаасай гэж хүсэж байна вэ?

-Монголын хөдөө очоод мөстэй хүйтэн ундаа уухыг их хүсэж байсан. Дийлэнхдээ ундаануудаа хөргөгчинд биш лангуу тавиур дээр өрөөстэй байсан учраас хүйтэн ундаа уухыг их хүссэн дээ. /инээв/ Харин нойлын хувьд гэвэл хэцүү байсан нь үнэн бас гар нүүрээ угаах, усанд ороход усаа зөөж хэрэглэсэн нь жаахан төвөгтэй санагдсан. Бусдаар олуулаа учраас маш сайхан аялаад ирсэн.

www.isee.mn