ОУХМ Э.Даваахүү, Ц.Мөнхзул нар ДАШТ-н МӨНГӨН медаль хүртлээ
2022/10/25
Египетийн нийслэл Кайр хотноо Буудлагын Дэлхийн аварга шалгaруулах тэмцээн 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй тамирчдаас өчигдөр буюу 10 дугаар сарын 24-ний өдөр сонгомол гар бууны 50 метрийн дасгалын холимог багийн төрөлд эх орноо төлөөлөн оролцож байгаа ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ц.Мөнхзул нар Дэлхийн аваргын “Мөнгөн” медаль хүртлээ.
Сонгомол гар бууны холимог багийн төрөлд нийт 12 баг өрсөлдсөнөөс 539 оноо авч манай улсын баг 2 дугаарт байр буюу “Мөнгөн” медаль хүртсэн байна. Манай улсын хувьд сонгомол гар бууны буудлагын төрөлд эрэгтэй тамирчдаас дэлхийн аваргаас медаль авч байгаагүй бол ОУХМ Э.Даваахүү энэ удаад Дэлхийн аваргын “Мөнгөн” медалийг авч монголын буудлага спортын эрэгтэй гар бууны тамирчдын түүхэнд шинэ хуудсыг нээж чадлаа.
ОУХМ Э.Даваахүүгийн хувьд 2008 оноос хойш буудлагын спортоор тасралтгүй 14 жил хичээллэж байгаа манай улсын үндэсний шигшээ багийн шилдэг тамирчдын нэг бөгөөд эх орноо төлөөлөн олимп, дэлхийн аварга зэрэг тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан туршлагатай тамирчин юм.
ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ц.Мөнхзул нарын дэлхийн аваргаас хүртсэн “Мөнгөн” медаль нь манай улсын Буудлагын дэлхийн аваргаас авч байгаа 5 дахь медаль юм. Өмнө нь 1998 онд МУГТ Д.Мөнхбаяр алтан медаль хүртэж байсан 2006 онд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа хүрэл медаль хүртэж байжээ.
Харин багийн төрөлд 1998 оны ДАШТ-ээс Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Д.Оюун гэсэн бүрэлдэхүүнтэй баг хүрэл медаль, 2014 онд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар багаараа мөнгөн медаль хүртсэн байжээ.