Жам ёсны өгөгдлөөрөө бол аливаа юмс, үзэгдэл, хэлбэрүүд нь хий хоосон данхайх аваас тухайн зүйлийг дотоод талаас нь задлана гэсэн зарчим, учир бий. Данхар төрийг задлая.

Төрийг дотоод талаас нь задлах буюу төрийг хий хоосон данхайлгасан хэрэггүй хог, илүүц хүмүүсээс нь салгах үйл явц явагдана гэсэн үг. Дотоод талаас нь эмхлэн цэгцлэх замаар төрийг бүтээж буй нэг үйл ажиллагаа юм энэ.

 

Нийгэм шилжиж, дарга төвтэй,  коммунист онол, үзэл суртал, захиргаадсан арга барилд суурилсан социалист төр халагдаж, орчин үеийн, ардчилсан, эрх зүйт төрийн тогтолцоо шинээр мэндлэв. Зүй тогтол, зарчим ёсоор бол энэ тогтолцоо жилээс жилд улам бүр боловсронгуй болж, мөн чанараа олж, орчин үеийн, ардчилсан, эрх зүйт төр болон төлөвших учиртай байлаа. Энэ үйл явц гучин жил явагдсангүй.

 

Бодит байдалд эсрэг үйл явц өрнөж, өнөөдөр энэ тогтолцоо цаг үеэсээ хоцрогдсон, иргэдийн  уур уцаарыг барсан газар болж. Төрийн байгууллагууд шат шатандаа авилгалд идэгдсэн, ажил албаны хоорондох уялдаа холбоо алдагдсан, ажилтан, албан хаагчид нь чадамжгүй чадваргүй, сэтгэлгүй, хүнд сурталд идэгдсэн, төр данхайсан, халамж хавтгайрсан ер нь бол тоочивч дуусашгүй асуудал хуримтлагджээ. Хэлбэр гэдэг агуулгаа гадагш тусгадаг зарчимтай.Төрийн энэхүү хаос эмх замбараагүй байдал нь, бугшсан асуудлууд нь, буруу бусармаг явдлууд нь гажуудал гэх дотоод үйл явцыг, тухайлбал, нүсэр том, данхар байдал гэгч төрийн бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчний бодлогыг, төрийн албаны завхрал ялзрал болохоор төрийн албаны чиг үүрэг, дотоод үйл ажиллагааг, хавтгайрсан халамж харин халамжийн бодлого, үйл ажиллагаа гажуудсан гэсэн дотоод үйл явцыг гадагш тусган харуулж буй мэдээлэл болно. Төрд тулгарсан асуудлууд дамаа бас төр гажуудаж, дампуурч, сүйдэж сүйрч буйн мэдээллүүд юмсанж. Хоёр зуу мянга орчим төрийн албан хаагч, ажилтан, хэдэн мянга дарга, дэд сайд, хэлтсийн дарга бүхий энэ тогтолцоог ард иргэд хэт нүсэр, хэт данхар бас хэт үрэлгэн гэж шүүмжилж, хариуцлагатай, ёс зүйтэй, цомхон, чадварлаг албан хаагчидтай болгож өөрчлөх саналтай байна.

 

Харин төрийн албан тушаалтан “Дараах явдал төрийг данхар харагдуулаад байна. Төрийн данхар байдлын үндсэн өсөлт бол сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийн ажилчдын дунд явж байна. Сүүлийн жилүүдэд улс орон даяар хэдэн зуун сургууль, цэцэрлэг, соёлын төв шинээр баригдсан. Үүнтэй уялдаж  төрийн үйлчилгээний албан хаагчдын орон тоог нэмэхээс өөр аргагүйд хүрдэг. Ингэж өсөөд байгаа шүү. Орон тооны өсөлт төрийг данхар харагдуулаад байна”  гэсэн тайлбар өгчээ.

 

Энэ тайлбараас  төр данхар болоогүй, зөвхөн үйлчилгээний албан хаагчдын орон тоо л нэмэгдсэн гэсэн ойлголт авав. Ер нь бол төр данхайх гэдэг ямар учиртай үйл явц болох, төрийг данхайхад хүргэдэг нөхцөл шалтгаан, дагалдсан үр дагавар түүнтэй холбоотой тогтсон ойлголт, зөв мэдээлэл ард иргэдэд ч, албан тушаалтанд ч алга. Энэ явдал төрд тулгарсан асуудлыг нийт олноороо шийдэхэд, нэгдмэл нэг гарц шийдэлд хүрэхэд  саад бэрхшээл учруулах болно. Зүй нь бол төрд тулгарсан асуудлын тухайд төр хийгээд ард түмэн нэгдмэл нэг санаа бодол, нэг ойлголт, мэдээлэлтэй байх учиртай билээ.  Энэхүү зарчим, учирт уялдуулж,  данхар төрийн тухай мэдээлэл, ойлголтоо нэгтгэе, энэ асуудлыг  шийдье.  Дээрх тайлбарт сэтгэл ханаж, энэ асуудлыг орхимоор байвч ертөнц оршихуйн суурь зүй тогтол  энэхүү тайлбарыг үгүйсгэж байна. Тэгэхээр төр данхайх гэдэг ямар зүй тогтол, учир бүхий үйл явц, үзэгдэл вэ? Хариулт нь энэ. Ертөнц оршихуйд утгагүй хоосон, хий дэмий, элий балай зүйлс л сүртэй сүржин хэлбэр, дүрс, байдал, үзэгдлийг үүсгэж, бий болгодог зүй тогтолтой билээ. Утга санааг нь амьдралд буулгавал, хэт данхайсан, сүртэй сүржин зүйлс, хэлбэр, үзэгдэл гэдэг үнэн хэрэгтээ бол амьдрал ахуйд огтхон ч хэрэггүй хий дэмий зүйл, хог новш  гэсэн санаа юм. Энэхүү суурь зүй тогтлын  амьдрал дээрх нэг хэлбэржил нь данхар төр юмсанж. Зүй тогтол ёсоор харвал, нэгд, хэрэгцээ шаардлагагүй, хий дэмий зүйлс, хог новш төрд их хэмжээгээр цугларч, хоёрт, тэдгээр хог новш төрийг хий хоосон данхайлгажээ гэсэн учир шалтгаан тодорч байна.  Төрд төрөл бүрээрээ оршиж буй хогийг ялгаж тогтоох тун амархан.

 

Төрийн албанд хуримтлагдсан  хий дэмий зүйлс,  хэрэггүй хог юу вэ? 

 

Хоёр зуу мянга гаруй төрийн албан хаагчидтай төрд илүүц гэсэн тодотголтой нэг хэсэг, бүлэг хүмүүс шинээр бий болж. Энэ хэсэг бол элдэв эсэн хүмүүсийн цуглуулга бөгөөд намчид, шимэгчид, шахааныхан, сонгуульд ялсан намын  гишүүд, дэмжигчид, хэн нэгэн сайд, даргын хамаатан садан, найз нөхөд мөн даргын цүнх баригчид, долоогчид хэмээн нэрлэгсэд бүрдүүлжээ. Мэргэжлийн бус  тэд ажил албаныхаа чиг үүргийг мэдэхгүй, утга учрыг ойлгоогүй,  ёс зүй, хариуцлагын тухай ойлголтгүй тэд зүгээр л цаг нөхцөөгчид, сул цалин хүртэгсэд болно. Зүй нь бол төр дэх ажил алба, албан тушаал гэдэг төрийн үндсэн чиг үүрэг, мөн чанар, зорилго зорилт, боловсон хүчний бодлогод үндэслэдэг. Харин илүүц хүмүүсийг дээрхийн эсрэг хий хоосноос бий болгожээ. Хэлбэр, харагдах байдлын хувьд адилхан л төрийн албан хаагч харагдавч нэг нь албан хаагч мөн харин нөгөөх нь илүүц нэгэн, дарга даамал, албан тушаалтан харагдавч нэг нь төрд хэрэгтэй албан тушаалтан, нөгөөх нь хэрэггүй хүн, илүүц нэгэн. Хэрэгтэй ба хэрэггүй гэдгээрээ ер нь бол олон зүйлээрээ тэд хоорондоо дэндүү их ялгаатай.

 

Сайд, дарга нарын дунд эхнэр хүүхэд, ах дүү, амраг садан, найз нөхөд, өөрийн хүнээ аль нэг яам, агентлаг, хэлтэс, албан  байгууллагад шахаж, орлогч, хэлтсийн даргаар томилуулах явдал түгээмэл. Мөн эрх барьж буй нам гишүүд дэмжигчиддээ шагнал урамшууллын зорилгоор албан тушаал, орон тоо шинээр бий болгодог. Энэ үйл явц бол төрд үндэслэлгүй  хоосноос илүүц хүмүүсийг бий болгож буй хэрэг.

 

Тасралтгүй явагддаг үйл явц байх шүү энэ бол.  Хэн нэгэнд, хэсэг бүлэгт зориулан зохиомлоор бий болгосон, шагнал урамшууллын зорилготой, хэн нэгний хувьч эрх ашиг, хэсэг бүлгийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн, ах дүү, найз нөхдийн татаас, эрх баригч нам гишүүд дэмжигчиддээ зориулж бий болгосон ажил алба, албан тушаал, орон тоо бол үндэслэлгүй хоосноос бий болгосон ажил алба, орон тоо гэж үзнэ. Дээрх тохиолдлууд хэлбэр талаасаа албан тушаал, албан хаагч, орон тоо харагдавч, агуулга, чиг үүрэг талаасаа төрийн албанд чиг үүрэггүй, хэрэгцээ шаардлагагүй, хий дэмий, сул илүүц хүмүүс, төрд үүрлэсэн  нэг төрлийн хэрэггүй хогонд тооцно. Энд дурьдагдаагүй өөр бусад тохиолдлууд бас бий. Илүүц хүмүүс ганц нэгээс эхлээд хэд гурваараа төрийн байгууллага бүрд байна. Зарим газарт пиг чихээстэй байдаг гэнэ. Төр данхайна гэдэг төрийн албан хаагчдын орон тооны өсөлт биш, эсрэгээр төрд хий дэмий зүйлс, хэрэггүй хог бий болох, нэн ихсэх, улмаар хуримтлагдах үйл явц болно.

 

Учир зүйн хувьд энэ үйл явцыг задлавал ийм. Төрийн албанд хамаатан садан, найз нөхдөө томилохын цаана төрийн мэргэшсэн ажилчин, албан хаагчид эрс үгүйсгэгдэж байна, нэмээд тэдний мэргэжил боловсрол, чадвар, чадавхи, мэргэшсэн байдал, ёс зүй, ёс суртахуун эрс үгүйсгэгдэж байна. Энэ эрс үгүйсгэл албан хаагчид, тэдний мэргэжил боловсролыг төрд огтхон ч хэрэггүй зүйл мэт мөн бас төрд тэдний хэрэгцээ юу ч байхгүй мэт оргүй үгүйсгэлээ гэсэн үг.

 

Уул нь бол төрд хамгийн хэрэгтэй хүмүүс атал огтын  хэрэггүй хүмүүс мэт үгүйсгэгджээ. Гэтэл нөгөө талд үүний эсрэг үйл явц өрнөж байна. Эсрэгээр даргад долигногч, цүнх баригч, тойрон хүрээлэгч, шимэгч, хэн нэгний хамаатан садан, хариуцлага, ёс зүй, мэргэжил боловсрол бүх талаараа төрийн албанд тэнцэхгүй, төрд огт хэрэггүй атал төрд амин чухал хэрэгтэй хүмүүс үнэд орж, өндөрт үнэлэгджээ. Төрд огтын хэрэггүй зүйлс нь, илүүц хүмүүс нь хамгийн хэрэгтэй хүмүүс юм шиг үнэлэгджээ. 

 

Албан хаагчид хийгээд илүүц хүмүүс,  хэрэгтэй ба хэрэггүй зүйлсийн байр нь, үнэлэмж нь урвуу болж солигджээ.  Үнэ цэнэт зүйлс үгүйсгэгдэж, үнэ цэнэгүй зүйлс өндөрт гарч байна. Урвуу үйл явц явагдаж, үнэхээр утгагүй, гаж этгээд энэ нөхцөл байдал  тогтож байна, төрд. Энэ бол гажуудал. Төрийг дэндүү гажуудуулж байна.

 

Зүй нь эсрэг байх ёстой билээ. Төрд мэргэжлийн албан хаагчид нь үнэ цэнэтэй, харин зүй бусын илүүц хүмүүс үл үнэлэгдэж, тэдэнд төр хаалттай байх ёстой билээ. Энэ үйл явц бол  төрийн мөн чанар, үндсэн чиг үүрэг, зорилго зорилт хийгээд төрийн албаны бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчний бодлогыг гажуудуулж, үнэ цэнийг унагаж, үнэгүйдүүлж, хог болгож буй хэрэг. Энэ үйл явцыг гажуудуулах замаар төрийг дотоод талаас нь сүйрүүлж сүйтгэж буй явдал хэмээн харна.

 

Төрийг хий хоосон данхайлгагчид, гажааж гажуудуулагчид нь хэн бэ? Асуудал гэдэг гадаад хийгээд дотоод нөхцөл, эх үүсвэрээс үүсч, бий болдог жамтай.  Дотоод эх үүсвэр нь  төрд данстай хүмүүс буюу төрийн албан хаагчид, сайд, дарга нар юм. Тэд төрд алба хашихын зэрэгцээ хамаатан садан, танил талаа төрийн албанд шургуулж, төрд илүүц хүмүүсийг бий болгох замаар төрийг хий хоосон данхайлгаж, төрийн албыг гажуудуулж, дотоод үйл ажиллагааг нь сүйтгэж байна.  Гадаад эх үүсвэр нь эрх баригч нам хийгээд хөндлөнгөөс нөлөөлдөг эрх мэдэлтнүүд.  Төрд хөндлөнгөөс нөлөөлж, өөрийн эрх ашиг, хүсэл сонирхлыг тулгадаг явдал дэндсэн, ийн нөлөөлж, дур зоргоороо аашилдаг албан тушаалтан үй олон байна.  Сонгуульд ялж, төрийн эрх барих эрхтэй болсон МАН намын гишүүд дэмжигчдээ ажлын байраар хангадаг байдал, албан тушаал зарж худалддаг байдал, илүүц орон тоог зохиомлоор бий болгодог. Хөндлөнгөөс нөлөөлж, төрийг гажуудуулж буй үйл явц юм энэ. Төр гэдэг нийтэд үйлчлэгч байгууллага бус нэг хэсэгт, хэсэг бүлэгт үйлчилдэг, тэдний эрх ашиг, хүсэл сонирхлыг хангагч болж хувирсан байна. Энэ бол төрийн үндсэн үүрэг, мөн чанар, зорилго зорилт гажуудсаны шинж, мөнхүү төр мөн чанар, утгаа алдаж, зөвхөн хэлбэрийн төдийд орших болсоны илрэл юм.  

 

Албан хаагчид нь, эрх мэдэлтэн, албан тушаалтнууд нь төрийн албанд хувийн эрх ашгаар хандаад буйгаас төрийг гажуудуулах замаар сүйтгээд байна. Дараах шалтгаантай. Гучин жилийн өмнө шинэчлэн зохион байгуулсан төрийнхөө мөн чанар, үүрэг, утга учрыг бид ухаарч ойлгож амжилгүй өдийг хүрэв.  Төрийг дахин нэг удаа шинэчлэн зохион байгуулсан боловч төрийн тухай мэдлэг, ойлголт шинэчлэгдээгүй хэвээрээ. Орчин үеийн, эрх зүйт, ардчилсан төрийг эмхлэн цэгцэлдэг, бүтээдэг ардчилсан зарчмууд нь, үнэт зүйлс нь энэ тухай ойлголт ухагдахуун бидний оюун санааны ертөнцөд бүрэлдээгүй. Энэ шалтгаанаар бид төрийн ажил албанд хувийн эрх ашгаар ханддаг, дур зоргоороо ханддаг.  Бидний бүх зүйлийг гажуудуулдагийн цаад шалтгаан энэ. Хэн төрд хувийн эрх ашгаар хандаж байна, тэр ажил албаныхаа мөн чанар, үндсэн үүрэг, хэм хэмжээ, утга учрыг ойлгодоггүй нэгэн гэсэн үг.

 

Улс орноо хөгжүүлнэ, ажлын байр бий болгоно, ядуурлыг арилгах байх гэж итгэж найдаж, хүлээсэн ард иргэд төрийг  ажлаа хийхийг шаардаж, жагсаал цуглаан зохион байгуулсан нь саяхан. Гэвч бодитой харвал, энэ бүхэн боломжгүй. Төр хий хоосон данхайж, төрийн алба, дотоод үйл ажиллагаа нь гажиж гажуудаад, сүйдэж сүйрчихсэн байна. Гажуудсан эн төрд улс орноо хөгжүүлэх, ажлаа хийх,  ядуурлыг арилгах хэмжээний чадвар, боломж, чадамж байхгүй.

 

Тулгарсан асуудлуудаа ч төр шийдэж чадахгүй гэдэг нь бодит байдал, гашуун үнэн. Тэгэхээр иргэд бид хий хоосон зүйлд итгэж найдаж байна, биелэх боломжгүй зүйлийг төрөөс шаардаад байна. Чадамжгүй, чадваргүй төрөөс эдгээр зүйлийг хүлээх нь эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрэхтэй ижил хий хоосон зүйл. Хий дэмий хүлээлт юм энэ. Жам ёсны өгөгдлөөрөө бол аливаа юмс, үзэгдэл, хэлбэрүүд нь хий хоосон данхайх аваас тухайн зүйлийг дотоод талаас нь задлана гэсэн зарчим, учир бий.   Данхар төрийг задлая. Төрийг дотоод талаас нь задлах буюу төрийг хий хоосон данхайлгасан хэрэггүй хог, илүүц хүмүүсээс нь салгах үйл явц явагдана гэсэн үг. Дотоод талаас нь эмхлэн цэгцлэх замаар төрийг бүтээж буй нэг үйл ажиллагаа юм энэ. Төр гэдэг ард түмэн хийгээд төрийн албан хаагчдын хамтын оролцоо, хувь нэмэр, хичээл зүтгэлийн үр дүнд эмхлэгдэн цэгцлэгддэг зүйл билээ. Ардчилсан зарчмууд төлөвшин тогтсон улс орнуудад энэ зарчим хэрэгждэг. Төрд хяналт тавих, төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоо, хувь нэмрээ оруулах явдал манай иргэдийн хувьд нэн дутмаг. Төрд иргэдийн хяналт дутаж байна. Энэ дутмагшлын уршгаар төрийн албанд хувийн эрх ашгаар хандаж, дураараа дургих явдал төрийн үзэгдэл газар авсан. Ер нь бол хяналтгүй газар дураараа дургих үзэгдэл, буруу бусармаг явдал цэцэглэдэг жамтай шүү дээ. Дараах хандлагыг хэвшүүлэн тогтооё. Төрөөс хэзээ ч биелэхгүй зүйлийг шаардаад суух бус иргэд бид өөрсдөө бодитой оролцож, хувь нэмрээ оруулдаг больё. Төр данхайсан эсэхэд хяналт тавьж байя. Илүүц хүмүүсээ түүж хаяж, цэвэрлэхийг төрөөс шаардая. Ер нь хойшид ч гэсэн төрийг хий хоосон данхайлгах ямарваа оролдлогыг иргэд бид санал нэгдэн, нэгдмэл байдлаар эсэргүүцэх учиртай, данхайхаас сэргийлж, хяналт тавих ёстой юм. Иргэд бидний төрийн өмнө хүлээсэн үүргүүдийн нэг юм энэ.  Энэ хандлага хэвшин тогтох аваас төрийн данхайхаас сэргийлж бүрэн чадна.

 

 

(ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ)

 

Ч.ТУЯА