Т.Доржханд: Нүүрсний хулгай, Хөгжлийн Банкны асуудалд хариуцлага тооцохгүй, мартуулах гээд байна
2023/02/02
“Хамтдаа өөрчилье” аяны талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хэдэн өвөө нар Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. ХҮН намын зүгээс авлига, хулгайг өөрчлөхийг хүсэж байна. Бодит орлогыг өсгөж, Монголд амьдрах боломжийг л бий болгохыг хүсэж байгаа юм.
Иймд "Хамтдаа өөрчилье" гэдэг аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. УИХ-ын гишүүд тойрогт ажиллаж байна гэдэг нэрийдлээр бэлэг тарааж байна. Харин ХҮН нам иргэддээ бэлэг биш мэдээлэл түгээе гэж байгаа. Иргэддээ мэдээлэл түгээгээд ижил ойлголтод хүрээд энэхүү өөрчлөлтийг хийх үү үгүй юу гэдгээ шийдье. Тэгэхгүй бол зарим хэсэг нь Үндсэн хуулийг тэр чигээр нь өөрчилж, хоёр танхимтай болох талаар ярьж байна. Харин зарим нь Үндсэн хуулиа өөрчлөхгүй гэдэг байдлаар хандаж байгаа.
УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч байсан хүмүүс болохгүй байна. Өөрсдөдөө эрх мэдэл олох замаар Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл бид хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс "Хамтдаа өөрчилье" аян өнөөдрөөс эхэлж, хотын есөн дүүрэг, 21 аймагт өрнөх юм.
Миний хувьд автобус, вагоноор зорчиж, сонин тарааж, гудамжаар явна. Бид адил мэдээлэлтэй байхгүй бол мэдээллийн зөрүүгээс болоод тогтолцоо буруу тийшээ явчих гээд байна. Иргэдийн дийлэнх нь ямар ч мэдээлэлгүйгээр шийдвэр гаргаж болохгүй. Нэг жилийн өмнө өөрчлөлт хийхийг шаардаж, үгүй бол тарахыг уриалж байсан. Гэтэл өөрчилж чадахгүй байна.
Монгол Улсад нүүрсний хулгай гээд түүхэнд байгаагүй хулгай гарч ирсэн. 40 их наяд төгрөгийн тооцоог бид гаргаж, нийтэд мэдээлсэн. Хөгжлийн Банкны хоёр их наяд төгрөгийн асуудал бий. Дээр нь койны залилан. Цаашид олон асуудал гарна. Нийгэм мартах гээд, мартуулах гээд байна. Хариуцлага тооцохгүй байна.
Хуулийн байгууллагууд хариуцлага хүлээлгэх ажлаа удаашруулаад байгаа. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол цаашид хулгай нүүрлэсэн хэвээрээ л байна. Өнөөгийн тогтолцоогоор бол өнөө л нэг хулгайчид нь гарч ирдэг, бэлэг, улс боов тарааж, тойргоо усалдаг хүмүүс улс төрд гарч байна. Ийм л байвал бидний 30 жилийн зовлон арилахгүй.
Эр зоригтой байж, мэдээлэлтэй болж байгаад өөрчлөлтийг өөрсдөө хийцгээе. Аяны хүрээнд Үндсэн хуультай холбоотой мэдээллийг багтаасан дөрвөн хуудас сонин тараах юм" гэсэн юм.
"Бидэнд хөгжил, эдийн засгийн зөв бодлого хэрэгтэй"
Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухайд "Энэхүү өөрчлөлтийг хийх хууль эрх зүйн орчин өнөөдөр байхгүй. Язгууртнуудын ашигладаг дээд, доод танхимын хэлбэрийг бид хүлээж авч болохгүй. Тэр танхимдаа хуучин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан дарга нар квотоор орж ирнэ гэвэл эрс эсэргүүцэж байна. Бидэнд хөгжил, эдийн засгийн зөв бодлого хэрэгтэй. Ийм бодлого байхгүй байгаагаас хулгай гарч байгаа.
Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд мэдээлэл авч буй 1,500 хүн, цаана нь хүлээж байгаа бүх иргэддээ мэдээлэл хүргэе" гэв.
Койнтой холбоотой асуудлаар "Зарим хүмүүс мэдлэггүйгээс болоод залилуулчихлаа гэж байна. Харин зарим нь зальтай хүмүүс мөнгө аваад явчихлаа гэж ярьж байгаа. Аль алинд нь асуудал байгаа юм. Гэхдээ хамгийн үндсэн асуудал нь койн гаргаж байхад ам.долларын ханш огцом унасан.
Үүнээс үүдэн олон хөдөлгөөн өрнөсөн. Зарим нь койн руу мөнгөө оруулж, алга болгосон. Энэ бол бодлогын алдаа, суурь асуудал. Суурь асуудлыг цэгцлэхгүй бол хулгай зөндөө гарч, луйвар өснө" хэмээв.