Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого бүдгэрч буй тухай нийгмийн сүлжээгээр гарч буй зарим нэг мэдээ мэдээлэлтэй холбогдуулан өөрийн бодол саналаа илэрхийлэх гэсэн юм. 

 

«Аливаа улсын  гадаад бодлого нь түүний оршин буй газарзүйн байршлаар тодорхойлогдоно» гэж Наполеон Бонапарт хэлжээ. Энэ үг  геополитикийн давтагдашгүй онцлог байршилтай Монгол Улсын гадаад бодлогод нэн их хамаатай. Улс гүрэн бүгд нэг нь нөгөөтэйгээ айл хөрш болж зэрэгцэн оршдог. Германы геополитикч, профессор Фридрих Ратцелийн «хөршөө сонгодоггүй» гэж хэлсэн нэгэн үг буй. Энэ бол  хил залгаа хөршийн тухайд өгүүлсэн хэрэг гэдэг нэн тодорхой билээ. Харин сайн хөршийн харилцааны тухайд бол  хил залгаагүй “хөрш”-өө сонгож болох ажгуу.

 

 

XIX зууны дунд үед Их Британийн Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн дарга, 1859-1865 онд Ерөнхий сайдаар ажиллаж агсан тэргүүн зэргийн гүн Палмерстоны угсаа залгамжилсан гурав дахь үеийн бэйс хэргэмт, парламентын дээд  танхимын лорд Хенри Ж.Темпл “Их Британид мөнхийн анд нөхөр, холбоотон гэж байхгүй, аанай мөнхийн дайсан ч гэж байхгүй, харин мөнхийн эрх ашиг л гэж буй” хэмээн хэлсэн байдаг.  Тэрбээр аливаа зүйрлэлийн нэгэн адил энэ санаагаа хэтрүүлэгтэй илэрхийсэн байж магад. Учир юу гэвээс улс гүрэн гэдэг нь эцсийн дүндээ хувь хүн, ард түмнээс бүрддэг. Тиймээс орчин үеийн дэлхий ертөнцөд огт найз нөхөдгүй оршин тогтнох аргагүй билээ. Харилцан хамаарал, ойртон нягтралших, дижиталчлалын үйл явц эрчимтэй гүнзгийрсэн эрин үед “өөрийн эрх ашгийг бүхнээс дээгүүрт тавих”, “дангаарших” гэсэн ойлголт явуургүй. Дан гагц эрх ашигт тулгуурласан харилцаанаас улс орнуудын найрсаг, түншийн харилцаа хавьгүй илүү үнэ цэнэтэйд тооцогдох нь мэдээж, учир юу гэвээс эрх ашигт суурилсан харилцаа бол урт удаан хугацаанд үргэлжилж, баталгаатай байж үл чадна. Үндэснийхээ ашиг сонирхлыг ямагт дээдлэхийн хамт бусад улс, түншийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж байх учиртай. Даяаршлын үед бусдыг хохироох замаар хөгжих боломжгүй юм. Иймд хоршин хөгжиж, хамтран зүтгэж, хамтаар хожиж, хамтдаа ашиг хүртэх явдал чухал болсоор байгаа билээ. Нөхөрлөл, ашиг сонирхол хэмээх хоёр нэр томьёог ялгаж ойлгох шаардлага буй.

 

1990-ээд оны эхнээс Монгол Улсын гадаад бодлогод «гуравдагч хөрш», «гуравдагч хөрш»-ийн бодлогын үзэл санаа буй болж, эдүгээ тухайлсан төрийн бодлого хийгээд онол-практикийн түвшний судалгааны шинэ чиглэл болов. “Гуравдагч хөрш”-ийн бодлогын утга чанар нь нэгд, хөгжингүй, хоёрт, ардчилсан орнуудтай түншлэлийг харилцааг бүх салбарт хөгжүүлэх явдал гэж Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан байдаг. Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлогын эрхэм зорилго нь тус улсад хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах гадаад таатай нөхцлийг хангах, гадаад харилцаанд нээгдэж буй асар их боломжийг дээд зэргээр ашиглах үндсэн дээр үндэсний хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлэх, нийт хүн төрөлхтний хамтын үнэт зүйлсээс хуваалцах, олон улсын тавцанд Монгол Улсын байр суурь, нэр хүндийг бэхжүүлэх явдалд оршино. Монгол Улсад нэгдүгээр хөрш гэж байхгүй, харин хоёр хөрш, «гуравдагч хөрш», бусад улс орнууд гэж буй.

 

Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого нь тус улс үндэсний язгуур эрх ашгийг дээдлэсэн, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт хийгээд олон хэмжээст, нээлттэй, эвсэлд үл нэгдсэн, бие даасан гадаад бодлого явуулж буйн тод илрэл юм.  

 

Монгол Улс өөрийн хүрээлэн буй геополитик, гео-эдийн засгийн орчинд хэрэг дээрээ «гуравдагч хөрш»-тэй болж, түүний эрхзүйн үндсийг баттай тавьжээ. Монгол Улс 1997 онд Японтой «Иж бүрэн түншлэл», 2010 онд «Стратегийн түншлэл», 1999 онд БНСУ-тай «Харилцан нөхсөн хамтын ажиллагаа, хөгжлийн түншлэл», 2006 онд «Сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны түншлэл», 2011 онд «Иж бүрэн түншлэл», 2021 онд «Стратегийн түншлэл», 2004 онд АНУ-тай «Хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, Иж бүрэн түншлэл», 2018 онд  «Хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, Өргөтгөсөн Иж бүрэн түншлэл», 2019 онд «Стратегийн түншлэл», », 2013 онд ЕХ-той «Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр», 2009 онд Энэтхэгтэй «Иж бүрэн түншлэл», 2015 онд «Стратегийн түншлэл», 2004 онд Турк улстай «Иж бүрэн түншлэл»-ийг байгуулж, эдүгээ «Стратегийн түншлэл»-ийн харилцаа тогтооход бэлэн болсон байна.

 

 

Гадаад бодлогын үзэл баримтлалд тухайлан  нэр заагаагүй боловч хөгжингүй, ардчилсан Канад улстай 2004 онд «Өргөн хүрээтэй түншлэл», 2021 онд «Иж бүрэн түншлэлийн төлөөх Замын зураглал», 2007 онд Австралитай «Өргөтгөсөн түншлэл», 2008 онд  ХБНГУ-тай «Иж бүрэн түншлэл», 2011 онд Финландтай «Тэгш эрхтэй түншлэл-ийн харилцааны эрхзүйн баримт бичгүүдийг тус тус байгуулж байв. Хоёр талын хамтын ажиллагааны дунд болон урт хугацааны хөтөлбөр бол стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх  Замын зураглал

юм.

 

Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого нь эвсэл, холбоотны бодлого биш, хоёр хөршийн эсрэг чиглэсэн бодлого ч биш, мөн зөвхөн энхтайван цагийн геополитик гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй.  Идэвхтэй, олон хэмжээст гадаад бодлого бол өөрөө батлан хамгаалах том арга хэрэгсэл болдог. Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого нь үндэсний аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангах бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн.

 

«Гуравдагч хөрш»-ийн бодлогын амжилттай хэрэгжих үндэс нь Монгол Улсын хоёр хөрштэй харилцах харилцаа ба «гуравдагч хөрш»-ын харилцаа, хамтын ажиллагааны зохист тэнцвэр хангагдсан байдал эсвэл хангагдахуйц нөхцөл бүрдсэн байдал гэж хэлж болох юм. Гэхдээ өнөөдөр Монгол Улсад дэлхийн нөлөө бүхий их гүрнүүдийн  эдийн засгийн бодит ашиг сонирхол буй болсон гэж дүгнэхэд эрт байгаа нь мэдээж.  Нөгөө талд Монгол Улсын үндэсний эрх ашгийг хөндөөгүй хоёр хөрш хийгээд “гуравдагч хөрш”-үүдийн хоорондын геополитикийн сөргөлдөөнд Монгол Улс оролцохгүй.  Түүнчлэн их гүрнүүдийн аливаа геополитикийн сөргөлдөөнт хэрэг явдалд Монгол Улс голч, төвч байр суурь илэрхийлж буйг “төвийг сахих олон улсын эрхзүйн статус”-тэй хольж хутгаж үл болмой.

 

Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого нь монголчуудын эртнээс инагш ахуй амьдрал, ажил үйлдээ баримталсаар ирсэн “тулгын гурван чулуу” хэмээх үзэл баримтлал бөгөөд орчин үеийн гурван тулгуурт хөгжлийн онолын баримтлал болно. Өөрөөр хэлбэл «тогоо хоёроос дээш хөлтэй байж гэмээнэ сая бат тогтвортой байдаг» хэмээх монголчуудын уламжлалт зарчим ажгуу.

 

Түүнчлэн «гуравдагч хөрш»-ийн бодлого нь зөөлөн тэнцвэржүүлэх (soft balancing) хийгээд зөөлөн хүчний бодлого бөгөөд онолын баримтлал нь ухаалаг  тэнцвэрын хүчин (power of smart balance)-д суурилсан ашиг сонирхлын тэнцвэр (balance of interests) юм.Олон туйлт дэлхийн шинэ дэг  журам төлөвших чиг хандлага ажиглагдаж буй  шатанд хоёр хөрштэй тэнцвэртэй харьцах, гурвалсан хөршийн хамтын ажиллагаа, «гуравдагч хөрш»-ийн бодлогын хооронд эрх ашгийн тэнцвэрийг зохист түвшинд барих үндсэн дээр ухаалаг  тэнцвэрийн хүчийг олох явдал  Монгол Улсын гадаад бодлого, дипломат ажиллагаанд шинээр тавигдаж буй асуудал гэж хэлж болохоор байна.Нөгөө талд өнөөгийн шатанд  Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хамгийн том сорилт нь хоёр хөрш, “гуравдагч хөрш” гүрнүүдийн хоорондын геополитик, гео-эдийн засгийн сөргөлдөөн болж байна.Монгол Улс дэлхийд хамгийн том газар нутагтай, мөн хамгийн олон хүн амтай цөмийн зэвсэгтэй, өөр өөрийн бие даасан онцлог байр суурьтай хоёр гүрний дунд оршдог, үүгээрээ цорын ганц гэж хэлж болохоор, түүнчлэн далайд гарцгүй, дэлхийн зах зээлээс алслагдмал, хөгжлийн тусламж горилогч, буурай хөгжилтэй орон байсан бол эдүгээ  аварга баавгай, аварга лууны  дунд жороолж буй galloper буюу Азийн шандаст хүлэг улс гэж хэлж болохоор, өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй бүс нутагт орших болж, эрдэс баялаг, түүхий эд, эрчим хүчний үлэмж  нөөцтэй нь тодорхой болсон нь олон улсын анхаарал, их гүрнүүдийн болон үндэстэн дамнасан бизнес бүлэглэлүүдийн геополитик, геоэдийн засгийн ашиг сонирхлыг эрхгүй татаж, энэ нь томоохон шинэ боломж, түүнчлэн томоохон шинэ эрсдлийг дагуулж байгааг анхаарах нь зүй.Монгол Улс  геополитик, гео-эдийн засгийн орчинд далайд гарцгүй ч (land-locked) холболтын байршилтай (land-linked), цөмийн зэвсгээр хүрээлэгдсэн ч (nuclear-locked), нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблей түүнд хоёр жил тутамд үнэлгээ хийж тогтоолын төсөл баталдаг, Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүнээс улс төрийн баталгаа гаргасан, нөгөө талд хоёр их гүрний дунд хашигдсан ч (power-locked)  монгол угсаатнаар хүрээлэгдсэн (mongol ethno-locked) онцлогтой хийгээд хоёр хөрштэйгээ “иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааны эрхзүйн үндсийг баттай тавьж, Зүүн хойд Ази болон Төв Азид газар нутаг, улс төрийн аливаа маргаангүй цорын ганц улс болов. 

 

 

2022 он Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд тод ул мөрийн үлдээсэн он жил болох нь тодорхой байна. 2022 оны гуравдугаар сард Канадын Гадаад хэрэг, олон улсын худалдаа, олон улсын хөгжлийн яамны Хойд Азийн орнуудын асуудал хариуцсан газрын захирал Уэлдон Эпп  Монголд айлчилж, энэ үеэр талууд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ын дагуу өргөжин хөгжиж байгааг харилцан нотлов.

 

 

Энэ оны тавдугаар сарын эхээр Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсад албан ёсны  айлчилал хийж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй яриа хэлэлцээ хийж, төрийн өндөрлөгүүдэд бараалхав. Хэлэлцээний үеэр  Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцож,  Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны 2017-2021 оны хөтөлбөр амжилттай хэрэгжсэнийг  дүгнэж, 2022-2026 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийг хоёр талдаа сайтар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан, бодитой хамтын ажиллагааг тусгасан агуулгатай байгуулахаар тохиролцсан билээ. 50 жилийн ойд зориулан Монгол, Японы найрамдлын нийгэмлэгүүдээс санаачлан зохион байгуулсан “Их хуралдай” симпозиум, Монгол-Японы бизнес форум  амжилттай зохион байгуулагдав.

 

 

Их Британийн Ерөнхий сайдын Монгол дахь Худалдааны элч, парламентын гишүүн Даниел Кочински  2022 оны дөрөвдүгээр сард  Монгол Улсад айлчилж,  худалдаа, хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, байгаль орчин болон бусад асуудлаар ярилцсан бөгөөд Британийн ЭСЯ, ГХЯ, Эдийн засаг, хөгжлийн яам болон МҮХАҮТ хамтран зохион байгуулсан “Монгол-Их Британийн бизнесийн форум”-д оролцов.    

 

 

Монголын Европ дахь экспортын хамгийн том зах зээл Их Британийн “Тарифын хөнгөлөлтийн Өргөтгөсөн шинэ нөхцөл”-д 2021 оны хоёрдугаар сараас Монгол Улс хамрагдаж эхлэв. Учир нь 2020 оны эцэст Их Британи ЕХ-наас de jure гарсан билээ. Тавдугаар сарын дундуур Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн төрийн сайд Амандаа Миллинг Монгол Улсад айлчилж  2023 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг зохион байгуулах талаар санал солилцож, “Монгол, Британийн хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх нь хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцлов.

 

ОХУ-аас эрчим хүчний бүтээгдэхүүн худалдан авч буй Монголын компаниуд олон улсын санхүүгийн хоригт ороод буй Москвагийн Кредит банк, Газпром банк, Сбербанк, Росбанканд Их Британийн банкуудаар дамжуулан төлбөр, тооцоо 2022 оны наймдугаар сарын 15-наас нэг жилийн хугацаатай саадгүй хийх боломжтой болов.

 

Мөн оны тавдугаар сарын сүүлээр ЕХ-ны гишүүн Шведийн Хаант Улсын парламент  Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж, УИХ-ын даргад бараалхаж, Г.Занданшатар бээр  “КОВАКС” хөтөлбөрт үнэтэй хувь нэмэр оруулсан Шведийн Хаант Улсад гүн талархал илэрхийлж, монгол иргэдийн дархлаажуулалтад “КОВАКС” хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэж байв. 2022 оны зургадугаар сард Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлж буй Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау Монгол Улсад айлчилав. Энэ жил Монгол Улс ЕАБХАБ-д гишүүнээр элссэний 10 жилийн ой тохиож байгаа юм. Айлчлалын үеэр Польш улс Монгол Улсад ЭСЯ-аа сэргээн нээхээр шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдсэн юм.

 

Зургадугаар сарын сүүлээр ХБНГУ-ын Зэвсэгт хүчин буюу Бундесверийн дарга генерал Еберхард Зорн Монгол Улсад айлчилж үр бүтээлтэй яриа хэлэлцээ өрнүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхт бараалхав.

 

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ирүүлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баярын мэндчилгээнд: “Дипломат харилцаатай 35 жилийн хугацаанд манай хоёр улсын харилцаа өсөн нэмэгдсээр ирлээ. Манай хоёр ард түмний ойр дотно нөхөрлөлийн хамт ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, хууль дээдлэх ёсны төлөөх бидний хамтын тууштай зүтгэл ирэх он жилүүдэд ч биднийг улам ойртуулах болно. АНУ нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг” гэсэн байв.

 

Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар Стратегийн яриа хэлэлцээ 2022 оны наймдугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Яриа хэлэлцээний үеэр АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн 350 ам. долларын буцалтгүй тусламжийн хүрээнд Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол болж, түүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж.Критенбринк, Мянганы сорилтын корпорацийн Компакт гэрээний үйл ажиллагааны газрын дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Камерон Алфорд нар оролцсон юм. Өөр нэг үр дүн нь Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг хийх Агаарын тээврийн хэлэлцээрийг энэ онд  байгуулахаар тохиролцож, АНУ, Монгол Улсын Засгийн газар хоёр талын ээлжит зөвлөлдөх уулзалтын үр дүнгээр Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан Мэдэгдэл гаргав.

 

 

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жингийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бататгахад чухал ач холбогдолтой болов.  Айлчлалын үр дүнгээс хоёр шинэлэг зүйлийг онцлоход Солонгосын тал газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Газрын ховор элементийн хамтарсан судалгааны Төвийг Монгол Улсад байгуулахад БНСУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламж олгохоор болов. Нөгөө нь “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” санаачилгыг БНСУ дэмжиж, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” III  шатны төслийн хүрээнд нийт 45 га талбайд мод тарих ажлыг өргөжүүлэхээр болов.

 

 

Монгол Улс зөв шугам дээр зогсож байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн айлчилал харуулсан билээ. “Гуравдагч хөрш”-үүдээс хийсэн дээрх айлчлалууд нь Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг амжилтад хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсоор байгааг тэмдэглэх хэрэгтэй. Эцэст нь, чухалчлан тэмдэглэх зүйл бол урьд өмнө тохиож байгаагүй томоохон сорилтуудын үед ерөнхийлөгчийн институци, хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал гадаад харилцааны асуудалд нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалсан бодлого, үйл ажиллагаа явуулж буй нь нэн сайшаалтай болно.

 

 

 

ХИС-ийн доктор.профессор Д.Уламбаяр