Коронавирусийн халдварын тархалтын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа өглөө. 

2022 оны 48 дугаар долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 4-ний хооронд 933 коронавируст халдвар шинээр бүртгэгджээ.Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад  хоёр дахин буурсан үзүүлэлт аж. Мөн коронавирусийн халдварын шалтгаантай нэг нас баралт бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт нас баралт 2,315 болсныг тэрбээр хэллээ. 

Үргэлжлүүлэн "Коронавируст халдварын хувилбарын тандалтын хувьд гэвэл Монгол Улсад омикроны гурав дахь давлагаа буурч байна. Аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 21-ний хооронд хийгдсэн хувилбарын тандалтын шинжилгээнд орсон сорьцуудын 69%-д Омикроны BQ1.2 гэсэн хувилбар дэд хэв шинжээр үүсгэгдсэн. Энэ нь өвчлөлийн хувьд омикроны бусад хувилбартай адил хөнгөн явцтай хэдий ч тохиолдлын тоо нэмэгдэхэд хүндэрч байгаа хүний тоо нэмэгдэнэ гэсэн үг" гэлээ.