Амьдрах дургүй хэн байхав гээд Орос "дүү" нар Монгол руу "аялж" эхэллээ. Сүхбаатарын талбай бараг л Улаан талбай болчихсон юмуу даа.

Зарим нь Улаанбаатар "хулмастчихлаа" гэх нь холгүй ярвайна. Тэртэй тэргүй "сармис", "кимчи" болсон нийслэл шүү дээ. Хөршүүдээ хэлэлтгүй бид ч "шиврээсээ" салаагүй л байгаа л даа. Манайд жилдээ дунджаар 100 мянга орчим хойд хөршийн жуулчид ирдэг юм байна. Путины дайчилгаа эхэлснээр манайд сүртэй ч их хүн "жуулчилж" ирээгүй л юм байна лээ л дээ. Энэ тооны 10% хүрэхтэй, үгүйтэй.

 

Хойд хөршийн энэ удаагийн "жуулчид" маань хахир өвлийг тосч иржээ. Тэд говь, тал гэхээсээ илүү Улаанбаатарын гудамжийг "метрлэх" дуртай бололтой. Хөвсгөл далай, цаатан сонирхсонгүй охид, хүүхнүүдийг илүү сонирхож яваа бололтой. Цонжин болдогоос Тэрэлжийн гэрүүдийг дээр гэж үзэж байгаа бололтой. Музейд орсноос бааранд орсон нь дээр гэдэг бололтой. Зарим нь бүр "аялангаа" ажилласан нь илүү гоё гэж байгаа бололтой. Зарим нь аль уже "шоронгоор аялах" болзлоо хангасан бололтой. Аялж яваа улс чинь баар саванд орж ууж идэлгүй л яахав. Бид ч гэсэн гадагшаа явахаараа гахай, нохой...за тэр ч яахав.

 

Охид, бүсгүйчүүдийг нь...энэ ч бас яахав. Энэ намрын жуулчид их л интересные туристууд бололтой. 

 

Эдгээр зочидыг гэрийн эзэд янз бүрээр л хүлээж авч байна. Орос эх орноосоо урвагчид, дайнаас зугатаагсад, "ах нар", хямд ажиллах хүч, рүүбэл, "алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий" и жуулчид.  Аль нь ч байсан тэд бол 30 хоногтоо л бидний зочид. Алив дээшээ, алив дээшээ. Цай уу, хоол ид. Давай, сто грамм тат. Юу байна түүгээрээ дайлнаа. Алсын хараатай бидэнд 400 милоон турист хэрэгтэй. Далайд дусал нэмэр.

 

Орос хүн Монгол хүний нүдэнд водка шиг харагдана. Энд тэнд таархаараа шууд "100" авч өгөх гэж дайрна. Далимд нь тархиныхаа хаа нэгтээгээс тоосонд дарагдсан Орос хэлээ гаргаж ирээд гөвж байгаад ээрч муурч гарна. Орос "ахтайгаа" таараад сэтгэл нь хөдөлсөн согтуу Монгол дүүгийнхээ амнаас доголон русскы языкаа сонсож залхсан "орос уба" энд ирснээс Украйн ч явдаг байж уу гэж бодно. 

 

Арбатын гудамжинд явж байхад чинь хэн нэгэн "Хүүк нахуй" гэвэл ямар сонсогдох вэ? За тэр маань ч тэгж хэлүүлэх гавьяатай бас нүгэлтэй ч хүн биш дээ. Хөөрхий тэр орос "жуулчныг" удирдагчаар нь баалж яахнав. Путин, путлер бла бла бла... Тэгж яривал тэртээх зууны Бат хааны богатыруудын яс өндийж, сүнс сөхөгдөнө... Гуя дагуулж хүзүү гэгчээр тог цахилгаан, тос шатахуун зарим төсөл дээр "салаавч" өгдөг ч гэсэн тэд бидний алтан хөрш шүү дээ. Тэгээд ч оросын ард түмэн биш удирдагч нь л өгдөг болохоос. Тэд бидэнтэй л адил амьдрах гэж яваа народ шүү дээ. 

 

Ирсэн гийчин буцаж орсон бороо арилдаг. Эх орон нь тэднийг яаж угтах бол. Нэр устайгаа гааль дээр нь тэмдэглээтэй байгаа шүү дээ. Буцаад очиход нь хөршүүдээс нь эхлээд хялалзах хүн бишгүй гарах биз. Хэд хоног ч гэсэн эрх чөлөөт, Ардчилсан улсад алхаж байгаад хариг. Энэ далимд шинэ Монголчууд шинэ Оросуудтай бааранд, пабад, гудамжинд, хаа ч яадаг юм ууж идээд, уушиг зүрхээ нээлцээд аваг, танилцаад аваг. Ах, дүүс мөн үү, биш үү, анд нөхөд үү "атаатан дайснууд" уу гэдгээ мэдэг. Бидний хооронд цус ч юмуу, ган ч юмуу ямар нэгэн гагнаас байна уу, үгүй юу хараад аваг. Зүгээр л хөрш амьдардаг улс орны иргэд үү, үгүй юу гэдгээ ялгаж салгаг. Всё...

 

 

Ч.Явуухүү