COVID-19 халдвар хяналтад байгаа ч томуу, томуу төст өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байна гэдгийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Тэрбээр “2022 оны 51 дүгээр долоо хоногт коронавирусийн 221 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 95-аар буурсан үзүүлэлт.

Мөн PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь 1.4 хувь болж буурсан байна. Өөрөөр хэлбэл, COVID-19 халдварын нөхцөл байдал харьцангуй хяналтад байгаа бөгөөд тохиолдлын тоо буурч байгаа нь тоон үзүүлэлтээс харагдаж байна.

Үүсгэгчийн хувьд, 10, 11 дүгээр сард тодорхойлогдсон BQ1.2 гэх хувилбар 75-80 хувийг эзэлж байгаа бол үлдсэн хувийн BA.5 хувилбар эзэлж байгаа.

Харин томуу, томуу төст өвчлөл улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн буюу улбар шар түвшинд байна.

Томуу, томуу төст өвчин 15 хүртэлх насны хүүхдүүдэд 80 хувьтай, үүний хүнд хэлбэл буюу амьсгалын замын цочмог хүнд халдвар хамгийн өндөр буюу 92 хувьтай тодорхойлогдож байна.

Аймгуудаар авч үзвэл, томуу, томуу төст өвчлөл нэг аймагт улирал хоорондын буюу ногоон түвшинд, 13 аймагт идэвхжлийн буюу шар түвшинд байгаа, зургаан аймагт алаг цоог буюу улбар шар түвшинд байгаа" гэлээ.

Мөн сүүлийн хоёр долоо хоногт томуу, томуу төст өвчлөлийг үүсгэдэг хэд хэдэн вирус тодорхойлогджээ.

Тухайлбал, нийт сорьцын зургаан хувьд нь А хүрээний H1N1, H3N2 вирус, дөрвөн хувьд нь В хүрээний Викториа гэдэг вирус тодорхойлогдсон гэдгийг нэмж хэллээ. Үлдсэн хувьд томуу төст өвчний үүсгэдэг зургаан төрлийн вирус тодорхойлогдож байгаа аж.

Түүнчлэн томуугийн вакцинжуулалтын хувь улс орон даяар 81.2 хувьтай явж байна.

ВИДЕО: