Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийг өнгөрсөн долоо хоногт шүүхийн шийдвэрээр суллажээ.

Прокуророос үргэлжлүүлэн хорих саналыг ирүүлсэн ч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дээрх шийдвэр гаргасан байна.

АТГ-аас Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг өнгөрсөн нэгдүгээр сард саатуулан шалгасан байдаг. Ингэхдээ Н.Тавинбэх нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын "Эксим" банкны эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2,6 сая ам.доллараар нэмж, Монголын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгаж, саатуулсан.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монголын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогдсон хэмээн АТГ-аас мэдээлсэн.